Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

ХХ зууны хамгийн үзэсгэлэнт бүсгүй Грейс Келли

Мэдээ

ХХ зууны хамгийн үзэсгэлэнт бүсгүй Грейс Келли

Зөвхөн хөөрхөн царай, гуалиг биеэрээ ч биш энэрэнгүй нинжин сэтгэл, хэзээд өөрийнхөөрөө байдаг нөхөрсөг даруу зан ааль, загварын тод мэдрэмжээрээ тэрээр төгс гоо үзэсгэлэнг бүтээж чадсан юм. Монакогийн угсаа залгамжлах гүнж болохоосоо өмнө тавхан жил Холливүүдэд үзэгдээд өнгөрсөн ч дуурсагдах дурсамж ихтэй Грейс Келли. Ийм богино хугацаанд жүжигчний ажил хийхдээ муу уран бүтээл нэгээхэн ч гаргаж байсангүй. Тийм ч учраас бүх цаг үеийн “Төгс төгөлдөрт хамгийн ойртох бүсгүй” хэмээн нэрлэгдсэн биз ээ.

1. Тэр багаасаа л ирээдүйн алдартай жүжигчин болох нь илт байв

Энэ бол түүний 1947 онд авхуулсан өсвөр насны зураг. Хэдий чинээлэг гэр бүлээс гаралтай ч Манхэтэний драмын ангид суралцахдаа загвар өмсөгчийн ажил хийж төлбөрөө төлж байжээ. 1950 онд сургуулиа төгсөөд телевизэд ажилд ороод удаа ч үгүй байхад нь Метро Голдвин Мейр кино студийн найруулагч Жон Фор Грейсийг олж харжээ. Хожим Жон дурсахдаа “Грейсийг хараад надад гурван үг л санаанд бууж билээ. Авьяас, өндөр зэрэглэл, соёл. Тэгээд л би түүнийг өөрийн студидээ авахыг хүссэн.” гэжээ.

2. Хитчкокын хамгийн хайртай шаргал үст жүжигчин

“Mogambo” кинондоо тоглосны дараа Грейс алдарт найруулагч Алфред Хитчкокын анхаарлыг татаж чадсан юм. Удалгүй 1954 онд түүний анхны хит уран бүтээл болох “Dial M For Murder” кинонд тоглов. Кино амжилтанд хүрч, бокс офисыг тасралтгүй тэргүүлэв. Ингээд Грейс Хитчкокын хоёр ч кинонд үргэлжлүүлэн тоглохоор боллоо. “Rear Window” болон “To Catch A Thief” кинонд тоглосны дараа Хитчкок “Тэр бол жинхэнэ гоо үзэсгэлэн, авьяасын нэгдэл. Би түүнийг цасаар бүрхэгдсэн галт уул гэж боддог.” гэж ярьж байжээ.

3. Эргэлзэх хэрэггүй авьяас 

1955 онд “The Country Girl” киноны гол дүрээрээ Грейс анхны Оскарын шагналаа авлаа. Киног анх бүтээгдэж байх үед тэр заавал гол дүрд нь тоглоно хэмээн зорьсон байж. Тийм ч учраас хүссэн дүрийг нь өгөхгүй бол Metro Goldwyn Mayer студиэс гарна гэж шийдсэнээ найруулагчдаа хэлсэн байна. Энэ л киногоор Грейс өөрт нь хөөрхөн царайнаас илүү олон зүйл бий гэдгийг харуулсан юм. Түүнийг шагналаа авахаар тайзнаа залрах мөчид хэн ч авьяасыг нь үгүйсгээгүй билээ.

4. Өө сэвгүй загварын мэдрэмж 

Дээрх зурган дээр Грейс 1954 онд “Rear Window” киноны зураг авалтанд оролцож байв. Түүний гол хэв маяг болох сувдан гоёл болон 50-иад оны урт дэрвэгэр өргөн бүстэй юбка нь түүнд дээд зэрэглэлийн хатагтай төрхийг бүтээж өгдөг байлаа. Грейсийн хамтран тоглогч, жүжигчин Жеймс Стевард нэгэнтээ “Найруулагч Хитчкок ч ялгаагүй хүн. Хэн түүнд татагдахгүй байж чадах билээ. Зөвхөн гоо үзэсгэлэнд нь ч биш өөрийнх нь зан чанарт зураг авалтын талбай дээр байгаа бүх хүмүүс татагддаг байлаа” хэмээжээ.

5. Бас ичимхий 

Зураг дээр 1954 онд Грейс өөрийн хайртай дизайнер, дотны найз Эдит Хэидийн хамтаар сууж байна. Хүн бүр түүнийг эрхэмсэг, ихэмсэг бөгөөд нүүрэмгий хүн байх гэж дүгнэдэг ч бодит байдал дээр огт өөр байв. Дизайнер Эдит: “Тэр үнэхээр ичимхий. Грейс үнэхээр үзэсгэлэнтэй, сайхан бүсгүй учраас эрчүүд эргэн тойрноос нь салдаггүй ч тэр энэ бүхэнд дургүй. Бусдын анхаарлыг татсандаа их л тухгүй байдаг” гэж байжээ.

6. Гэр бүлсэг бүсгүй байв 

Холливудын алдарт од маань ээж Маргареттэйгээ 1950 онд энэ зургийг авахуулжээ.Гэр бүл нь тухайн үеийн язгууртан, хөрөнгөтэй айл байсан хэдий ч охиныхоо жүжигчин болох хүслийг эсэргүүцээгүйгээр барахгүй дэмждэг байжээ. “Тэдний охины хувьд би хүссэн мэргэжлээ сонгож, тэрэндээ амжилтанд хүрэх л чухал байсан. Харин намайг баян хүнтэй гэрлүүлж, байдаг л нэг авхай болгоогүйд нь би их баярладаг. Тийм болохоор л би гэр бүлээ улам ихээр хайрлаж, нандигнадаг” гэж Грейс ярьдаг байв.

7. Хэзээд үзэсгэлэнтэй харагдана

1955 онд “The Swan” киноны бэлтгэл ажлын үеэр дээрх зургийг авхуулж байжээ. Ямар ч оо энгэсэг түрхэлгүй ирж, гүнжийн дүрд тоглохдоо бэлдэж байсан Грейс тун удахгүй жинхэнэ гүнж болно гэж төсөөлөө ч үгүй байсан үе байлаа.

8. Бусад уран бүтээлчид ч түүнийг хайрлаж, хүндэлдэг 

Энэ бол 1955 онд “To Catch A Thief” киноны зураг авалтын үеэр авхуулсан зураг. Тухайн үед хамтран тоглосон жүжигчин Кейри Грант хэлэхдээ “Тэр миний уулзсан хамгийн хүндэлмээр бас биширмээр бүсгүй. Бид анх уулзахдаа Грейсийн гадаад гоо үзэсгэлэнг биширсэн бол кино дуусахад түүнийг дотроосоо гэрэлтдэг учраас л ийм үзэсгэлэнтэй гэдгийг нь ойлгосон юм” гэжээ.

9. Ёсорхог, ямбатай байхыг тэгтлээ чухалчилдаггүй 

Эрхэмсэг гүнж мэт харагддаг хэдий ч Грейс дэггүйтэж, үгээр тоглож, хошигнож чаддаг нэгэн байлаа. “Ава Гарднер таксинд ороход жолооч шууд л Ава Гарднер байна гэж мэддэг. Лана Тюрнер, Элизабет Тейлорыг ч мөн адил. Гэхдээ хэн ч намайг Грейс Келли байна гэж боддоггүй. Зүгээр л “Та Грейс Келлитэй их адилхан юм. Гэхдээ тэр танаас ялгаатай нь их классик, эрхэмсэг хүн л дээ гэдэг” хэмээн Грейс дурсаж байлаа. Амжилтанд хүрэх тусмаа тэр өөрийгөө бусдаас тусгаарладаггүй нөхөрсөг, эелдэг нэгэн байсан юм.

10. 20-р зууны хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүй

Дээрх зураг бол 1958 онд Монакод болсон угсаа залгамжлах ханхүү 3-р Рейнир болон Грейс Келли нарын хуримын үеэр авсан зураг юм. Тэдний хуримнаас 53 жилийн дараа 2011 онд Английн ханхүүтэй гэрлэсэн Кейт Миддлтон энэ даашинзнаас санаа аван өөрийн хуримын гоёлоо урлуулж байжээ. Грейс Келлигийн хуримын даашинзад нийтдээ 23 метр торгомсог даавуу, 92 метр торгомсог торыг ашиглаж байсан түүхтэй.

11. Сайн ээж 

Угсаа залгамжлах гүнжийн цагийн хуваарь тун давчуу байсан ч тэр 3 хүүхэддээ ямар ч үед цаг зав гаргадаг байлаа. Хосуудын ганц хүү болох ханхүү Албертын усанд сэлэлтийн хичээлд нь хамт очихдоо дээрх зургийг даруулжээ. Гүнж гурван хүүхдийнхээ амьдралыг чадах чинээгээрээ нууц байлгахыг хичээж, олны нүднээс холдуулдаг байлаа. “Хэвлэл мэдээллийнхний хэрэгцээгүй, хүний эрхийг зөрчсөн дурангаас би хүүхдүүдээ хамгаалахын тулд бүхнийг хийнэ” гэдэг байв. Ээжийнхээ энэ шийдвэрийг хүндэлсэн хоёр гүнж нь хүүхдүүддээ ханхүү, гүнж цол өгөхөөс татгалзаж, аавынх нь нэрээр овоглосон юм.

12. Тэр загварын ертөнцийн домог байсан, одоо ч хэвээр

Жүжигчин байхдаа ч, гүнж болоод ч тэр бүх арга хэмжээн дээр онцгой сайхан хувцасладаг байлаа. Загварын ертөнцөд “Грейс Келли стилийнх” хэмээх нэршил хүртэл бий болжээ. Дээрх зургийг 1968 онд Хитрөү нисэх онгоцны буудал дээр нөхрийн хамтаар буухдаа авахуулсан бөгөөд олон цагийн нислэгийн дараа ч сайхнаараа харагдаж чадаж байгаа биз дээ? Түүнд зориулан Hermes брэнд “Kelly” нэртэй тусгай загварын цүнх ч гаргасан ба өнөөдрийг хүртэл энэ цүнх хамгийн үнэтэй, ховор нандин чамин хэвээр байна.

13. Тэр нөхөртөө угсаа залгамжлах ханхүү төрүүлж өгөв

Хуримаа хийснээс яг 9 сар 4 хоногийн дараа Грейс анхны охиноо төрүүллээ. Харин Монакогийн ард иргэд ханхүүгээ угсаа залгамжлах хүүгүй үлдэх вий гэж айж байсан ч 1958 оны 3 сарын 14-нд тэрээр ирээдүйн хааныг төрүүлж өгсөн юм. Грейс “Нөхөр маань охиноо анх хараад маш их баяртай байгааг нь мэдсэн ч би түүндээ угсаа залгамжлах ханхүү ч төрүүлж өгөх юмсан гэж хүсч байсан” хэмээн хожмоо дурссан байдаг.

14. Түүний удмын гоо үзэсгэлэн одоо ч гайхагдсаар байна

Зураг дээр Грейс, охин Кэролайн, зээ охин Шарлотте нарыг харуулжээ. Охин нь залуудаа загвар өмсөгч байсан бол зээ нь мөн загвар өмсөж, GUCCI-ийн нүүр царай болж олон жил ажилласан юм.

15. Тэр өөртөө юу хэрэгтэйг ойлгож, тодорхой золиос гаргаж чаддаг байлаа

Хар багаасаа мөрөөдсөн жүжигчний ажлаа насан туршдаа орхих болсон ч тэр зоригтойгоор шийдэж чадсан юм. Гүнж болсон учраас дахин кинонд тоглох боломжгүй гэдэг шийдвэрийг Монакогийн засгийн газраас гаргасан байлаа. Үүнд гуньж гутрахын оронд хүүхдүүддээ цаг зав гаргаж, сайн ээжийн хувиар хүмүүжүүлж, гэр бүлээ гэдэг нь бахархмаар байсан гэдгийг хожмоо түүний нөхөр нь дурсан ярьжээ.

16. Нас ахисан ч үзэсгэлэнтэй хэвээр 

Тэрээр нас барахын өмнөхөн 53 настайдаа ч өмнөх шигээ сайхан бүсгүй хэвээр байлаа. 1982 оны 9-р сард болсон аймшигт ослоос болж Грейс амиа алдсан юм. Жолоо барьж явах үед гэнэт бие нь муудсанаас болж осолдсон бөгөөд азаар хажууд нь сууж явсан гүнж Стефани амьд үлдэж чаджээ.

Continue Reading
Advertisement Smiley face
Холбоотой мэдээ
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top