Энтертайнмент

ДАЛД ЕРТӨНЦӨӨС ИРСЭН ДУУДЛАГАД ӨДӨӨГДСӨН ЗАЛУУ БАЛРАХАА ДӨХЖЭЭ

Айл бүхэнд мөнгөний гачигдал гардаг. Өнөөдөр элдэв төрлийн лизинг, зээлийн үйлчилгээ тоймоо алдаж, монголчуудыг өрийн намагт шигтгэсэн гэж үзэхэд хилсдэхгүй. “Өргүй бол баян” гэдэг үг өдгөө эсрэгээр болчихсон ч юм шиг. Хувь хүн төдийгүй улс орон тэр чигээрээ өрийн сүлжээнд баригдчихсан байдаг.

Жирийн нэгэн залуу гэр бүл Ганбатынх ч мөн бусдын жишгээр телевиз, хөргөгчөөс эхлээд машинаа хүртэл лизингээр авчихжээ. Мөнгө төгрөгөө хугацаанд нь төлөөд явж байтал нэг л өдөр хувь заяа тэднийхээс нүүр буруулж Ганбат ажилгүй болчихов. Эхнэр Болороо нь бага хүүгээ хараад гэртээ байдаг тул бүх юм зогслоо л гэсэн үг. Ядаж байхад Хүүхдийн баяр дөхөж байдаг. Банкнаас утасдаад байдаг. Юун бэлэг сэлттэй манатай боллоо.

Түр хугацааны ч бай мөнгөгүйдэл нь өнөөгийн гэр бүлийнхэнд учирч буй бас нэгэн хүндхэн сорилт билээ. Гэр бүл дэх уур амьсгал ч өөрчлөгдөнө. Эхнэр дуугаа хураан, хоолны амт чанар муудаж, хүүхдүүд өлөн нүдлэн гүйлдэх нь ямар ч цөс ихтэй хархүүгийн зүрхийг базаад авах шиг болно. Мөнгө гэдэг ийм л хүчтэй болохоор ёстой яалтай.

Монгол эрчүүдийн стресс тайлдаг түгээмэл аргын нэг бол архи л даа. Энэхүү гаж зуршлыг ганц далайлтаар, уриа лоозонгоор тийм ч хялбархан арилгачихгүй. Хүүхдийн баяр хаяанд ирчихээд байдаг, гэтэл хоёр бүлтгэр үрдээ ч бэлэг авчих чадваргүй, халаас хоосон болчихсон Ганбат өөртөө гутарч нэгэн танилтайгаа архи уужээ. Баахан л зовлон ярьцгаасан юм байх. Танилынхаасаа нэлээд халамцуу гарсан Ганбат гуйван дайван явсаар гудамжны нэгэн вандан сандал дээр амсхийн суужээ. Бага зэрэг зүүрмэглэж байтал түүнийг хэн нэгэн сэрээх шиг болов. Цочисхийн хартал нэгэн эвгүй царайтай эмгэн түүн рүү цоргих мэт ширтэж байх нь тэр. Ганбатыг мэлрэн харахад чавганц түүнээс юу болсныг асуув. Ганбат өөрт нь тохиолдоод буй зовлон бэрхшээлээ түүнд ярихад чавганц бүр ч хүрлийн “Хүн төрөлхтний дуусашгүй гэм нүгэл” гэж бувтнаад “Намайг дагаад яв” гэжээ. Ганбат түүнийг яг л зомби шиг хүлцэнгүй дагасан байна.

Хорооллын ар дахь сунжирсан гэр хорооллын олон дүнзэн байшингуудыг сүлсээр нэгэн модон хаалганы дэргэд хүрч ирэв. Эмгэн түүнийг “Хүлээж бай” гээд дотогш орчихов. Удалгүй гарч ирмэгцээ түүнд нэгэн шаргал зоос атгуулаад “Хадгалж яв!” гэсэн байна. Ганбат зоосыг ажиглан харахад ямар нэгэн үл мэдэгдэх бичиг байв. Согтуу хүн сохор ухаантай гэгчээр Ганбат явахдаа хаалганых нь дугаарыг тогтоожээ. Эмгэн гэнэт ирсэн шигээ гэнэт алга болчихож.

Ганбат зоосоо цааш хийгээд явж байтал түүнд санамсаргүйгээр нэгэн үл таних залуу ашигтай ажил санал болгох нь тэр. Ердөө л нэг юм зөөлцөж өгөх. Тэгсэн хэрнээ гар дээр нь шууд 200 мянган төгрөг тоолоод өгөх нь тэр. Магнай нь тэнийн баярласан Ганбатад юун бараа, хэнийг хааш нь зөөх нь огт падлийгүй болсон тул лавлан асуусан ч үгүй. “Хурдхан эхнэр хүүхдүүд дээрээ очиж тэднийгээ баярлуулъя” л гэж бодож.

Тэгээд оройхон хэрд ажлаа дуусгаад нэг их маадгар амьтан гэрийн зүг явж байтал гай газар дороос гэгчээр хэдэн банди нар харуй бүрийг ашиглан тал талаас нь дайрч хэмх нүдээд мөнгий нь хуу хамаад арилжээ. Ийм заяа нь хаясан юм байх гэж. Ганбат ёстой эцсийн хүчээ шавхан байж гэрийн бараа харжээ. Эхнэр нь эхлээд түүнийг архи ууж явж байгаад л ийм байдалд оров гэж уурласан байна.

Харин маргааш нь Ганбат өөрт тохиолдсон бүх зүйлээ эхнэртээ ярьж нөгөө зоосоо ч үзүүлэв. “Энэ зоосны ач тус ч гарсангүй” гэхэд эхнэр нь “Элдэв балай юмнуудтай уулзаад… Наад зоос чинь нүдэнд хүйтэн харагдаад байна” гэсэн аж. Хүн байна даа, Хүүхдийн баяр болохоос хэдхэн хоногийн өмнө Ганбат хүнээс хэдэн төгрөг зээлж баярын ширээний юм зэхэх аядаж, эхнэрийн хамт дэлгүүр рүү явжээ. Хамгийн хачирхалтай нь тэр мөнгө нь үнэндээ юу ч болсонгүй. Эхнэр нь дэлгүүрт мөнгөө чамбай гэгч тоолоод хариултаа яс авна. Ганбатад итгэхгүй байгаа тул өөрөө бүхнийг хариуцна, илүү дутуу, хэрэгтэй хэрэггүй ч юм авсангүй.

Гэтэл гэртээ ороод үзвэл 100 мянган төгрөг сох дутаж дээ. Гайхаад баршгүй. Автобусаар яваагүй, унаа тэрэг хөлслөөгүй, мөнгөө паасканд хийж хүзүүнээсээ зүүн яс тоолж, яг хийсэн байдаг. Орой нь бага хүү нь бүлээрч сандаргав. Болороод тэр зоос нэг л сэжигтэй санагдаад байсан тул найз бүсгүй рүүгээ ярив.

Тэгээд найз бүсгүйгийнх нь санал болгосон нэгэн айхтар мэргэлдэг гэх үзмэрч дээр очжээ. Гэртээ элдэв зан үйлийн юм пиг өрсөн үзмэрч эмэгтэй Болороогийн зоосыг нэлээд ажиглан харж байснаа, хаанаас авсныг нь асуув. Болороо ч нөхөрт нь тохиолдсон явдлыг дэлгэрэнгүй ярьж. Үзмэрч эмэгтэй “Энэ зоосыг айхтар хараалч хүн өгсөн байна. Тусгай шившлэг хийж. Би энэ зоосыг эсрэг шившлэг хийж үгүй болгоно” гэх нь тэр. Тэгснээ “Үгүй ер, үхсэн хойноо ч ийм хүчтэй байх гэж” хэмээн бувтнаад Болороо, Ганбат нарт үл ойлгогдох нэгэн сонин мөртлөө энгийн зан үйл хиймэгц ширээн дээр нүдний өмнө тавьсан байсан зоос хормын зуур алга болчих нь тэр. Бүр үлгэрийн юм шиг. Тэгээд үзмэрч эмэгтэй “Одоо зүгээр. Хаа хамаагүй хүний юмыг бүү ав!” гэж захижээ.

Ганбат хэд хоногийн дараа нөгөө “тусч” эмгэний эрэлд гарчээ, сонин санагдаад байж. Хаалганых нь дугаарыг цээжилчихсэн болохоор нэг их төвөггүй олсон байна. Тэгээд хаалгыг нүдэж байтал хажуу хаалганаас нэг настайвтар авгай гарч ирэв. Ганбат эмгэний дүр төрхийг хэлж асуухад “Хүүхээ чи хар хэлт Должин чавганцыг л хэлээд байнаа даа. Бурхан болоод 3 жил болж байгаа шүү дээ. Ээ гэгээн минь, бурхан болоод ч амар тайвныг олохгүй бололтой юм” гээд хаалгаа хаахад Ганбатын тархин дундуур татаад авах шиг болов.

Ингээд тэр яалт ч үгүй аль 3 жилийн өмнө нас барсан хүнтэй ярьж, бүр гараас нь юм авснаа мэдэж. Ганбат маш их сэжиглэн, айсандаа Гандан хийдээр явж ламаар ном уншуулж, засал хийлгэсэн байна.

Одоо Ганбатынх хэвийн сайхан амьдарч байгаа бөгөөд тэрбээр өндөр цалинтай ажилд орсон байна.

Ю.Энх

Эх сурвалж: “Далд амьдрал”

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close