Но-той хүн

С.Баярцогтын хамсаатан Хятадын давхар иргэншилтэй, Монголын нэртэй бизнесмэн хүн хэн бэ?

Оюу Толгойн 2016 оны техникийн тайлангаар Оюу Толгой 24 орчим сая тонн (51.5 billion pounds) зэсийн, 1020 гаран тонн (36.0 million ounces) алтны нөөцтэй гэнэ.

ОТ 2025-2030 онд жилд 560 мянган тонн зэс олзворлох аж. Mongolian Mining Journal-ны 2013 оны мэдээгээр 31.1 сая тонн зэс, 1328 тонн алт, 7601 тонн мөнгө, 81600 тонн молибдений нөөцтэй аж. Монголын эрх баригчдын мэдэгдэж буйгаар 2032 хүртэл Монгол дивиденд ашиг хүртэхгүй. Швейцарын Ерөнхий Прокурорын Газар (The Office of Attorney General) ОДООГООР Рио Тинтог авилгын асуудлаар шалгаагүй байгаа аж.

Баярцогт Швейцарийн нэгэн банкинд 2008 оны 7-9 сарын хооронд данс нээж 2008.09.30-ны өдөр 8.2 сая евро хүлээн авсан байна. Зэс, цинкийн уурхайд хөрөнгө оруулж гаршсан Хятад улсын нэгэн иргэний эзэмшдэг нэгжийн данснаас уг мөнгө Баярцогтын дансанд орсон гэдгийг Швейцарын шүүхийн шийдвэр харуулж байна. Гэтэл Баярцогт Монголын нэгэн нэртэй бизнесменээс мөнгө зээлсэн гэсэн. Нэргүй, хэн болох нь нууц! Уг нь Баярцогтын гэмгүйг нотлох гэрч нь! Монгол, Хятад 2 улсын иргэншилтэй тэр Монголын нэртэй бизнесмэн хэн бэ?

Уг нь анх Баярцогт 4 найзтайгаа нийлж 1 сая доллар босгож уг дансандаа хийсэн гэж байв. Ойролцоогоор 200 мянга нь Баярцогтынх гэсэн үг. 4 найз нь хэзээ ч гарч ирээгүй. Тэд улстөрч биш, бизнесменүүд. Гэхдээ тэд нэг нь ч гарч ирээгүй. Бодвол хар тамхи, хүн худалдаалах, терроризм санхүүжүүлэх зэрэг бизнес хийдэг юм шиг. Үгүй бол тэдэнд нуугдах ямар ч шаардлага байхгүй. Баярцогтод харин тэднийг нуух биш нэрлэх шаардлага байсан. Гэмгүйг нь гэрчлэх гэрчүүд шүү дээ. Гэтэл Баярцогт гэрчүүдээ бүгдийг нь хав дарсан! Бас тэр 1 сая долларыг шилжүүлсэн баримт ч байхгүй. Бас л гэмгүйн гэрч! Гэтэл Баярцогт хав дарж 200 мянган доллар “хошногодож” Монгол, Швейцарын хилээр нэвтэрсэн болж таарсан!

Одоо бол Баярцогт дансандаа 10 саяыг Монголын нэртэй “нэргүй” бизнесменээс зээлж хийсэн. Гэхдээ 1 сая нь Баярцогтынх болов. Бас л гэмгүйг нотлох гэрчээ хав дараастай! 9 сая нь Хятадын (Монголын) иргэн зэс, цинкийн бизнес эрхлэгчээс орсон. 1 саяын баримт? Бас “хошногодсон” болох уу? Үүнийг худлаа ярих, хууран мэхлэх гэдэг бус уу? Худал ярьж, хууран мэхлэн нууж байгаа мөнгө ямар учиртай мөнгө байх вэ? Хууль ёсны мөнгийг нуух шаардлага бий юу? Хууль бусд хулгай, луйвар, хээл, хахууль ордог бус уу? Итгэл хүлээлгэж, эрх бариулахад эрхийг нь аваад итгэл хүлээлгэсэн хүмүүсийнхээ эсрэг гадны этгээдтэй нийлж (хуйвалдах гэдэг) ажиллахыг, итгэсэн эрхийг нь урвуулан ашиглахыг Монголоор юу гэдэг вэ? Миний мэдэх хэлэнд үүнийг УРВАХ гэдэг шиг! Та нарын хэлэнд юу гэдэг вэ?

Бас хулгай, луйвар, хээл, хахууль гэмт хэргийг харсан ч хараагүй мэт, үзсэн ч үзээгүй мэт царайлах, тэр бүү хэл нуун дарагдуулах, халхлан хаацайлахыг юу гэдэг юм бэ? Тэгж байгаа хүмүүсийг хэн гэдэг юм бэ? Бас миний мэддэг хэлээр Баярцогтын үйлдэл УРВАХ мөн бол урвалтыг, урвагчыг харсан ч хараагүй, үзсэн ч үзээгүй мэт царайлах, тэр бүү хэл нуун дарагдуулах, халхлан хаацайлахыг юу гэдэг юм бэ? Тэгж байгаа хүмүүсийг хэн гэдэг юм бэ?

Одоо та бүхэн хар! Оюу Толгой хэний асуудал байна? Рио Тинтогийнх уу? Баярцогтынх уу? АТГ-ынх уу? Монголын төр гэх барих биегүй, чичлэх нүүргүй хоосон ойлголтынх уу? Эсвэл та бидний хэн болохын, хүн үү, “хүнэнцэрүүд үү” гэдгийн асуудал бус уу? Хүнд л зөвхөн эрхэм нэр, төр, алдар гэж байдаг бус уу? Монголчуудад тийм юмны үнэр байна уу? Оюу Толгойн асуудал энэ бус уу? Энэ таны, чиний, миний, та бидний хэн болохын асуудал биш үү?

Lhamsuren Munkh-Erdene

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close