Олны танил

Б.Шижирбат “Авьяаслаг Азиуд”-ыг бишрүүлж “Алтан баззер”-ийн эзэн боллоо

“Aвьяаслаг Монголчууд” тэмцээний шилдэг оролцогчдын нэг график дизайнер, бас бүжигчин Б.Шижирбат дэлхийн хэмжээний том шоу нэвтрүүлэг “Авьяаслаг Азиуд”-д хүчээ сорилоо. Монголынхоо авьяастнуудтай өрсөлдөж хоёрдугаар байрын эзэн болсон тэрбээр “Авьяаслаг Америкчууд” шоунд оролцож, дэлхийд нэрээ гаргаад амжсан билээ. Тэгвэл авьяаслаг график дизайнер маань бүжиглэх ур чадвараа графикч мэргэжилтэйгээ хослуулсан үзүүлбэрээрээ “Авьяаслаг Азиуд”-ын шүүгч, хөтлөгч нар болон үзэгчдийг гайхшруулж чадлаа.

“Намайг Шижирбат гэдэг. Би Монголоос ирсэн” гэсээр гарч ирсэн түүний нэрийг хэлэхэд шүүгч нарт бэрхшээлтэй байсан бололтой. Тэд “Жижирбат уу” гэж дахин дахин асууцгааж байлаа. Шижирээ “Миний англи нэрийг Canion гэдэг” гэснээр шүүгч нарын сонирхлыг татав. Тэрбээр бүжиг, график хоёрыг хослуулсан үзүүлбэрээ тайлбарлахдаа “Би нэг их лаг бүжигчин биш. Гэхдээ чөлөөт цагаараа бүжиглэх сонирхолдоо хөтлөгдөн үзүүлбэрээ бэлтгэдэг” гэлээ. График дизайнер хүн бүжиглэхийг анх удаа харах гэж байна хэмээн шүүгч Жэе Пак ихэд сонирхож байгаа нь харагдав. Б.Шижирбат энэ тэмцээнд оролцохоо больдог ч юмуу гэж бодож байснаа хэлж байлаа. Түүнд шантрах үе байсан ч үүнийг нь ажиглаж, үргэлж дэмждэг гэр бүл, найз нөхдийнхөө хүчээр тэрбээр энэ том шоуны “Алтан баззер”-ыг авч чадлаа. Шинэлэг санаа, гайхалтай хөдөлгөөн, графикийн шийдлүүдээр дүүрэн байсан түүний үзүүлбэр эхнээсээ л олныг татсан юм. Шүүгч нар болон үзэгчдийн гайхан биширсэн хашгираан дээр түүний өөртөө итгэлтэй байдал, бүжгийн хөдөлгөөнүүд нь гайхалтай хосолж, “Авьяаслаг Азиуд” тэмцээний шилдэг үзүүлбэрүүдийн нэг болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.Гурван шүүгч түүнд амжилт хүсч, өөр төрлийн гайхалтай үзүүлбэр үзсэнээ хэлж байлаа. Тэд Б.Шижирбатыг шоундаа тэнцүүлж буйгаа хэлж ч амжаагүй байхад хоёр хөтлөгч гарч ирэн “Алтан баззер” дарснаар дэлхийд нэрээ гаргаж яваа авьяаслаг нэгэн монгол залуу хэн болохоо дахин харуулсан юм.

“Авьяаслаг Азиуд” тэмцээнийг үзэж сонирхохоор ирсэн хүмүүс ч чадварлаг монгол оролцогч “Алтан баззер”-ын эзэн болсонд баяртай байгаа нь харагдаж байв. Өмнө нь Монгол Улсаас энэхүү тэмцээнд “Хөсөгтөн” хамтлаг ардын өв уламжлалаа харуулсан гайхалтай тоглолтоороо оролцож, хоёрдугаар байрыг эзэлж байсан билээ. Ийнхүү Монгол Улсаас дахин нэг оролцогч “Авьяаслаг Азиуд” тэмцээний шилдгүүдийн тоонд ороод байна.

О.Чанцаа

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close