Бусад хүмүүс

Монголоо айлгадаг монгол

“No dogs, no mongolians” гэдэг үгийн учиг
Бээжинд анх удаа очсон танил маань загвар сайтай, хямд хувцастай дэлгүүр сураглаж очсон ч үүдээр нь орж чадсангүй. Илт монголжуу төрхтэй түүнийг хармагцаа “Монгол хүн оруулах боломжгүй” хэмээн буцаажээ. Тэрбээр монголчуудыг дорд үзлээ хэмээн ихэд бухимдсан аж. Харин улс, үндэстнийхээ нэрийг ингэтэл нь шалан дээр унагасан монголчуудаа буруутгасангүй.

Манай улсын 130 гаруй мянган иргэн хилийн чанадад амьдарч байна. Уулын мод урттай, богинотой гэдэг шиг хүний мөс чанар нь мөнгөний элчинд хайлсан хүн цөөнгүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд монгол хүн, элгэн саднаа гэхэд ичмээр хүн дүрстнүүд олшроод байх шиг. БНСУ дахь монголчууд нэгнээ зодсон, амь насыг нь хөнөөсөн тухай мэдээлэлд бид аль хэдийнэ дөжирчээ. Өнгөрсөн сард гэхэд тус улсад ажиллаж, амьдарч байсан хоёр эр архи ууж байхдаа маргалдаж, нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг гарсан. Түүнээс өмнөхөн мөн л нутаг нэгтнээ автомашинаар дайрсан хэрэг бүртгэгдсэн. Энэ мэтээр он гарснаас хойш БНСУ дахь монголчуудын талаарх чих халууцуулсан мэдээ тасарсангүй.

2017 оны эхний улиралд л гэхэд гаднын 13 улсад манай 114 иргэн гэмт хэрэгт холбогдож, 14 улсад 172 монгол хүн ял эдэлж буй.

Монголчууд төвлөрсөн газарт хар усны гайгаар зодоон цохион тасардаггүй гэх. Байрны түрээс, хоолны мөнгөө төлөхгүй зугтана, баяр алгасахгүй архидаж, ажлаа тасалдаг гээд муу бүхэн л сонсогдоно.

Ер нь сүүлийн үед БНСУ-д очсон нэгэндээ монголчуудаас хол байхыг зөвлөдөг болжээ. Хилийн чанадад амьдардаг зарим нь гудамжинд монгол хүн тааралдвал асуудалд орохоос зугтаж, хараагүй юм шиг зөрж өнгөрдөг болсон нь их зүйл бодогдуулна. Угтаа бол хүний нутагт амьдрах аргаа олсон, гаднынхантай хэл амаа ололцож сурсан нь бусдадаа дэм болох учиртай. Гэтэл энэ давуу талаа ашиглан нэгийгээ сүрдүүлж, дээрэлхдэг жалга, довны үзэлтнүүд олширчээ. “Гэрээгээр ажиллаж буй зарим нь жаахан халамцахаараа “харласан” нэгнээ цагдаад барьж өгнө хэмээн сүрдүүлэх нь энүүхэнд. Тиймээс ааш авиртай нэгнээсээ аль болох холуур явахыг боддог болсон” гэж БНСУ-д амьдардаг нэгэн өгүүлэв.

Зөвхөн БНСУ-д ч монголчууд ийнхүү нэр хүндээ алдаж байгаа юм биш. АНУ, Австрали, Чех, Швед зэрэг монголчууд олноороо цугласан газар бүрт ийм балагтай яриа сонсогддог. Тухайлбал, нэгэн гэр бүл Австралид амьдардаг монгол хүнээр дамжуулан тэнд очжээ. Гэтэл очсон хойно нь дахин мөнгө нэхэж, өгөхгүй бол хуулийнханд мэдэгдэнэ гэж сүрдүүлсэн байгаа юм. Харин Шведэд монголчууд бүлэглэн хулгай хийдэг, зарим нь нэгийгээ хуулийнханд матдаг тухай нүүр улаймаар яриа сонсож байлаа.

Бас нэгэн жишээ. АНУ-ын амьдрахад хамгийн таатай хотуудын нэг гэгддэг Сиэтлд цөөнгүй монголчууд байдаг. Амьдралын өртөг боломжийн, ажлын байр элбэг тул хэдэн “ногоон” олохыг хүсэгчид ийшээ цувж байсан үе бий. Харин өдгөө АНУ-д сурч, ажиллах гэж буй монголчууд Сиэтлээс жийрхэх болсон аж. Учир нь сүүлийн хэдэн жил эндэхийн монгол залуус нэгийгээ хар тамхинд уруу татаж, дарамталдаг тухай яриаг дам сонслоо. Найзархаж байгаад халаас зузаантай, боломжийн нэгнээ хар тамхинд оруулж, ашиг олдог гэхэд үнэхээр итгэмээргүй. Цаашилбал, монголчууд харь газар нэгнээ хар тамхины наймаанд хутгаж, ял эдлүүлсэн ичмээр түүх ч бий. Дөрвөн жилийн өмнө БНХАУ-д амьдарч байсан эгч, дүү хоёр бусадтай хуйвалдаж, монголчуудаар хар тамхи зөөлгөдөг байсныг хуулийнхан илрүүлсэн. Тэдэнд итгэснээс болж хэд, хэдэн хүн нарсанд суусан гашуун сургамж мартагдаагүй байна. Энэ мэтээр монгол хүний мөс чанарыг уландаа дэвсэлсэн шившигтэй явдлуудыг тоочоод барахгүй нь.

Муу нэрийг хусавч арилдаггүй гэдэг. Хэдэн жилийн өмнө БНХАУ-ын Шиньжян хотын томоохон үйлчилгээний төвүүд гаднаа “No dogs, no mongolians” гэсэн хамгийн гутамшигтай доромжилсон үгийг өлгөсөн байсан. Манай албаныхан энэ хаягаа буулгахыг шаардахад “Монгол Улсын нэр хүндийг унагаж байгаа асуудал биш. Бид өөрсдийгөө хамгаалж байгаа арга. Монголчууд хулгай хийж олон сая юанийн хохирол учруулсан тул аргагүйн эрхэнд ийм бичиг байршуулсан” гэх тайлбар өгсөн байдаг.

Ний, нуугүй хэлэхэд монголчуудыг гаднынхан “харх” гэж хочилдог юм. Нэг талаас хаана ч амьдрах чадвартайг хэлж буйн илрэл. Харин нөгөө талаас нь харвал энэ нь аминд нь тулсан үед нэгнийгээ хэмлэж “барьдаг” гэсэн утгатай хорон үг аж.

Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй гэгчээр бие биеэ хэмлэж, хүн чанарынхаа хүйтэн ирийг нутаг нэгтэн рүү гээ чиглүүлж буй бидний нэр хүнд ийнхүү шороотой хутгалдаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Уг нь монголчууд саахалт айлын санаа нэг гэж хавь ойрынхонтойгоо мэндтэй устай, тус дэмтэй явдаг сайхан уламжлалтай улс. Монгол хүний сайхан сэтгэл, хүн чанар нь хамгийн үнэт зүйл нь гэж ярьдаг. Гэтэл харь газар очоод намайг хэн хэлэх вэ гэсэн шиг дураараа дургидаг, элэг нэгтнээ зовлонд унагадаг хүйтэн сэтгэлтэн болсон нь харамсалтай. Нэгэндээ тус болдоггүй юм гэхэд ядаж гай удахаа болимоор байна, монголчууд аа. Наанаа “Чингисийн монгол” гэж цээжээ дэлдэж байвч, цаанаа улс орныхоо нэрийг хичээдэггүй адгууснууд бүү олшроосой. Ядаж ясаа тавихын цагт Монголдоо ирнэ гэдгээ санах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close