Бусад хүмүүс

”Даахгүй нохой булуу хураана”

Нийгмийн хэм, хэмжээг зохицуулах зорилгоор батлагдсан заавал дагаж мөрдөх журмыг бид хууль хэмээн нэрлэдэг. Монгол Улсад өнөөгийн байдлаар 430 гаруй хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа гэсэн мэдээлэл байна. Хууль тогтоомжийн мэдээллийн сан, харьяа яамнаас гаргасан судалгаагаар манай улсад сүүлийн зургаан жилийн хувьд 2012 онд 270 хууль, 2013 онд 160, 2014 онд 159, 2015 онд 568, 2016 онд 343, 2017 онд 148 хууль тус тус батлагджээ.

Нийт 1,648 хууль батлагдсан. Үүнээс бие даасан хууль 122, нэмэлт өөрчлөлт оруулсан 1,446, бусад хууль тогтоомж 202 байгаа юм.

Дээрх зургаан жилийн хууль батлагдсан тоог харьцуулахад 2015 онд хамгийн олон хууль буюу нийт 568 хууль батлагдсан байна. Ганцхан жилийн дотор 500 гаруй хууль. Бас л их сонсогдож байна шүү. Зуу, зуугаар мянга, мянгаар хууль батлагдлаа гээд Монголын нийгмийн өнөөгийн төрх ямархан байдалтай байна вэ.

Ингээд бодохоор бидэнд хууль багадаагүй, харин ч ихдэж гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Мянган хууль баталлаа гээд дагаж мөрдөхгүй бол даанч хайран. Амьдрал дээр хэрэгждэггүй бэлгэ тэмдгийн шинжтэй хуулиуд улам олширч байгаа нь юутай холбоотой вэ. Мэдээж хангалттай судалгаа хийгээгүй, оновчтой шийдвэр гаргаагүй учраас л батлагдсан хууль хэрэгжихгүй байгаа нь үнэн.

Дээрээс нь хуулийг олон нийтэд тайлбарлан таниулах ажил огт хийгдэхгүй байна. Уг нь аливаа хуулийг ард иргэдэд л хэрэгтэй гэсэн үүднээс баталдаг баймаар юм.

Энэ дээр ганцхан жишээ хэлье. “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль”-д тэтгэвэрт гарах насыг шинэчлэн тогтоосон гэх. Гэвч эрэгтэйчүүд хэдэн настайдаа, эмэгтэйчүүд хэдэн настайдаа тэтгэвэр тогтоолгох вэ гэдэг тун бүрхэг. Мэргэжилтнүүдээс хүртэл асуухад, мэдэж байгаа юм байхгүй. Ийм байдлаас үүдээд иргэдийн дунд ямар сайндаа л “Тэтгэвэрт гарах насыг минь хэлээд өгөөч” гэх явган яриа гарах вий дээ.

Дээрээс нь зарим улс төрчид хэн нэгнээс сонссон зүйл эсвэл толгойдоо орж ирсэн нэг бодлыг хуульчилдаг, хуульчлах гэж улайрдаг.

Хаа ч хэрэгжиж байгаагүй эсвэл аль нэг улсад олон хүчин зүйлийн нөлөөнд амжилттай хэрэгжсэн ч Монголд тохирохгүй зүйлийг хэдий болтол туршиж улс орон, хүн ардаа хохироох юм бэ. Хууль санаачилж батлуулсан гэх нэр зүүхийг хүссэн гишүүд та бүхний томоогүй зангаас болж, олон нийт хохирч байгааг ойлгох цаг нь болоогүй гэж үү.

Ер нь ч тэгээд “Монголын хууль гурав хоног” гэх яриа ор үндэсгүй зүйл биш гэдэг нь мянга, мянгаар батлагдсан ч маш бага хувь нь хэрэгждэг Монголын хуулийн тогтолцооны өнөөгийн төрхөөс харагдаж байна. Ёстой нөгөө “Даахгүй нохой булуу хураана” гэгчээр дагаж хэрэгжүүлж чадахгүй мөртлөө өчнөөн хууль баталж орхидог гаж тогтолцоог хэзээ зогсоох вэ?

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close