Урлаг

М.Бямбаа: Авьяаслаг бүжигчид залхуу байх юм

ҮДБЧ-ын бүжигчин, жүжигчин, Perfect dance шоу нэвтрүүлгийн шүүгч, үзэсгэлэнт бүсгүй М.Бямбаатай ярилцлаа. Түүнийг ойроос харахад эфирээр харагддагаасаа бага зэрэг өөр бөгөөд арьсаа яаж арчилдаг болоо гэмээр өө сэвгүй цэвэрхэн царайтай, хар гэзгээ ардаа шуусан, тэгш цагаан шүдтэй, төсөөлж байснаас ч өндөр зэгзгэр эмэгтэй байлаа. Харин хоолойны өнгөний хувьд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээсээ эрс ялгаатай намбалаг, тогтуун, хайнга байсан нь бидний яриаг чөлөөтэй болгож байв. Түүнтэй тун удахгүй болох “Perfect Dance”  тэмцээний гала тоглолтын талаар болон бүжгийн урлаг Бямбаа гэдэг бүсгүйн ертөнцтэй хэрхэн уялддаг  талаар  ярилцлаа.  

-Дууны тэмцээнтэй харьцуулахад бараг зохиогдоод байдаггүй бүжгийн төрлөөр үндэсний хэмжээнд  авьяастны эрэлд гарсан шүүгчдийн нэг та. Тэгвэл Perfect Dance тэмцээний оролцогчид таны хүлээлт үүсгэсэн хэмжээнд төгс үзүүлбэр үзүүлж чадсан уу?

-Байсан бас байгаагүй. Төгс оролцогчид үнэндээ ховор байсан. Бүжгийн тэмцээн тэр бүр болоод байдаггүй болохоор алдаа оноотой эхэлсэн байх. Гэхдээ хүлээлтийг давсан оролцогчид гэвэл бяцхан хүүхдүүд юм байна. Хүүхдүүдийн харцанд нь хүртэл гал ассан өөртөө итгэлтэй хүүхдүүд намайг үнэхээр алмайруулсан шүү. Ер нь тэмцээний маань дараагийн шатууд хоорондоо 7-8 хан хоногийн л зайтай байсан болохоор тултал сайн бэлдэх хэцүү л дээ.  Зарим оролцогчид маань маш авьяастай, хөөрхөн мундаг мөртлөө нэг л тэсэрч гарч ирж өгөхгүй байсан. Бэлтгэл дутуу, залхуурснаас болсон байх л даа. Ер нь байн байн тольтойгоо харьцаж өөрийгөө харж бэлтгэл хийх ёстой. Бүжгийн урлагийн 90 хувийн хөдөлмөр, 10 хувийн авьяас шүү дээ. Тэгэхгүй бол тэмцээний ялагч тодруулах гэхээр хүүхдүүд насанд хүрэгчдээсээ  илүү цойлоод гэгээн алсын одод шиг болчих гээд байдаг. Уг нь хийж бүтээх насны хүмүүсээ гаргаж ирмээр байдаг. Шүүхэд жоохон хүндрэлтэй нь тэр байна даа.

-Тэмцээний шүүгчид өөрсдөө гайхалтай бүжигчид. Бусдыг шүүх хэмжээнд хүрэх хүртлээ оролцогчдын нэгэн адил шаргуу бэлтгэл хийдэг байсан байж таарна. Хамгийн их өөрийгөө дайчилж байсан үе тань хэзээ вэ? Аль нэг оролцогчийн үзүүлбэрийг нь үзээд та өөрийгөө харж байгаа мэт сэтгэгдэл төрөх үе байсан уу? 

-Одоогоос нэг хоёр жилийн өмнө ээлжийн амралт гэж ч мэддэггүй ажилладаг байлаа. Өмнө нь би хичээж бүжиглэдэг байсан бол одоо аргадаж бүжиглэдэг болж байгаагаа анзаарсан. Гэхдээ бүжигчин хүн бэлтгэлээ цалгардуулж удаан явж болдоггүй. Эрдэнэбаярыг харахаар өөрийгөө харж байгаа юм шиг санагддаг.

-Шүүгчээр суух саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-UBS TV-ээс эхлээд намайг тэмцээнийг хөтлөөд үзэх үү гэж санал тавьсан.  Би ч ер нь чадахаар бол хөтөлчихсөн ч яахав, дайраад оръё л гэж бодож байлаа. Тэгээд яг эцсийн дүндээ шүүгч дээрээ тогтсон.

-Таны гэр бүлд урлагийн байдаг уу? 

-Манай гэрт бүжиглэдэг хүн уг нь байхгүй. Урлагийн гэвэл эгч маань хийл тоглодог. Магадгүй би бүжигчин хүний сүнс байсан байх. Бүжигчин болно гээд чичрээд л орчихсон. Монгенд сурч байхдаа Пүрэвжав гээд багш маань хөгжим бүжигт шалгуулаад л.

-Та одоо жүжигчин Амгаатай үерхэж байна уу? 

-Тийм. Гэхдээ хувийн харилцаагаа тийм ч их яриад байхыг хүсдэггүй. Ямар нэг салалт нийлэлтэнд эмэгтэй хүн л нэр сэвтээд үлддэг учраас хүндээр тусгаж хүлээж аваад байдаг. Залуу хүн бүжгийн ертөнцдөө асвал ассан шиг асах ёстой гэж боддог ч яг ийм хувийн асуудал руу олон нийт ороод байхаар даруухан амьдрах хэрэгтэй ч юм уу гэж боддог.

-Таны охин одоо 12 настай юм билээ. Ийм том охинтой гэхээр таны насыг баримжаалахад хэцүү болж байна шүү. 

-Би чинь 1980-аад оных шүү дээ. Заримдаа хүмүүс мэдэхгүй найзан дундаа орчих гээд л байдаг юм. Жүжигчин Шүүдрээ зэрэг дүү найзууд маань “Би чамаас дүү юм байна. Гэхдээ чи надад таалагдаж болохоор үеийнх юм шиг байя” гэчихсэн л гүйж явдаг юм.  Залуу үетэйгээ харьцуулахад би картын бараа авдаг хоол хүнс ховор үед төрсөн болоод ч тэр үү зовлон даах чадвар сайтай юм шиг байгаа юм. Хоёрдугаар гурил идэж өссөн. АСЕМ-ын үеэр бид нар маш их ачаалалтай ажиллаж байснаа санаж байна. Бид нар автобусанд ачигдаад явж байдаг. Чингисийн хүрээний амралтын газар майханд нь байнгын бэлтгэл хийгээд л, гадаа л байж байж билээ.

-Зэрлэг цэцэгсийн хүлэмж киноны Яргуй дүрээр тань олон хүн мэднэ. Тэр кинонд их л найланхай эмэгтэйн дүрд тоглодог бол бодит байдал дээр илүү намбалаг мэт санагдлаа. Харин тэмцээний оролцогч Б.Лхагвадуламтай төстэй юм шиг. 

-Тийм ээ хэд хэдэн хүн Б.Лхагвадуламтай төстэй гэж хэлж байсан. Харин Яргуйн дүрийг гаргахын тулд хоолойгоо нэлээн өөрчилж дуугарсан нь тэр.

-Жульетад тоглох гэж байсан боловч кино нь санхүүгийн асуудлаас болоод цуцлагдаж байсан гэж дуулсан. Жүжигчний мэргэжил өөрөөс тань хэр хол байсан бэ? 

-Урлагийн хүн болохоор харьцангүй ойр байсан. Гэхдээ л зүгээр ярьчих юман дээр бүжигчин болоод ч тэр үү гар хөлөө хөдөлгөчих гээд сахилагагүй Жульета болох шинжтэй байсан. Мөн Яргуйн дүрд тоглож байхад миний хариулж байсан ямаа зугтаагаад уул руу авирчихсан. Ядаж байхад сүргийн манлай ямаа. Нөгөөтөхөө барих гээд өдөржингөө юм болж зураг авалтад бага зэрэг хүндрэл учруулсан. Тэрнээсээ санаа зовоод маргаашнаас нь өглөө босоод л үгээ бэлдээд л орон дээр дуугүй сууж байдаг хүн болчихсон шүү. Харин манай найруулагч тухайн үедээ л нэг загнаад, дараа нь “Яасан миний охин” гээд л дороо мартчихдаг юм билээ.

-Бүжигчдийг харахад ихэнх нь бага наснаасаа гараагаа эхэлсэн байдаг. Тэгвэл хүүхэд байхаасаа эхлээгүй ч гэсэн нас ахисан хойноо бүжиглэж болдог юм болов уу? 

-Хүн бүр бүжиглэж чадна. Харин мэргэжлийн болох уу? Сонирхогч болох уу? гэдэг дээр л ялгаа гарч ирнэ л дээ. Жишээлбэл хөгжим бүжгийн коллежийг төгссөн хүүхдүүдийн суурь нь арай өөр байдаг. Сонгодог дасгалын хичээлээс бол мэргэжлийн бүжигчний суурийг тавьдаг гол хүчин зүйл шүү дээ. Ер нь тэгээд эзэн хичээвэл заяа хичээнэ.  Дотоод ертөнцдөө, сэтгэлгээндээ багтааж чадвал болохгүй ч юм байхгүй.  Хүмүүс лам бөө дээр очоод үнэн худлаа байсан ч хамаагүй засал хийлгэчихээр ажил бүтнэ гэж итгэдэг шиг өөрийгөө залуу гээд бодчихгүй юу. Болно бүтнэ гэвэл түүгээрээ болдог. Хэрвээ нэгэнт шийдсэн бол өөртөө маш итгэлтэй хүчтэй байх ёстой.

-Таны эргэн тойронд бүжгийн ертөнцөд хожуу хөл тавьсан ч амжилттай яваа бүжигчид байдаг уу?

-Улаанбаатар чуулгын Баярбат гээд залуу байдаг. Тэр залуу бид нарыг хөгжим бүжиг төгсөж байхад, СУИС-д дөнгөж орж байсан. Харин одоо бол мэргэжлийн бүжигчидтэй өрсөлдөхүйц  хэмжээнд хүрсэн шүү. Ер нь манай бүжигчдийн нэг алддаг юм нь би угаасаа мундаг юм чинь гээд л санаа амраад нэг түвшиндээ гацаад дээшээ ахисан ч юм байхгүй дуусдаг. Тэгж алдсан бүжигчид олон бий. Маш гоё подёмтой, их өгөгдөлтэй, авьяастай хүмүүс залхуу байдаг. Гэтэл авьяасгүй хүүхдүүд өдөр болгон хичээж явсаар байгаад нөгөө хүүхдийнхээ дээр нь гарчихсан байдаг.

-Та бусад шүүгчдээсээ үндэсний урлагийн бүжигчин гэдгээрээ ялгарна. Бас нөгөө дөрвөн шүүгчээ бодвол арай аядуу зөөлөн нь байх. Оролцогчдод ямар хандлага үзүүлэхийг, юу ойлгуулахыг зорьсон бэ? 

-Үндэсний урлагийн их театрын бүжигчид маань монголдоо төдийгүй дэлхийд үндэсний урлагийг гайхшруулдаг. Сэвжидийн нэрэмжит 50 орчим бүжигчин нийлээд бүжиглэхээр, зэрэг орилохоор монгол хүн л болсон хойно омогшдог. Бидний бүжгийн хөдөлгөөн нь хүртэл эрэмгий. Манай театр өөрөө нэг их маркетенг хийдэггүй болоод ч тэр үү залуучууд тэр бүр мэддэггүй ч яг тулаад үзэхээр тэд омогшиж байгааг нь олж хардаг.

Харин шүүлтийн хувьд манай таван шүүгч тэмцээн эхлэхэд л өнгө төрхөө бүрдүүлээд л явчихсан. Би шүүх нэрийдлээр хүүхдүүдийн хүсэл зоригийг нь мохоочихгүй  юм шүү гэж бодож шүүсэн. Болохгүй зүйл байсан ч гэсэн чиний инээмсэглэл чинь гоё байлаа, гар чинь гоё байна гэдэг ч юм уу чамд энэ талаа дагнаад явбал илүү дээр гэж зөвлөн ажилласан. Хүн болгонд урам хайрлаж шүүхийг хүчээх явцдаа нэг мэдэхэд уйлаад л , нүүр амаа сонин болгочихсон сууж байдаг. Дараа нь харахад инээдтэй. Гэхдээ ер нь урлаг бүхэн сайхан. Хүний сэтгэлд хүрээд нулимс гаргаж чадаж байна гэдэг чинь хүнд хүрч байгаагийн илрэл шүү дээ. Ялангуяа 2-р шатанд орж хүүхдүүдийн бүжгээрээ гаргах гэсэн санаа нь байгаль орчноо хайрлах сэдэл өгсөн, утааны талаар хөндүүштэй сэдвүүд байсан. Өөрсдөө хүртэл уйлчихсан оролцогчдоо хараад үнэхээр юм бодогдмоор байсан.

-Бүжигчид ярих, амбиицлахаасаа илүү үйл хөдлөлөөрөө санаагаа илэрхийлэх гэдэг юм шиг  байна. 

Манай бүжигчид амбийц багатай хүмүүс. Театр дотроо хэмжээгүй алдартай хүн ч гадагшаа өөрийгөө яриад зарлаад байх нь ховор.

-Таны сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн таван үзүүлбэрээ нэрлээч

-Тэмүүлэнгийн Jackson болдог үзүүлбэр бүр алмайруулсан.

– Хөгжөөн дэмжигч охидын Light Cheers хамтлаг байна.

– “Dream big”

– Монгол бүжигчин Эрдэнэбаяр

– Балетчин Лхагвадулам

– Хүүхдүүдийн ангилалд “Шинэ үе” хамтлаг ч бас сайн байсан.

-Миний асуугаагүй танд нэмж хэлэхийг хүссэн зүйл байна уу? 

-Perfect Dance шоуны маань шилдгийг шалгаруулах  гала тоглолт 4 дүгээр сарын 4-нд 18 цагаас Соёлын төв өргөөнд болох тул ирж үзээрэй л гэж хэлье дээ.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Unuudur.Mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close