Олны танил

МУГЖ И.Одончимэг: Баян авгай байж бидэнд байр авч өг гэдэг дарамт сүүлийн үед байнга зовоож байна!

Монгол Улсын гавьяат жүжигчин Ишдоржийн Одончимэгтэй ярилцлаа.

-Танаас энгийн л асуулт асууж ярилцлагаа эхэлье гэж бодлоо. Ийм нэг яриа гарсныг өөрөө сонссон байх л даа. “Оролцогч нь уйлаад байвал “Монгол тулгатны зуун эрхэм”, хөтлөгч нь уйлаад байвал Одноогийн шоу, аль аль нь уйлахгүй бол “Нандиагийн шоу” гэж. Ингэхэд та тийм эмзэг уяхан хүн үү?

-Би багын л эмзэг хүүхэд байсан. Нэг их гоё бороо ороход уяраад уйлчихна. Ямар сайндаа цэцэрлэгийн багш маань намайг “Бусад чинь инээж наадаад тоглож байхад чи хөгжим сонсоод уйлж байх юм” гэж загнахав дээ. Би радиогоор “Амгалан дөлгөөн Хэрлэн минь” гэх дууг сонсоод уйлдаг байсан нь тэр. Бүр цэцэрлэгийн хүүхэд байхдаа шүү дээ. Тэгэхээр их л уяхан байсан нь тодорхой харагдаж байгаа биз. Өөрийн тань хэлж буй яриа хөөрөөг сонссон л доо.

Би бол сэтгүүлч хүн биш. Чингүүн найруулагч чухам яагаад намайг сонгож тийм нэвтрүүлэг явуулах болсныг сайн хэлж мэдэхгүй байна. Гол нь миний өөрөөрөө байж чаддаг чанар таалагдсан байж болох юм. Хүмүүс бол надад хэлдэг байсан. “Чи одоо уйлахаа болиоч, зовлонтой юм” гэдэг. Эсвэл “Одноо, чи зүгээр л жүжигчнээ хийгээд яв. Чамд сэтгүүлчийн авьяас байхгүй” гээд шууд хэлнэ. Зарим нь бас магтана. Ингээд сайн муугаар хэлээд эхлэхээр чинь юм бодогдоно шүү дээ. Тэр үед төрөөд удаагүй байлаа. Бага охин минь нялх байсан үе. Яагаад нэвтрүүлгээ больсон бэ гэхээр хүмүүсийн шүүмжлэлд биш юм. Ерөөсөө охиноо л бодсон хэрэг. Тэр нялх амьтанд би бага цаг зарцуулдаг. Түүн дээрээ нэмээд нэвтрүүлэг энэ тэрээ гээд явчихаар бүр хэцүү болоод эхэлсэн. Зовж зовж нэг хүүхэд төрүүлчихээд ижийнхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй ингээд нэвтрүүлэг хөтлөөд, амьтанд элдвээрээ хэлүүлээд явж байх гэж хэмээн бодогдсон. Тэгээд л больсон. Яах вэ, хорин хэдэн хүнтэй сайхан ярилцсан байна. Саяхан хөдөөгүүр тоглолтоор явахад хүмүүс тэр нэвтрүүлгийг маань их асууж байна лээ. Миний үеийн хүүхнүүд, надаас ах хүмүүс л үздэг байсан болов уу.

-Та бол хүүхнүүд атаархам сайхан ханьтай хүн. Гэр бүл болж байх үед бас хэцүү байсан байх. Их л хэл ам, яриа хөөрөөнд орж байж Бархүү та хоёр ханилсан. Олон түмэнд хүндлэгдсэн урлагийн сайхан гэр бүл болсонд хувьдаа талархдаг…

-Их баярлалаа. Олон хүн янз бүрийн л яриа хөөрөө гаргаж байлаа. Бас л шуугиан дунд, олны хэл ам, доромжлол дунд явсаан. Хэцүү байсан үе бий. Үүнийг би юуг нь нуухав. Гэвч бид хоёрын хайр, итгэлд тэр бүхэн хэрхэн нөлөөлөх билээ. Цаг зуурын юм байдаг шүү дээ, үнэндээ. Жаахан тэсчихэд болдог. Бид хоёр гэр бүл болсноор нийгэмд ямар ч хор хохирол учруулаагүй биз дээ. Сайхан л амьдарч байна. Хүмүүс “Ээ мөн тэнэг хүүхэн юм аа, удахгүй чи хаягдана” гэж хэлж байлаа. Бархүүтэй ханилснаар надад алдсан зүйл байхгүй. Харин ч би хожсон гэж боддог. Хүсч мөрөөдөж явсан хөөрхөн охинтой боллоо. Ганц юм л хүмүүст таалагддаггүй шиг байгаа юм. Тэр нь Бархүүгээс би олон насаар эгч юм байна л даа. Харин нэг зүйлийг бардам хэлэхэд, би хүний нөхрийг салгаж, олон хүүхдийн нулимс барж энэ хүнтэй ханилаагүй. Ер нь тийм санаа бодлоор Бархүүг сонгосон. Миний насны хүмүүс бүгд цаанаа амьдралтай, үр хүүхэдтэй байгаа. Бархүүгээс өөр хүнтэй ханилсан бол нээрээ л хүүхдүүдийн нулимсыг барж, айл гэр үймүүлэх болно. Тэгэхээр надад Бархүүгээс өөр сонголт байсангүй. Энэ сонголтыг минь зарим хүмүүс хүндэтгэхгүй буруутгаж, дайрч доромжилсонд гайхдаг юм.

-“Х-ТҮЦ”-ийнхэн “Сэрүүн хасын нууц” жүжгийг тайзнаа дахин тавихаар болсон. Найдандорж найруулагч болоод та хэдийн хамтын гурав дахь бүтээл шиг санагдана?

-Тийм ээ, манай бие даасан гурав дахь бүтээл. Санаачилсан гэдгээрээ шүү дээ. Түүнээс бид шинэ шинэлэг олон жүжиг үзэгчдэдээ хүргэж байлаа. Тухайлбал, төрийн соёрхолт Д.Сосорбарамтай хамтарч Айн Рэндийн хоёр ч жүжгийг тавьсан. Ер нь манайхны нэг бодлого, баримталдаг чиг шугам байдаг. Тэр нь дорно дахины сонгодог жүжгийг сорчлон Монголын тайзнаа тавьж, үзэгч олны хүртээл болгочих юмсан гэх бодол л доо. Миний бие наян есөн оноос 2000 он хүртэл Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажилласан. Тэр хугацаанд дэлхийн сонгодог жүжгүүдэд олон ч тоглож байлаа. Сонгодог гэхээр дандаа өрнө дахины бүтээлүүд байгаад байдаг. Таагүрийн бүтээлийг л нэг удаа тавьж байсан. Дорнын ард түмэн бичгийн соёлын ямар их өвтэй билээ, тэдний амьдралыг үзэх үзэл гүн ухааны ойлголтууд үнэндээ биширмээр. Энэ талаасаа өрнө дахинаасаа илүү санагдаад байдаг юм. Мөн дорнын гүн сэтгэгчдийн бүтээлд тоглоход надад яагаад ч юм их ойр байдаг.

-Монголчууд дорнын соёлтой ард түмэн. Тиймээс танд ойр байх нь мэдээж?

-Өөрийн маань царай зүс, бие хаа тэр чигээрээ л дорнын бүсгүйчүүдийн үндсэн төрх байх. Ийм учиг зангилааг бодож “Х-ТҮЦ”-ийн уран бүтээлчид дорнын сонгодог жүжгийг драмын урын санд оруулахсан гэж эрмэлздэг. Өмнө нь Хятадын оргил бүтээлүүдийн нэг “Аянгын бороо”-г тавьж байсан. Бас л нийгэмд шуугиан болж, драмын урлагт тийм нэг шинэ өнгө төрхийг авчирсан болов уу. “Аянгын бороо”-гоос хойш бүтэн таван жилийн хугацаанд эрэл хайгуул хийсний хүчинд “Сэрүүн хасын нууц” жүжгийн зохиолыг олж авсан. Чюн Яо гэж Хятадын нэрд гарсан зохиолчийн бэсрэг романаас сэдэвлэсэн бүтээл. Хятад судлаач, орчуулагчидтай уулзаж байж энэ зохиолчийг мэдэж авсан л даа. “Чюн Яогийн халуун” гэсэн яриа ч байдаг юм билээ. Үндсэндээ түүний бүтээлүүд олныг байлдан дагуулж, жинхэнэ халууруулдаг байсан хэрэг л дээ.

-Жүжгийн нэр ямар учиртай билээ?

-Сэрүүн хас гэдэг чулууны нэр л дээ. Хүмүүний жинхэнэ мөн чанар болох үнэнч сэтгэлийн тухай өгүүлсэн бүтээл. Өнөөдөр чинь манайд хүн чанар гэсэн ойлголт ховордсон бараа болоод байна. Намайг оюутан байх үед нөхрөө Москва руу сургуульд таван жилийн хугацаатай явуулчихсан хүүхнүүд зөндөө л байдаг байлаа. Тэд үнэнчээр хүлээдэг байсныг мэдэх юм. Таван жил хүлээсний эцэст ханьтайгаа амьдраад аз жаргал гээчийг амсдаг л байсан. Манай урлагийнхны амьдрал тийм л түүхээр явж ирээ биз дээ. Одоо бол гадаад руу ханийгаа явуулчихаад үнэнчээр хүлээж суугаа эмэгтэйг олоход ховор. Би өөрөө бүсгүй хүн, ээж хүн, ийм зүйл ярьж байгаа нь сонин санагдаж магадгүй. Гэхдээ амьдралын үнэн бол энэ. Амьдралд үнэнч хандана гэсэн ойлголт өнөө цагт байхгүй болжээ. “Сэрүүн хасын нууц”-ыг анх уншихад хамгийн түрүүнд ийм л зүйл мэдрэгдээд ирсэн дээ. Найдаа найруулагчдаа дахин итгэл хүлээлгэж санал тавьсан. Өмнө нь “Аянгын бороо”, “Хориотой жүжиг”-т хамтарч ажилласныг хэн хүнгүй мэднэ. Биднийг хамгийн гүн гүнзгий ойлгож мэдэрдэг хүн бол Найдаа ах. Дүрүүдээсээ хамаарч төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд, гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, авьяаслаг залуу жүжигчин Н.Ялалт нарыг урьж тоглуулсан.

-Та яриандаа хэллээ, Драмын театрт 1989-2000 он хүртэл ажилласан гэж. Зарим нэг хүмүүс өөрийг тань арай л эрт театраас гарсан юм. Жинхэнэ өрсөлдөөн дунд жаахан удаан байсан бол олон ч сонгодог дүр бүтээх байсан даа гэдэг. Харин танд энэ тухай бодогдож байв уу?

-Театраас эрт гарчихлаа гэж харамсах ч юм уу, тийм бодол надад огт төрж байгаагүй. Хэрвээ театрт байсан бол би “Аянгын бороо”-нд, “Сэрүүн хасын нууц”-д тоглохгүй, “Сэргээш-3”-ыг найруулахгүй л байхгүй юу. Ингэж задгай өөрийнхөөрөө ажиллаж чадахгүй байх байсан. Харин ч театраас гарснаараа маш их өрсөлдөөн дунд орсон гэж боддог. Бусад продакшнуудад авьяаслаг уран бүтээлчид байна. Тэдэнтэй би энэ талбарт жинхэнэ өрсөлдөж байна. Театрт бол яах вэ, найруулагчийн “хоол”-ыг л хүлээж суудаг. Найруулагч ямар дүр өгөх нь вэ, түүнийг хүлээнэ. Юм өгөхгүй бол хоосон сууна. Гэхдээ театрт байсан он жилүүд миний амьдралд маш том орон зайг үүсгэсэн. Уран бүтээлчийн минь хувьд хүн болгосон газар. Олон ч шөнө нойргүй хонож уран бүтээлийн ард гардаг байлаа. Монголын нэгэн үеийн сор болсон жүжигчидтэй нэг тайзан дээр арван жил болно гэдэг бахархал. Олон сайхан дүрээ орхиод тэндээс би гарсан. Гарахад үнэндээ амар байгаагүй. Би чинь театраасаа уйлж гарсан хүн шүү дээ. Найдаа найруулагч, Онон хоёр гараас минь чирээд гаргаж байлаа. Хичнээн уйлж унжиж, тэр хоёрт чирэгдэж явсан ч гэсэн “Би эндээс гарах нь зөв” гэх бодол далдхан төрж байсан хэрэг. Хийж бүтээж, амьдралынхаа төлөө зүтгэн хөдөлмөрлөх гэж эндээс гарч байгаа юм шүү гэдэгтээ итгэлтэй байсан. Гэвч театраасаа сэтгэлээ салгана гэдэг, хувь заяагаа салгана уран бүтээлч хүнд хэцүү. Арван жилийн хүч хөдөлмөр, авьяас билэг, нойр хоол, залуу насны гэрэл гэгээгээ харамгүй өгсөн тайзаа харахад хоргодох сэтгэл бас төрдөг л юм билээ.

-Театрт хэн хэнтэй нэг өрөөнд байсан бол?

-Бидний үеийн долоон бүсгүй байлаа даа. Одоо бүгд олны танил нэртэй уран бүтээлчид болжээ. Манай Өлзийхүү, Оюундарь, Эрдэнэцэцэг, Энхтуул байна. Мөн “Хувьсал” продакшны Цогоогийн гэргий Урнаа, Сугар багшийн охин Болормаа бид байна даа. Биднийг театрын босго алхаж байхад Цэрэнпагма гэж ямар их авьяастай мундаг жүжигчин байв аа. Түүнийг жүжигт дүр бүтээж байгааг дэргэдээс нь хараад өөрийн эрхгүй огшдог байлаа. Цэрэнпагма эгч шиг л жүжигчин болно, түүн шиг жүжиглэнэ гэж боддог, мөрөөддөг байлаа. Түүнийг зарим үед дүрдээ тоглохгүй өнжвөл би оронд нь ингэж тоглоно гээд дүрүүдийнх нь үгийг цээжилдэг байлаа. Тэгээд энэ үгийг, энэ үйлдлийг гаргахдаа хэрхэн яаж хувирч байна, харц нь, зүс царай нь яаж өөрчлөгдөж байна гэдгийг нэгд нэгэнгүй гаргах гэж эрмэлздэг, даган дуурайдаг байлаа. Бидний үеийн эмэгтэй жүжигчдийг өсч бойжиход “Галзуу Цэвэл” Цэрэнпагма эгч л үлгэр дуурайл болдог байлаа. Ингэхэд жүжигчид үе үеэрээ төрдөг юм билээ. Өнөөдөр Өлзийхүү шиг, Оюундарь, Энхтуул шиг хүүхнүүд байна уу, дүйцүүлээд аваад үзэхэд үнэндээ алга байна. Зөвхөн хүүхнүүд ч гэлтгүй манай хошин урлагт Аглуу, Амбий, Бооёо, Хүрлээ, Эрдэнэзаан, Мөнхсайхан, Онон шиг залуучууд байна уу. Эд хэдийн чинь нас явж байна. Гэвч дараа үе нь гарч ирэхгүй юм. Мэдээж хошин урлагт хөл тавьж буй залуучууд зөндөө байна. Гэвч энэ хэд шиг гоц гойд хүмүүс алга. Хорин хэдтэй залуучууд мандан гарч ирээд тэр л эрчээрээ өнөөдрийг хүрлээ. Энэ хэдийгээ харахад “Яалт ч үгүй авьяас чадвар гэж байдаг юм байна” гэх бодол төрдөг шүү. Өлзийхүү бид хоёр шиг эмэгтэй жүжигчид гарч ирэхгүй байна даа.

-Найруулагчдын арга барилын талаар асуумаар байна. “Говийн зэрэглээ”-гийн Арслан буюу Доржсамбуу агснаас аваад та олон найруулагчийн гар дамжсан хүн?

-Би чинь театрт орохын өмнө Хүүхэд, залуучуудын театрт И.Нямгаваа найруулагчийн удирдлагад байсан. Нэг жил зургаан сар болохдоо 12 жүжигт дүр бүтээсэн байдаг. Энэ хугацаанд их зүйлийг сурч авсан. Нямгаваа найруулагч үнэндээ тэсрэлттэй хүн. За тэгээд Гаваа найруулагчаас улбаалаад олон ч найруулагчийн гараар орсон. Уран бүтээлчид бид бол зуураад орхичихсон гурил, эсвэл зуурмаг шавран баримал шиг хүмүүс. Биднийг хэрхэн яаж элдэж, яаж сунгаж, дарайлгаж таслахаа найруулагчид л мэднэ. Баримлаар янз бүрийн дүр хийж болдог шиг биднийг яаж ч өөрчлөх эрх гагцхүү найруулагчид байдаг. Юу чиг хийсэн уран бүтээлчид бэлэн байх ёстой. Тийм л чадвар чансаа, авьяас билэг нэвт шувт байх учиртай.

-Өөрийгөө бүрэн шавхаж дотроосоо асч бадарч гаргасан дүрүүдээсээ ярихгүй юу. Хамгийн их зовоож тарчлаасан юм уу, хамгийн их нэр хүнд авчирсан дүрүүд тухайн уран бүтээлчийнхээ сэтгэлд үлдээд байх шиг санагддаг?

-Миний бие тоглосон дүрүүдээ сайн муу гэж нэг их ялгаад байдаггүй. Бүгдэд нь сэтгэлээ өгч, өөрийгөө шавхан, боломж бололцоогоо гаргаж бүтээсэн. Харин ур чадварын хэмжээнд ямар болсон нь үзэгчид болоод судлаачдын үнэлгээгээр тодорхойлогдох байх. Цаг хугацаа гэж нарийн шүүлтүүр хэлээд өгнө. Ерэн гурван онд театрт ороод удаагүй байхдаа хамгийн анх авсан гол дүр минь “Өрлөг жанжны өчил” жүжгийн Чойбалсангийн эхнэр Бортолгойн дүр байсан. Маршалын эхнэрийн дүрд тоглоход би хорин хэдтэй хүүхэд байж. Бортолгой гэдэг дүр маань надаас хамаагүй эгч нас тогтчихсон хүн. Тухайн дүрд одоогийн ардын жүжигчин С.Сарантуяа болон Долгорсүрэн нар л тоглоно гэж яригдаж байсан. Гэвч дүр хуваарилахад Доржсамбуу найруулагч надад өгчихсөн юм. Театрын уран бүтээлчид шууд “шок”-нд орж, “Энэ жаахан охинд яахаараа ийм дүр өгдөг билээ” гэж эсэргүүцэж байсан. Доржсамбуу найруулагч “За яах вэ, яаж тоглохыг нь бүгдээрээ харъяа” гэж билээ. Энэ дүр намайг тухайн үедээ шилдэг болгож байсан. Бирваагийн Мөнхдорж гэж дэлхийн сонгодгуудыг Монголынхоо тайзнаа тавьсан гарамгай найруулагчийн бүтээлүүдэд дүр бүтээж байсан минь бас л бахархал юм даа. Мөнхөө багш Нобелийн шагналт, урлаг утга зохиолд шинэчлэл хийсэн, өвөрмөц сонин сэтгэлгээгээрээ тухайн үедээ үзэгдэл болж байсан зохиолч сэтгэгчдийн бүтээлүүдийг Монголын ард түмэнд хүргэсэн гавьяатан шүү дээ. Сартрын “Оршуулаагүй үрэгдэгсэд” гээд олон сонин зохиол байна.

-Танай удамд урлагийн хүн байдаг уу. Өөрөө ингэхэд яг хаана төрсөн юм бэ. Аав тань бол Төв аймгийнх гэж сонссон юм байна?

-Манай удамд урлагийн хүн байхгүй. Би л сэтгэл зүрхнийхээ дуудлагаар урлагт хөл тавьсан. Авьяас удамшдаг эсэхийг сайн мэдэхгүй юм. Манай Аглуу гэхэд аав ээж нь урлагийн хүмүүс биш. Миний төрсөн газар Өвөрхангай аймгийн Арвайхээр хот. Хотын төвийн хойхно байдаг Дэлгэрэхийн булаг гэж сайхан нэртэй газар мэндэлсэн байдаг. Аав маань Төв аймгийн Дэлгэрхаан сумын хүн. Бүх л насаараа жолоо барьсан эгэл жирийн хүн байлаа.

-Танай охин ээжтэйгээ зөрж байгаад жүжигчний мэргэжил эзэмшсэн. “Тагнуулч аав” кинонд та охинтойгоо тоглосон байдаг. Том охины тань талаар асуух гэсэн юм?

-“Тагнуулч аав” киноны жижигхээн хэсэгт би дүр бүтээсэн. Манай урлагийнхан хүүхдүүдтэйгээ хамт тоглосон кино гэдгийг хүмүүс мэднэ. Охин маань яахав, надтай зөрж байгаад жүжигчний мэргэжил эзэмшсэн. Би урлагийн зам руу битгий ор гэж зөндөө хэлээд бараагүй. Урлаг гэдэг бол бас л харгис шүү дээ. Хүн харахад жигтэйхэн инээд алдсан, наргиж цэнгэсэн хүмүүс байдаг. Яг мөн чанартаа тийм биш юм. Ялангуяа эмэгтэй хүнд бүрчиг хохиролтой. Урлагийн бүсгүйчүүдээ хар л даа. Хичнээн нь гэр бүлгүй байна. Хань нь болж, энгэрийн нь түшчих эр хүн олдохгүй л байдаг. Үнэнийг хэлэхэд, ямар л эр хүн эхнэрээ хар шөнөөр ирээд үүрээр гарч явахыг зөвшөөрөх билээ. Бид бол жаргалаараа зовж яваа хүмүүс. Жүжигчин гэдэг маш хүнд хөдөлмөр юм гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн хүний хувьд охиноо энэ зам руу битгий орооч гэж гуйж байсан. Авьяас багатай бол бүр хэцүү. Яг үнэндээ уран бүтээлчид бид доромжлолын дунд, олны атаа жөтөө, хар хорын дунд амьдардаг байхгүй юу. Гэвч охин маань нэг л үг хэлээд амыг минь тагласан. “Өөрийнхөө хүсэл зоригоор амьдарч буй хүнийг та аз жаргалтай хүн гэж хэлдэг биз дээ, ээж ээ. Би өөрийнхөөрөө амьдаръя” гэж хэлсэн.

Эх сурвалж: MEDEENUUD.COM

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close