Бусад хүмүүс

13 настай талийгаач охины эмээ: Сэжигтний ар гэр бидэн рүү салаавч гаргасан

2017 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Очир төвийн зочид буудалд 13 настай охин бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаач охины амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт хоёр этгээдийг сэжигтнээр татан хорьж буй. Уг хэрэг ямар шатанд явж буй талаар талийгаач охины өюөө Ц.Тэрээдээ, эмээ С.Оюунцэцэг нараас тодрууллаа. 

Эмээ С.Оюунцэцэг: Талийгаач охины маань аав сэтгэцийн өвчтэй болсон

– Та өнөөдөр охиныхоо хэргийн талаар Ерөнхийлөгчид хандсан гэлээ. Энэ талаараа мэдээлэл өгнө үү? 

– Миний охин 2017 оны 8 сарын 22-23-нд шилжих шөнө Очир төв гэх зочид буудалд амь насаа алдсан. Хэрэг гараад долоон сар гаруй болж байна. Энэ хугацаанд хууль хүчний байгууллагынхан үнэнч шударгаар асуудлыг шийдэхгүй байна. Хэрэг бол маш тодорхой шүү дээ. Хуулиараа хоёр сар дотор шийдэгдчихээр байгаа. Гэтэл уг хэргийг долоон сар гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад оновчтойгоор шийдвэрлэж өгөхгүй байна. Хэргийг шийдвэрлэж чадахгүйдээ бус сэтгэл дутуу ажиллаж байна. Хавар болж байгаль дэлхий сэргэж буй энэ цагт бидний сэтгэл бүр илүү ихээр эмзэглэж байна. Миний охин амьд байсан бол сурч боловсроод гэр бүлдээ баяр баясгалан өгөөд явах байсан. Гэтэл өнөөдөр хөлдүү газар булаатай хэвтэж байна. Энэ хугацаанд бид амьдаараа тамлагдаж байна. Бид нарыг огт бодохгүй байна. Миний охин бусад хүүхэд шиг эрхээ эдлээд инээж, хөөрөөд явж байх ёстой. Гэтэл хохирогч бидний эрхээс илүү яллагдагч нарын эрхийг үзэж дээр тавьж байна. Бид аргаа бараад Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлж байгаа юм. Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх хуулийг санаачлах гэж байгаа юм байна. Энэ бол маш зөв алхам юм. Хөхнөөсөө гаргаагүй хүүхдээс эхлээд дөнгөж шилжилтийн насны цэцэг шиг хүүхдүүдийг хүчирхийлээд байна шүү дээ. Гэтэл бодит байдалд хохирогчоос илүү яллагдагч нарын эрхийг илүүд үзэж байна.

Ар гэрийнхэнийг нь хохироосон дээр нь нэмж хохироож байна. Өнөөдөр миний талийгаач охины аав нь сэтгэлийн өвчтэй болчихоод Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарлаа. Өмнөх шигээ хэвийн болохгүй гэж эмч хэлсэн. Сэтгэл заслын эмчтэй байнгын холбоотой байхаар болсон.  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар миний хүүг хүнд гэмт хэргийн хохирогч болсон учраас үнэгүй эмчлэхээр болсон. Харин ээжийнх нь хувьд аргагүйн эрхэнд талхны мөнгөө олохын тулд ажлаа хийгээд явж байна.

– Хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

– Урьдчилан хэлэлцүүлгээр ороод хоёр шалтгаанаар буцаагдсан. Нэгдүгээрт, хохирогч охины маань биеэс архи 5.7 хувьтай илэрсэн. 13 настай охин гадна орчинтойгоо харьцаж чадахгүй болтлоо үхэлд хүрсэн байдлыг хууль зүй, эмнэлэг,  шинжлэх ухааны үндэстэйгээр тогтоохоор болсон. Хохирогчийн аав нь сэтгэцийн хэддүгээр шатны өвчлөлтэй байна энэ өвчнөөр өвдсөн эсэхийг тогтоолгохоор буцаасан. Прокурор нь эсэргүүцэл бичсэн ч нийслэлийн шүүх хэрэгсэхгүй болгоод анхан шатны шүүх рүү буцаасан. Анхан шатны шүүхээс нь дахин нэмэлт мөрдөн байцаалтаар дээрх хоёр шалтгааныг тогтоолгохоор болсон.

– Сэжигтнүүдтэй холбогдсон уу. Ар гэрээс нь та бүхэнтэй холбогдсон уу?

– Сэжигтнүүд хоригдож байна. Бид нар хүүхдээ өвчнөөр алдсан бол ингэж тамлагдахгүй. Гэтэл ийм зэрлэгээр хөнөөгдсөн нөхцөлд тайван байж чадахгүй нь. Эх хүн хэвлийгээсээ хүүхдээ төрүүлээд анхны уйлах дууг нь сонсоод л хөхний сүү нь дусдаг.  Үүнийг сэжигтэн Жавхлангийн ээж мэдмээр юм. Гэтэл тэр хүн яагаад өөрийнхөө хүүхэдтэй энэ бүхнийг зүйрлэж хандахгүй байна вэ. Шүүхийн гадна нулимсаа асгаруулаад зогсож буй ээжийг хэл амаар доромжилж “ Та нар яаж ч чадахгүй. Миний хүү ялгүй гараад ирнэ” гэж хэлээд салаавч гаргаж байна. Хоёр яллагдагчийн ар гэрийнхэн өнгөрсөн долоон сарын хугацаанд нэг ч удаа утсаар яриагүй. Эмгэнэл илэрхийлээгүй, оршуулгын зардал ч өгөөгүй. Бид нар “ Юу ч үгүй хоосон айл” гэж өмгөөлөгч нараараа хэлүүлсэн. Тэд бидэнд хандан “Сэтгэлээ бариарай. Ёстой муухай зүйл боллоо. Эмгэнэл илэрхийлье” гээд хэлж болно шүү дээ. Гэтэл тэгэж ч хэлэхгүй байгаа юм. Зэрлэг удамтай. Жавхлангийн аав нь насаараа шоронд ял эдэлж байгаад нас барсан. Ээж нь хоноцын эр булаацалдаж төрсөн эгчийгээ хутгалсан байх жишээтэй. Төрсөн ах, эгч нь ял эдэлж байсан. Ийм хүнлэг бус хүмүүсийн гарт миний охин амиа алдсанд маш их харамсаж байна.

Өвөө Ц.Тэрээдээ: Зөрчлийн тухай хууль маш буруу юм байна

-Хэрэг явдлыг анхан шат руу буцсан гэсэн. Ямар шалтгаанаар буцсан юм бэ?</p

-Зөрчлийн тухай хууль маш буруу хууль болсон байна. Жишээлбэл, гэмт хэрэг үйлдсэн этгээд, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол цагдан хорино гэж Зөрчлийн тухай хуульд заасан. Миний охины амь насанд хүрсэн хоёр хүн бүтэн сар хоригдоогүй гадуур байсан. Гэмт хэрэгтнүүд хууль хяналтын байгууллагынханд нөлөөлж байна.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт хоёр удаа, өөр өөр гарсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Миний охиныг автобусны буудал дээр зогсож байхад Жавхлан ирээд утсыг нь авч дэлгүүр рүү зугтсан байсан. Охин минь хойноос нь гүйгээд гурвуулаа дэлгүүрээс гарч ирж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан. Тэгээд л камерт дахиж бичигдээгүй. Тэр өдрийн орой охин ирэхгүй, бид шөнөжин хайсан. Өглөө нь Баянзүрх дүүргийн Шүүхээс цогцос олдлоо охин чинь байж магадгүй гэсэн. Охины минь хамар мурийсан, нүүр ам нь дан цус болсон байдалтай цогцос нь олдсон. Эрүүл саруул өсч явсан хүүхэд шүү дээ. Гэтэл шүүх эмнэлгийн эхний дүгнэлтээр үүдэн шүдгүй гэж харсан. Тухайн үед бид шүдийг нь харж чадаагүй л дээ. Шүүх эмнэлгийн анхны дүгнэлтээр үүдэн шүдгүй гэж гарсан. Харин дараагийнх нь дүгнэлтээр шүдтэй гэж гарсан. Үнэндээ миний охиныг зодож байгаад архи, дарс уулгасан. Түүнээс миний охин юун архи уух. Өвөө, эмээгийнхээ өвөрт унтдаг байсан хүүхэд юм шүү дээ.

-“Очир” төв үйл ажиллагаа явуулж байгаа юу?

-“Очир” төв үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хажуугаар нь бид өдөр бүхэн өнгөрнө. Ямар хэцүү вэ. Бид охидуудаа яаж  насанд хүргэх вэ. Нялх үрсээ хаанаа нууж насанд хүргэх юм бэ. 

Т.Хулан

Эх сурвалж: Chuhal.Mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close