Бусад хүмүүс

Толгойны хэлбэрээсээ болж ээждээ хаягдсан хүүг аз дайрчээ

Украинаас гаралтай Дима Калекин хүүтэй танилцана уу. Тэр өөрийнхөө биологийн эцэг эхийг мэддэггүй…

Димаг төрөх үед эмч нар түүнд “гидроцефали” буюу “тархины усжилт” гэх онош тавьжээ. Харамсалтай нь, Димагийн эцэг эх түүнийг харангуутаа хүнлэг бус шийдвэр гаргасан байна. Тэд хөөрхий хүүг эмнэлэгт хаяж яваад, ахин эргэж ирсэнгүй.

Энэхүү түүхийг Украины “Факты и комментарии” сонинд нийтэлжээ. Эцэг эх нь хаяж явсны дараа Дима Украины зүүн хэсэгт орших Краматорск хот дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамжийн газарт хүргэгдсэн байна.

Хүүхдийн асрамжийн газарт дөрвөн жил амьдарсны дараа Дима урдын адил хоолны хэрэгсэл ашиглаж мэдэхгүй, тэр ч байтугай, хөлөө зөөж явж чадахгүй хэвээр л байлаа.

Хүүгийн бие организм хэзээ нэгэн цагт хэвийн байдлаар хөгжинө гэдэгт асрамжийн газрын ажилтнууд итгэлгүй байсан бөгөөд хүүг ийм удаан хугацаанд амьдран, тэр ч байтугай, хэдэн үгс хэлж чадаад байгаад тэд гайхсаар байв.

2014 оны эхээр Украины зүүн хэсэгт дайн дэгдэн, Дима хүү шинэ аюултай тулгарлаа. Түүний амьдарч байсан асрамжийн газар нь дайтагч талуудын хил дээр оршиж байсан учраас аюулгүй газар олохын тулд нүүлгэн шилжүүлэлт хийхэд хүрчээ.

Бүтэн долоо хоногийн турш асрамжийн газрын ажилтнууд болон хүүхдүүд нэг газраас нөгөө рүү нүүдэллэн, ус, хоол хүнс, эм тариа дутмаг зутруу байдалд байсан аж. Азаар, тун удалгүй дайны талбараас хол аюулгүй газарт хүүхдүүд хүргэгдсэн байна.

Асрамжийн газрын хүүхдүүд Украины хоёр дахь томоохон хот болох Харьковын эмнэлэгт хүргэгдэх үеэр Димаг анх удаа харсан эмч, сувилагчид өрөвдсөндөө нулимс дуслуулах шахжээ. Дайны хөлөөс зугтаж байсан айдас нь хүүгийн сэтгэлзүйд хүндээр нөлөөлсөн байж.

Дайн тулааны үймээнд нэрвэгдсэн Украин улсад Дима амьд үлдэж чадахгүй гэдгийг эмч нар мэдэж байлаа. Иймд тэд уг өрөвдөлтэй хүүг өргөж авах гэр бүл хурдхан олдоосой хэмээн залбираад өгнө үү гэж сүмийн санваартныг гуйсан гэнэ.

Ламын залбирлыг Бурхан сонсчээ. Дима болон бусад хүүхдүүд өнчин хүүхдийн шинэ асрамжийн газарт очоод удаагүй байтал АНУ-ын Вермонтоос гэр бүлийн хос Эрнест, Рут Чавес хоёр тэдэн дээр ирсэн байна.

Украинд дайн тулаан болж байгааг мэдээнээс хараад тэд энэхүү дайны хөлд нэрвэгдсэн газраас хүүхэд үрчилж авахаар ирсэн аж. Гэр бүлийн хос Димаг харангуутаа үрчилж авахыг хүсчээ.

Эрнест, Рут нар өмнө нь долоон хүүхэд үрчилж авч байсан бөгөөд эцэг эх байх хариуцлагыг гайхалтай сайн хүлээж чаддаг хүмүүс байж. Тэд хүүхэд үрчилж авахад шаардлагатай бүхий л бичиг баримтыг тэр дор нь бүрдүүлээд, Дима удалгүй шинэ аав, ээжийнхээ хамтаар Вермонтыг зорьсон байна.

Димад Зебадьях Чавес гэх шинэ нэр өгчээ. Түүний шинэ гэр бүл бяцхан хүүгийн туулж өнгөрүүлсэн амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл байлаа. Дима олон ах эгчийнхээ хайранд умбах болсон байна.

Шинэ гэртээ ирээд хэдхэн хоног өнгөрөхөд л Дима халбагаар хооллож чаддаг болов!

Ингээд ганц жил өнгөрөхөд, үхэл амьдралын зааг дээр байсан өрөвдөлт хүү огт өөр хүн болж хувирчээ. Тэр ярьж чаддаг болж, украин, англи алинаар нь ч сайн ойлгодог болсон аж. Хамгийн гол нь, тэр явж чаддаг болсон байна. Үнэхээр гайхалтай хөгжил, дэвшил!

Америк эмч нар хүүг үзсэн бөгөөд тэдний хэлж буйгаар, хүүгийн тархи нь өвчинд төдийлөн хүнд нэрвэгдээгүй тул хэвийн хөгжих ихээхэн боломжууд байгаа гэжээ.

Хүүгийн өмнө хэд хэдэн мэс ажилбар даван туулах уртавтар аян зам байгаа хэдий ч тэр бол амьдрах агуу хүслээ дэлхий дахинаа үзүүлж чадсан хүчирхэг, мундаг хүү! Түүнд болон гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүсье!

Орчуулсан Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close