Энтертайнмент

Цэвэр усны хэрэглээнээс шалтгаалан өндөр төлбөр авах хэрэгтэй

Улаанбаатар хот цэвэр усны нөөц хомсдолтой хотуудын нэгд зүй ёсоор ордог болоод удаж байна. Хатан Туул хэмээн өргөмжилсөн гол нь хот дундуураа урсаж, зүй бус хүмүүсийн үйлдлээс болж жилийн жилд амь нь тасарч хурын усаар сэлбэгдэн намартай золгодог болсныг хэн хүнгүй мэднэ. Замбараагүй газар олголт, хот төлөвлөлтгүй байшин барилгууд Туул голыг ширгэхэд асар их нөлөө үзүүлж байгаагаас гадна өлөн гэдэс, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд ч асар ихээр бохирдуулсаар байна. Үүнээс гадна Улаанбаатар хотын ойр орчмын цэвдэгшил жилээс жилд гэсч, газрын гүний ус багассан гэдгийг судлаачид хэлдэг. Үүнд ч өнөөх л иргэдийн буруу үйл ажиллагаа дор бүрнээ гүний худаг гаргасан нь нөлөөлж байгаа.

Өнөөдрийн байдлаар байранд оршин суудаг иргэд цэвэр усныхаа төлбөрт тоолууртай бол литр тутамд 0,55 төгрөг, тоолуургүй бол 0,80 төгрөг төлж байгаа бол бохир усныхаа төлбөрт тоолууртай айл 0,37, тоолуургүй нь 0,50 төгрөгийн төлбөр төлж байна. Харин үйлдвэр аж ахуйн нэгж, албан газар цэвэр усны төлбөрт 1,1 төгрөг, спирт, архи впиво ундаа, усны үйлдвэр, машин угаалгын газрууд 1,5 төгрөг, ноос, ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах газрууд 1,05 төгрөг төлж байна. Гэтэл гэр хорооллын айл өрхүүд нэг литр цэвэр усыг 1-2 төгрөгөөр худалдаж авдаг. Орон сууцанд амьдардаг айл өрхүүд нэг сард дунджаар 8-10 тонн цэвэр ус хэрэглэдэг бол гэр хорооллын айлууд 250-300 литрийг хэрэглэж байна гэсэн судалгаа бий. Эндээс үзэж бага зэргийн тоо бодож үзэхэд байрны айл сард 4400 төгрөгийн цэвэр ус хэрэглэж байгаа гэр хорооллын айл нэг сард 250-300 төгрөгийн л цэвэр ус хэрэглэж байх жишээтэй. Эндээс үзэхэд байр, орон сууцны айлуудын сарын хэрэглээ асар их мөртлөө төлж буй төлбөр нь өчүүхэн бага байгааг эндээс харж болно. Уг нь бол дэлхий нийтээр цэвэр усны хэрглээг багасгах, төлбөрийг нь нэмэгдүүлэх тал дээр анхаарч, бохир усаа цэвэршүүлэн хэрэглэж байна. Гэтэл манай улсын нийслэлийн “Аз жаргалтай” иргэд л хүндэрснийхээ дараа цэвэр усаар бохироо зайлуулсаар 21-р зууны эхний 20 жилийг тууллаа.

Саяхандаа, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагаар Өмнөд Африкийн Кэйп Таун хот 90 хоногийн дараа ямар ч цэвэр усны нөөцгүй дэлхийн анхны хот болох тухай мэдээлэл гарч, манай улсын ч гэсэн хэвлэл мэдээллээр гарч байлаа. Уг хот цэвэр усны нөөцгүй хот болохоо зарлах өдөр нь энэ дөрөвдүгээр сарын 22. Улаанбаатар хотын хувьд ийм занал яг одоогоор байхгүй ч гэсэн цэвэр усны нөөц, газрын гүнийхээ ус, усны хэрэглээ, үнэ төлбөрийн асуудлыг тусгайлан шийдвэрлэхгүй бол Кэйп Таун хотын хувь заяаг давтахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс цэвэр усны хэрэглээний төлбөрийн асуудлыг яаралтай хэлэлцэж, өндөр хэрэглээнээс нь шалтгаалан өндөр төлбөр төлүүлдэг байх шаардлага үүсч байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close