Но-той хүн

Х.Бадамсүрэн дарга аа, 500 мянган ам.долларын урамшуулал авсан тань үнэн үү

“Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийг банкны барьцаанд тавьсан, хувийн эзэмшилд байсныг төрд шилжүүлсэн гэх зэрэг дуулианы учиг шийдвэр тодорхой болоогүй байгаа энэ үед дахин нэг асуудал дэгдлээ. Тодруулбал, “Монгол Зэс” корпорацийн албан ёсны лого бүхий хуудсан дээр “Маш нууц” гэх тодорхойлолттой “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ийн ажилтнуудыг шагнаж урамшуулах жагсаалт /2017/” гарчигтай нэгэн хүснэгтийн зураг цахим ертөнцөөр дамжин олон нийтэд хүрлээ.

Энэ жагсаалтад бичигдсэнээр, 2017 онд “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн “ажилтнууд” гэх 25 дарга нийт 3,260,000 /гурван сая хоёр зуун жаран мянга/ ам.доллар буюу ойролцоогоор 7,987,000,000 /долоон тэрбум есөн зуун наян долоон сая/ төгрөгийн шагнал урамшуулал авчээ.

Эдэн дундаас үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 500 мянга, Хууль эрхзүйн газрын дарга Д.Цэрэнбадам 450 мянга, тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар 400 мянган ам.доллар авсан гэж энд бичигдсэн байв. Энд хэлтсийн дарга нар, зөвлөхүүд, эдийн засагч гээд хамгийн багадаа нэг хүн 20 мянган ам.доллар буюу 49 сая төгрөг авсан гэжээ.

Хэрвээ энэ үнэн бол “Эрдэнэт Үйлдвэр” ХХК их мөнгөний саалийн үнээ гэдэг нь яах аргагүй үнэн болж таарах нь. Тиймдээ ч бүгд ийш үхэлдэж, өөр хоорондоо хэмлэлдээд байдаг нь ч баримжаатай гэж бодохоос өөр арга алга даа.

Тэгэхээр Х.Бадамсүрэн дарга аа, та ганцхан жилийн дотор жирийн монгол гэр бүлийн нэг насаараа шударгаар хөдөлмөрлөөд олж чадахгүй их мөнгийг ганцхан жилд шагнал нэрээр авсан гэгдээд буйнхаа учрыг тайлбарлаж чадах уу. Ер нь та тэргүүтэй 24 дарга хийгээд дарганцар чухам ямар гавьяа байгуулсан болоод ийм хэмжээний урамшуулал, шагнал хүртэх болов оо.

Хамгийн гол нь, энэ хүснэгтэд нэр дурдагдсан этгээдүүд бүгд мөнөөх алдарт 49 хувийн төлөөлөл гэцгээх юм. Энэ үнэн үү. Цахим ертөнцөд энэ мэдээлэл гэрлийн хурдаар тархсан. Тиймээс одоо нийгэмд талцал, эргэлзээ төрчихсөн байгаа. Одоо эрхэм дарга Х.Бадамсүрэн таны нотолгоо баримттай хариулт л хүлээгдээд байна шүү.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close