Бусад хүмүүс

МОНГОЛЫН УРАН НУГАРААЧИД “АВАТАР” ҮЗҮҮЛБЭРЭЭР ГРАН ПРИ ШАГНАЛ ХҮРТЭВ

Монголын циркийн хөгжлийн төвийн найман уран нугараач олон улсын хүүхэд залуучуудын наадмаас Гран при шагнал хүртлээ.

Тодруулбал, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Соёлын яам, “Бүгд найрамдах Буриад улсын цирк”, тус улсын Соёлын яамны дэмжлэгээр Улаан-Үд хотноо энэ сарын 18-25-нд болсон “Дэлхий ертөнц ба циркийн ялалтууд” олон улсын хүүхэд залуучуудын наадамд Монголын уран нугараачид шилдгийн шилдгээр тодорсон юм.
Мэргэжлийн циркийн урлагийг хөгжүүлэх, циркийн жүжигчдийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тав дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд ОХУ, Буриад, Монгол зэрэг орны циркчид 6-14 нас, 14-25 насны ангиллаар өрсөлдөв.
Энэхүү наадамд эх орноо төлөөлөн Монголын циркийн хөгжлийн төв, “Модерн цирк” төвийн уран бүтээлчид оролцсоноос Монгол Улсын СГЗ, Буриад улсын Төрийн шагналт Ц.Сэлэнгийн удирдсан Монголын цирк хөгжлийн төвийн уран нугараачид “Аватар” үзүүлбэрээрээ шилдгийн шилдгээр шалгарч Гран при шагнал хүртлээ. Харин “Модерн цирк” төвийн нугараачид хоёрдугаар байр эзэлжээ.
Уран нугаралтаар 3-6 жил хичээллэж буй 11-13 насны сурагчид ийнхүү олон улсын наадамд амжилт үзүүлэн, маргааш эх орондоо ирэх юм байна.

Дашрамд дурдахад, Монголын циркийн хөгжлийн төвийн Ц.Сэлэнгэ багшийн шавь нар нь Дю Солейн цирк болон дэлхийн алдартай циркүүдэд ажилладаг бөгөөд Санкт-Петербург хотын “Avtovo” циркийн анхны олон улсын фестиваль, Залевскийн цирк, Мантово хотод Италийн телевизийн наадам, Варшав, Красноярск, Итали, Латин, БНХАУ-ын циркийн олон улсын наадамд амжилттай оролцон эх орныхоо нэрийг гаргаж байв.

Ж.Болор

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close