Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Д.Лүндээжанцан: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа долоо хэмжиж, нэг огтолно

Улс төр

Д.Лүндээжанцан: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа долоо хэмжиж, нэг огтолно

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах гэж буйтай холбогдуулан зөвлөлдөх санал асуулга гэж юуг хэлэх, ямар зохион байгуулалтаар явуулах талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.

Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулахаар болжээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай” шийдвэрийг 2017 оны дөрөвдүгээр сарын 07-нд гаргаж, Улсын Их Хурлын тогтоол баталсан. Үүний дагуу анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулна.

Үндсэн хуулийн цэцийг ажилтай байлгадаг иргэн Д.Ламжав, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарыг сонгосон. Энэ хүмүүс ямар нэг улстөрийн болон бусад нөлөөнд орохоор хүмүүс мөн үү.

Манай улс өмнө нь 1945 онд ард нийтийн санал асуулгыг тусгаар тогтносон бүрэн эрхт улс байх асуудлаар явуулж байсан. Ард нийтийн санал асуулгын тухай хууль Үндсэн хуулийн дагуу батлагдаж, мөрдөж байгаа ч хэрэгжээгүй байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль хоёр сарын өмнө батлагдсан.

Тиймээс ард нийтийн санал асуулгаас өмнө зөвлөлдөх санал асуулга явуулахаар болсон. Үндсэн хуульд хэрвээ нэмэлт, өөрчлөлт оруулахаар бол заавал зөвлөлдөх санал асуулга явуулна гэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу явуулахаар шийдвэрлэсэн.

-Зөвлөлдөх санал асуулга явуулаад, иргэдийн оролцоотойгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх нь гэж ойлголоо. Энэ үйл явц улстөрөөс хараат бус явагдах баталгаа бий юу?
-Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу санал асуулгыг удирдан зохион байгуулах, санал асуулгын асуултыг боловсруулах, дүнг хэлэлцэж, зөвлөмж гаргах, энэ талаархи мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий 21 нас хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан 5-11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар заасан. Энэ дагуу Зөвлөлдөх зөвлөлийг найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Ямар нэг хуйвалдаан, буруу санаа оруулах вий гэдгээс сэргийлэхийн тулд Зөвлөлдөх зөвлөл байгуулж, хяналт тавиулж байна. Зөвлөлийн даргаар Үндсэн хуулийн цэцийг ажилтай байлгадаг иргэн Д.Ламжав, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарыг сонгосон. Энэ хүмүүс ямар нэг улстөрийн болон бусад нөлөөнд орохоор хүмүүс мөн үү гэдэгт монголын ард түмэн дүгнэлт хийдэг байх.

Гишүүдэд мөн л улстөрөөс хараат бус, гэхдээ тухайн асуудлаараа мэргэшсэн манай шилдэг эрдэмтэн судлаачид болох  Үндсэн хууль баталсан гол депутатуудын нэг Д.Чойжамц хамба,  эрдэмтэн зохиолч, гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, Хууль зүйн сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн багш, Үндсэн хуулийн цэцийн гишүүн байсан Ц.Сарантуяа, шинжлэх ухааныг төлөөлж филисофи, социологийн нэрт эрдэмтэн Г.Чулуунбаатар, иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж Д.Сүхжаргалмаа, бизнесийнхнийг төлөөлж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Б.Лхагважав зэрэг нэр хүнд бүхий хүмүүс хяналт тавьж, шүүж байна.

-Санал асуулга ямар зохион байгуулалтаар болох вэ?
-Зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттай явуулна. Энэ сарын 12-ны өдрийн 17.00 цагаас орон даяар санал асуулгын нэгдүгээр үе шат эхэлсэн.

Үндэсний статистикийн хороо зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны судалгааг орон даяар явуулсан. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс санамсаргүй түүврийн аргачлал ашиглан, Монгол Улсын насанд хүрсэн, нийт хүн амыг төлөөлөхүйц 1570 иргэнийг сонгож авсан.

Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 хүнд шууд асуудлыг тавьж асуусан. Урдчилсан мэдээлэл өгөхгүйгээр харанхуй асуусан. Хоёрдугаар шатанд тэр хүмүүсийн талыг Улаанбаатарт урьж авчраад шинжээчид, мэргэжлийн хүмүүс Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн сайн нь юу байх, муу нь юу байж болох талаар тэнцвэртэй мэдээлэл өгнө. Өөрөөр хэлбэл, Үндэсний статистикийн хороо нэг дэх шатанд оролцогчдын 50 хувийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, хоёр дахь шат буюу зөвлөлдөх уулзалтад ирэх иргэдийг сонгосон.

Санал асуулгад оролцогчид лавлаж асуух, мэтгэлцэх байдлаар хоёр өдөр хэлэлцэж, хуралдана. Энэ үйл ажиллагаа энэ сарын 29-30-нд Төрийн ордонд болно.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн асуулгын агуулга юу байв. Санал асуулгын дүн хэзээ гарах вэ?
-Үндсэн зургаан сэдвийн хүрээнд хамаарах асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Үүнд:

1. Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах,

2. Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох,

3. Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх,

4. Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх,

5. Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах,

6. Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага, Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах.

Дээрх зургаан сэдвийн хүрээнд санал асуулгыг явуулна. Эндээс ийм асуудлыг ард түмэн өнөөдөртөө ингэж шийдэх нь зүйтэй гэж үзэж байна, эсвэл шийдэх шаардлагагүй гэж үзэж байгаа юм байна гээд дүн нь гаргаад ирнэ. Зөвлөлдөх зөвлөл асуулгын дүнг нэгтгэн, дүнгийн тайланг тавдугаар сарын 04-ний дотор Зөвлөлдөх зөвлөлд танилцуулна.

Үндсэн хуулийн ийм заалтыг ингэж өөрчлөх нь зүйтэй, эсвэл буруу гэсэн байр суурийг Монгол Улсын иргэд зөвлөлдөх санал асуулгын үр дүнгээр гаргалаа гээд тавдугаар сарын 05-ны дотор зөвлөмж гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах юм.

Улсын Их Хурал Зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэсэн зөвлөмжийг үндэслэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар шийдвэр гаргаад явах учиртай. Ийм л үйл явцтай. Маш товчхоноор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал долоо хэмжиж, нэг огтлох зарчмын үндсэн дээр шийдвэрлэгдэнэ.

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top