Но-той хүн

Санжийн Баярыг намынхан нь өмгөөлөхгүй байхаар шийдсэн гэв үү?

АТГ-аас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд, ЗГХЭГ-ийн дарга асан С.Баярцогт, Татварын Ерөнхий Газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компаний захирал асан Б.Бямбасайхан нарт эрүү үүсгэн, яллагдагчаар татан, баривчлан шалгаж байгаа билээ.

Энэ тухай Ардчилсан Намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өөрийн байр суурийг илэрхийлэхдээ: “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд гэм буруутай нь тогтоогдох хүртэл АН-ын гишүүн хэвээрээ байна. Шаардлагатай гэвэл намаас бүх талын дэмжлэг, тусламж үзүүлэх болно. Эрх баригчдын зүгээс манай намын гишүүдийг улс төрийн зорилгоор, хэлмэгдүүлэх гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар асуудал үүсгэвэл бид улс төрийн тодорхой алхамуудыг хийнэ. Үүнээс гадна манай намын харъяалалтай Б.Бямбасайхан, Б.Ариунсан гэх мэт хүмүүс түүнтэй цуг хоригдсон байгаа. Одоогоор энэ асуудлыг бид анхааралтай ажиглаж байгаа” гэжээ. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд тус намын гишүүн Ерөнхий сайд асан С.Баярын баривчилгааны тухайд: “Хариуцлага алдсан хэн ч хуулийн өмнө адил тэгш байх ёстой. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох боломжгүй ээ.

Надад тийм ёс зүй ч байхгүй. Миний нэрийг мэдээндээ хавчуулдаг, санаатай харлуулах гэж оролддог хэсэг бүлэг минь одоо болоо юм биш үү?” гэж хэлсэн байна. Харин эх сурвалжуудын өгүүлж байгаагаар МАН-ын удирдлагууд Ерөний сайд асан Санжийн Баярийг өмгөөлж, ямар нэг үйлдэл хийхгүй, тэр бүү хэл элдэв мэдэгдэл ч хийх шаардлаггүй гэж үзсэн тухай мэдээлэл хөвөрч байна. Ерөнхий сайд асан С.Баярыг нэг сар хорих шийдвэр гаргах үеэр түүний өмгөөлөгч А.Ариунаа: “Миний үйлчлүүлэгч С.Баяр өөрөө хэлэхдээ нэг сар баривчлагдах, цагдан хоригдох нь надад сонин биш.

Гэхдээ Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Монголын хоёр ч Ерөнхий сайдыг баривчлан хорих нь дэлхий нийтэд Монгол улсын нэр хүнд унах асуудал үүсэх вий. Оюутолгойн хувьцааны ханш унаснаар эдийн засагт нөлөөлж болох юм. Энэ талаас нь харж үзэх хэрэгтэй шүү гэсэн” гэж хэлжээ. Ямартай ч авлига албан тушаалын хэргээр өндөр албан тушаал хашиж явсан дээрх хүмүүс болон нэр бүхий албан тушаалтнуудыг АТГ-аас баривчилсан явдал нь олныг ихээхэн шуугиулаад байгаа бөгөөд цаашид үйл явдал хэрхэн өрнөх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ тухай мэдээллийг бид эргэн сурвалжлах болно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close