Улс төрчид

Багануурт 127 га газрыг Хятадуудын мэдэлд өгчээ

Монгол Улсын Засгийн газраас Багануурын 700 мгвт хүчин чадалтай цахилгаан станцын концессын шалгаруулалтад 2014 онд зарлаж, “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” ХК оролцогчоор шалгарчээ. Ингэснээр  тус хятад группын 100 хувь охин компани болох Монгол Улсад бүртгэлтэй “Багануур пауэр” компани уг концессийн гэрээг эзэмшихээр болжээ.

Гэрээ ёсоор бол 21 жилийн турш ашиглах тухай заасан бөгөөд барихад 4 жилийг зарцуулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, нийтдээ 25 жил барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр Хятадуудын мэдэлд очсон гэсэн үг.

Цахилгаан станцыг барихад 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна. Гэрээнд зааснаар бол жил бүр хамгийн багадаа 4,2 тэрбум киловатт цаг эрчим хүчийг Монголын тал тохирсон тарифаар бодон заавал худалдан авах шаардлагатай. Хэрвээ хэмжээнд нь хүрээгүй тохиолдолд зөрүү төлбөрийг Монголын тал нөхөж барагдуулах нөхцлийг Засгийн газар хүлээжээ. Ингэснээр нэг киловатт цаг эрчим хүчийг 9 цент буюу 225 төгрөгөөр үг дуугүй худалдаж авах заалт оруулжээ.

Гэтэл Монгол Улс ОХУ-аас импортоор худалдан авч байгаа үнэ 80 гаруй төгрөг байдаг юм.

Энэ станц баригдсан тохиолдолд Монголын эрчим хүчний хэрэглээний 60-70 хувийг хангах хүчин чадалтай гэнэ. Хэрвээ бүрэн хүчин чадлаар ажиллаж, жилд заасан хэмжээний эрчим хүчийг Монголын тал худалдаж авсан тохиолдолд 2, 3, 4-р цахилгаан станцуудын ачааллыг хөнгөлөх гэнэ. Цаашлаад эдгээр цахилгаан станцууд үүдээ барьж, улмаар 3000 хүн ажилгүй болох ч нөхцөл байдал үүсч болзошгүй.

Тиймд энэ гэрээ нь Монголын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж олон хүн эсэргүүцэж байгаа ажээ. Зөвхөн станцын барилга дээр 900 орчим хятад ажилтан авчрахаас гадна 600 инженер ирнэ гэх мэдээлэл ч гарч байна. Монголын эрчим хүчний үйлдвэрлэлийн үлэмж хэсэг 21 жилийн хугацаагаар хятадуудын мэдэлд очих бөгөөд энэ хооронд Багануурт олон тооны хятадууд суурьших болно. Одоо яг энэ зориулалтаар Хятадын дээрх компанид 127 га газрыг олгоод байгаа  гэнэ.

Нөгөөтэйгүүр, эрчим хүчийг хоёр дахин үнэтэйгээр Монголд нийлүүлэх гэрээ нь эдийн засагт хор хохирол учруулж таарна. Хятадын төрийн өмчит компани Монголын эрчим хүчний салбарт 25 жилийн турш монополь эрхтэйгээр ажиллах боломжийг концесс нэрээр бий болгожээ. Мөн нүүрсээр хангах үүргийг Засгийн газар өөртөө авсан байна. Ийм гэрээ хийхийн тулд Хятадын компани 60 сая ам.долларыг зарцуулсан гэсэн албан бус мэдээ байгаа юм. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед байгуулагдах эхлэл тавигджээ.

Эх сурвалж: Zindaa.mn

Б.Хурцболд

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close