Бусад хүмүүс

Бермудын гурвалжны нууц тайлагджээ.

Атлантын далай дээрх Бермудын гурвалжны ойр орчим хамгийн аюултай бүсэд тооцогддог билээ. Энд  хөлөг онгоц, агаарын хөлгүүд эртнээс алга болдгоороо алдартай юм. Иймээс ч түүнийг “Чөтгөрийн гурвалжин” хэмээн зарим нь нэрлэдэг.

Дэлхийн том далайн өөр хаана ч тохиолддоггүй өвөрмөц үзэгдэл чухам энэ районд яагаад гараад байдаг юм бол? Энэ асуултын хариуг эрдэмтэн судлаачид олон жил хайсаар ирсэн ч төдийлөн баталгаатай дүгнэлтэд хүрч чадаагүй байгаа.

Тэгвэл саяхан америкийн цаг уур судлаачдын нэгэн бүлгийн хийсэн судалгаа шинжилгээний ажил нь Бермудын гурвалжны нууцлаг түүхэнд цэг тавих хэмжээний болсон гэнэ. Энэхүү гурвалжинтай холбоотой хамаг асуудал бараг шийдэгдчихлээ хэмээн эрдэмтэд батлаад байгаа аж.

Колорадо мужийн Их сургуулийн цаг уур судлаач  эрдэмтэн Стив Миллер Бермудын гурвалжны бүс нутаг дахь агаарын нөхцөл байдлыг судлах үйлсэд амьдралынхаа арваад жилийг зарцуулсан байна. Миллер орон нутгийн эргийн хамгаалалтын мэргэжилтнүүдтэй хамтран нэгэн зоримог онолыг дэвшүүлжээ. Тэрээр тухайн бүс нутагт тохиолддог аюулыг агаарын ямар нэгэн гажуудал үүсгээд байна хэмээн таамаглаж, онолоо баталгаажуулахын тулд судалгаа шинжилгээ явуулах өөрийн гэсэн бүлгийг цуглуулсан гэнэ.

Стив Миллерт агаарын гажуудлыг эрж хайх санааг тухайн бүс нутгийн хиймэл дагуулаас авсан зургуудад нарийвчилсан задлан шинжилгээ хийсэн явдал нь анх төрүүлсэн байна. Орчин үеийн оптикийн хүчин чадал  нь ямар ч зургийг хангалттай хэмжээнд томруулах боломж олгодог учраас Бермудын гурвалжингийн дээгүүрх зургаан өнцөгт хэлбэр бүхий хачирхалтай үүлсийг цаг уур судлаач эр олж харсан аж.

Үүлсийг ийм хачин хэлбэр дүрстэй болоход нь Атлантын далай өөрөө тусалдаг байж. Далайн гүехэн хэсгүүдийн бүлээн ус дээшээ хүйтэн агаарт хөөрөхдөө өөрийн гэсэн хэлбэр дүрс бүхий хайрцаглал үүсгэдэг аж. Тэдгээр зургаан өнцөгт үүлс Бермудын гурвалжин дээгүүр хэсэгтээ нүүдэллэж байгаад дараа нь дэлбэрч, агаарын хүчтэй урсгалыг үүсгэдэг гэнэ.

Чухам энэхүү дэлбэрэлтээс үүсдэг агаарын хүчтэй урсгал нь тухайн бүс нутагт сураггүй алга болсон тэдгээр хэдэн арван хөлөг онгоц, агаарын хөлгүүдийн золгүй явдлын гол шалтгаан аж. Дэлбэрэлтээс үүссэн салхины хүчтэй урсгал доошоо далай руу бууж, агаар мандлын давалгааны харилцан үйлчлэл асар хүчирхэг хуйг дэгдээхэд түүнээс мултарч гарах боломж хүн төрөлхтөний бүтээсэн техник хэрэгсэлд одоогоор  байхгүй гэнэ.

Хэрэв салхины хүч бүр их бол доошлохдоо тэнгисийн мандлыг хүчтэй мөргөсний улмаас бараг 40 метр өндөр давалгаа буюу мини-цунами үүсдэг юм байна. Миллерийн багийнхан судалгаа шинжилгээний ажил хийж явахдаа тэр хавийн задгай тэнгист нэгэн тийм давалгаатай таарч байсан бөгөөд азаар тэдний хажуугаар өнгөрсөн юм байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close