Бусад хүмүүс

Ажлаа хийдэггүй зүрх БУЮУ Чиний дурлахаа больсон шалтгаанууд

Чи нөхөртэй ч бай, дөчтэй ч бай, шархалсан ч бай, залхсан ч бай, дурлах мэдрэмжийг байнга авч байх ёстой. Энэ бол дэлхий дээр байдаг цөөн хэдэн ид шидийн нэг. Гэтэл чи хэзээ хамгийн сүүлд хүнд дурласнаа санаж байна уу?

Анхаар! Зүрх чинь ажиллагаагүй болчихож. Үгүй ээ, чи үхэхгүй. Зүгээр зүрх чинь л ажлаа хийхээ больчихсон байна. Эзэн нь юм байж, наад зүрхээ сайн ажиллуул даа.

Ажлаа хийдэггүй зүрх БУЮУ Чиний дурлахаа больсон шалтгаанууд

Сайхан цаг үе байсаан байсан. Чи хэн нэгнээс дуудлага хүлээгээд л, мессежний дохио дин дин гэхэд л цээжин дотор түг түг гээд л. Байн байн санаа алдаад л, бас сайхан харагдах гэж хичээгээд л. Уурлахдаа хүртэл илүү хөөрхөн уурлах гэж хичээдэг байсан гээд бод доо. Дэлхий ертөнц диваажингаас ч илүү санагдаж, дэмий балай мөр холбон шүлэг тэрлэх гэж оролдоод л… Тэгэхэд чи ямар аз жаргалтай, өөдрөг, тэмүүлэлтэй, амьдралд хайртай байснаа санаж байгаа биз дээ? Дурлал гэдэг ерөөсөө л допинг гэсэн үг. Биен дотор чинь нааш цааш гүйлдэж байгаа 37 их наяд эсийг хөдөлгөөнд оруулж, чамайг зүгээр амьсгалж байгаа биш амьд гэдгийг мэдрүүлж чадах агуу зүйл. Юу ч хийсэн бүтэх юм шиг, бурхан чиний талд байгаа юм шиг, саад тотгор, өө сэвийг үл анзааран өнөөдрөөрөө амьдрах боломж олгодог, эзгүй цөлийн дундах баянбүрд билээ.

Минийх, чинийх гэлтгүй хүн бүрийн зүрх дээд зэргээр дурлах бололцоотой. Гэтэл чинийх энэ үүргээ биелүүлээгүй хэчнээн удаа вэ? “Юу болоод өнгөрөв өө? Дурлачихлаа гэж үү, зүрх минь?” гэж амандаа өөрийн эрхгүй аялалгүй хэдэн сар, жил болоо вэ?

Тийм ээ, тийм. Чи болзож, халамжилж, эсвэл хайж байсан л байх. Гэхдээ тэр хамаагүй, дурлах л бол дурлах. Зүрхэндээ дурлах завдал гаргахгүй, урдуур нь дур мэдэн орж баахан шалгуур тавьчихаад, тэгээд “Дурлах хүн нь хаа байна аа?” гэж хэн нэгнээс нэхэж суугааг чинь би мэдэж байна. Эсвэл анх самууртлаа дурлаж байсан нөхрөө одоо шар айрагны гүзээ л гэж хардаг болчихоод, насан туршдаа ахин хүнд дурлахаасаа өнгөрсөн гэж өөрийгөө бодож байгаа ч байж магадгүй. Тэгвэл дурлахад насны тоо, гэр бүлийн байдал, ажил мэргэжил юу ч хамаагүй гэдгийг хэлчихье. Чи зүгээр л зүрхээ чөлөөлөх хэрэгтэй.

Чиний дурлахгүй байгаа шалтгаан №1:

Би нөхөртэй ш дээ Нөхөртэй л болчихвол бүх юм дуусчих юм шиг санадаг бүсгүйчүүдийн нэг чамайг биш гэж найдаж байна. Гэхдээ л гэгэлздэг мэдрэмжээ гэрлэх ёслолын ордонд үүрд үлдээчихсэн гэж бодож байвал том эндүүрэл шүү. Хааяа хааяа, жишээ нь ганц бие найзуудынхаа санаандгүй учралын тухай яриаг сонсохоороо, бас бие биенээсээ нүдээ салгаж чадахгүй зугаалж яваа арван наймтуудыг харахаараа тэдний дэргэд нөхөртэйгөө өнөө оройн хоолонд юу хийх тухайгаа л ярьдаг болсон, бас хоёр хүүхдээ агаарт гаргах гэж л салхилдаг болсон ээж эмэгтэй чи хэзээ ч ахин тэдэн шиг, өөрийгөө мартталаа дурлахгүй юм шиг санагддаг л байх. Буцаад хэдэн жилийн өмнөх шиг дурлахыг хүсэх тэр бодлоосоо хүртэл айж, ингэх нь нөхрөө хуурч байгаа явдал гэж нүдээ дардаг байх л даа. Гэхдээ сонс, хонгор минь. Дурлах эрх гэрлэлтээр хязгаарлагддаг юм биш.

Хэрвээ чи хүний сайхныг харах нүдээ хоёр гараараа дараад байвал нөхрийнхөө сайхныг ч олж харахгүй биш гэж үү? Хэрвээ чи гоё залууг хараад дотроо уулга алдахаа больчихвол нөхрөө ч бас ямар гоё харагдаж байгаа талаар нь бодохоо больчихно, үгүй гэж үү? Дурлахад бэлэн нүд ганцхан л байдаг, түүнийг нь сохолчихвол амьдрал дэндүү уйтгартай болчихно.

Буруугаар ойлгуузай бүсгүйчүүд минь, хамгийн хайртай хүнээ хуурах хэрэгтэй гэж огт зөвлөөгүй шүү. Харин гоо сайхны мэдрэмж, эр хүний хийсэн жижигхэн зүйлд ч хөдөлдөг соргог сэтгэлээ л битгий унтраагаач гэж захих гэсэн юм. Дурлана гэдэг уулзана гэсэн үг биш. Дурлана гэдэг учирна гэсэн үг биш. Дурлах бол цээжин дотор хоромхон зуур асаад өнгөрдөг л оч. Тиймээс дурлахаас битгий айгаарай. Ороолтонд чинь сүрчиг цацаж өгсөн үнэртэй усны худалдагч залууг бодож инээмсэглэхээсээ бүү төвөгшөө. Замын турш фитнессийн тухай яриа өрнүүлсэн эелдэг булиа жолоочийн таксинаас буугаад “Дур булаам залуу байлаа шүү” гэж бодохоосоо цааргалах хэрэггүй. Супермаркетын дээд тавцангаас сүү авч өгсөн тусархаг эрийг тэндээс гарахаасаа өмнө ахин нэг удаа хайхдаа өөрийгөө буруу зүйл хийлээ гэж битгий ялла. Хэрвээ чи ингэж чадаж байгаа бол үе үе нөхрөө хараад, дөнгөж анхны удаа л харж байгаа юм шиг илэрхийлэхийн аргагүй сонин мэдрэмж авдаг байж таарна. Бас гэнэт л нөхрийнхөө тухай бодлоор толгой дүүрээд, түүн рүү урт гэгчийн мессеж бичдэг чинь болиогүй л байж таарна.

Дурласан мэдрэмж авах болгондоо түүнийгээ хариулах гэж, заавал хариу үйлдэл үзүүлэх гэж оролдох шаардлагагүй. Учир нь энэ мэдрэмжийг ус агаар шиг л, амьдралаас байн байн аваад сурчихвал юу ч хуучрахгүй, юу ч уйтгартай санагдахгүй. Өдөр бүр нөхөртөө дурладаг болохын тулд өдөр бүр эргэн тойрондоо дурладаг байх хэрэгтэй. Шоронд хорьчихсон, юуг ч мэдрэхээ больчихсон зүрхээ суллаж харсан болгоноосоо хачин сайхан, дуу алдам, дурлам зүйлийг олж харахад нь туслаарай.

Чиний дурлахгүй байгаа шалтгаан №2:

Дурлаж явдаг нас өнгөрсөөн “Би 30-тай ганц бие бүсгүй. Гэр бүл, найз нөхдийн хүнтэй суугаач гэсэн дарамт хэмжээлшгүй их байсан нь ойлгомжтой. Би ч дурласан, надад ч дурласан хүнтэй сууна аа гэхэд найзууд маань өдий насандаа жоохон охин шиг юу яриад байгаа юм бэ, чи бидний гэнэн цагаанаар дурлаж хайрладаг нас өнгөрсөн, одоо гэр бүлгүй, ар гэрээ авч явах чадвартай, даруу төлөв хүн олдвол бушуухан суухаа бод гэж зөвлөдөг байлаа. Би ч сүүлдээ итгэл алдарч, болзож байсан боломжийн залуутайгаа гэрлэхээр шийдээд байв. Гэтэл тэдний хэлсэн худлаа юм билээ. Ажил дээр маань ирсэн дадлагын оюутан залуу намайг яг л арван наймтай юм шиг болгосон. Түүний насандаа баймгүй ухаан, эр хүний үүрэг хариуцлагаа ухамсарласан байдал нь биширмээр. Бас надад ч муугүй гэдэг нь мэдрэгддэг. Зүгээр аятайхан залуу шүү гэж бодож уулзах, гайхалтай юм аа гэж бодож уулзах хоёр тэс өөр. Бүтэлгүй болсон ч хамаагүй, би ийм гоё юмыг өөрийгөө дурлах эрхгүй, боломжгүй хүний тоонд оруулан хажуугаараа өнгөрүүлэх шахсан гэж бодохоор л итгэж өгөхгүй юм. Өөрийгөө хөгшин гэж бодоод дурлахаа мартчихсан над шиг хүмүүст зөвлөхөд: Дурлахад нас хамаагүй юм байна, би өдөр бүр дүүлэн нисч байгаа.” –Гоолингоо.мн дээрх сэтгэгдэл, Зочин: Miracle

Чиний дурлахгүй байгаа шалтгаан №3:

Дурламаар л байна, гэхдээ хүн нь хаа байна? Ганц бие найзуудын маань амны уншлага шиг болсон зүйл дээ. “Нээх гоё дурлах юмсан” гэж бүгд ярьцгаадаг ч хэн нэгэн өөртэй нь дотносъё гэхэд “Уг нь эелдэг боловсон, гоё инээмсэглэлтэй л залуу байсан. Гэхдээ унасан машин нь биш ээ” гэх юм уу “Бид хоёрын болзоо үнэхээр романтик байсан л даа. Даанч зураач гэхээр чинь амьдралын баталгаагүй байгаа биз дээ?” гэж хэлэн урмыг маань хугалдаг юм.

Үнэндээ зүрхэнд чинь түүний ямар машинтай, ямар ажил хийдэг, ямар сургууль төгссөн эсэх нь огт падгүй. Зүрх зөвхөн дурлахыг л хүсдэг. Чамд тэр хүнийхээ үүднээс таалагдаж байна уу? Тийм ээ гэвэл асуудал юу байна?

Дурлахад тохиромжтой хүнийг хайгаад байлгүй, өнгөрсөн, ирээдүйг түр зуур мартаад өнөөдрөөрөө амьдар. “Зүрх зүрхээ өөрөө олдог” гэдэг үгний утга нь зүрх дурлах хүнээ өөрөө олдог оо гэсэн үг. Тархи туслах шаардлагагүй, түүнд саад хийх гэж оролдох хэрэггүй. Дөнгөж нахиалж эхлэх гэж байгаа хөөрхий ургамлыг хайр найргүй таслаад хаячихаж болохгүй шүү дээ. Найзуудынхаа “Холын зайны харилцаа бүтдэггүй юм өө”, “Харш жилтэй хүмүүс нэг л бүтэлгүй амьдардаг гэсэн” гэдэг хий дэмий зөвлөгөөнүүдээр өөрийнхөө дураараа дурлаж, бас дураараа шаналах гэж байсан зүрх сэтгэлдээ бүү хаалт хийгээрэй. Бүтэхгүй бол тэр л биз. Гэхдээ тэр хүний л бичсэн зүйлийг харах гэж facebook-д орж, тэр хүнтэй л уулзах гэж ажлаа тасалж байсан өсвөр насны охин шиг дурсамжууд чинь чиний өвөртөлж явах баялаг болж үлдэнэ.

Хүн нь хаана байна аа гэсэн билүү? Нүдээ нээгээрэй, Монголоор дүүрэн дурламаар залуус байна. Заримыг нь чи өөртөө хэтэрхий гоёдоно гэж эндүүрч магадгүй. Ер нь тэд чамайг тоох, үгүй нь ч энд хамаагүй. Зүгээр л чи тэдэнд дурлаж, хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгийг нь биширч, чадах бүхнээрээ дэмжиж, нууцхан горьдлогоо сэтгэлдээ чихэр мэт хүлхэж явах нь ч сайхан шүү дээ. Бас дурлалынхаа төлөө зоригтой алхам хийж, захианыхаа хариуг хүлээж байгаа жаахан охин шиг догдлохын амтыг нэр төрөө бодон, хэн нэгэн тохиромжтой залууг өөрөө хүрч ирэхийг хүлээн суухын амттай зүйрлэшгүй.

“Та нар залуу насыг залуу юм шиг эдлэ л дээ. Ухаарч сэхээрч, галтай дөлтэй, ёсоор нь л яв даа. Залуу насаа өвгөн, эмгэн шиг өнгөрөөчихсөн бол харамсана. Залуу насыг залуу чигээр нь л эдлэ” –Б.Лхагвасүрэн

Чиний дурлахгүй байгаа шалтгаан №4:

Дурласан, гэхдээ алдсан Чиний солиортлоо дурласан залуу гаж донтон, хуурамч амьтан байсан нь тоогүй хэрэг. Би чиний өмнөөс харамсаж байна. Гэхдээ л чамд “Одоо хаширсан биз дээ? Дахиж дурлах гээд яахав дээ” гэж зөвлөж хэзээ ч чадахгүй.

Хамгийн гайхалтай нь хүний зүрх хэдэн ч хүнийг хайрлах уужим том багтаамжтай. Ганцхан тэр залуугийн үлдээсэн шархыг үлдсэн бүх хэсэгт нь тархааж болохгүй. Амьдралдаа хийсэн алдаанаасаа хүн үргэлж сургамж авах ёстой ч, сургамж авч болохгүй ганц зүйл бол магадгүй дурлал байх. Дараагийн дурлал чинь амжилттай үргэлжилж, амьдрал болоод амар сайхандаа жаргана гэж би бурхны нэрийг барин амлаж чадахгүй. Чи магадгүй ахиад ч шархална, арван удаа ч шаналж хоцорч магадгүй. Гэхдээ юу гээч? Тэглээ гээд дурлахаа болихоор шийднэ гэдэг бүх амьдралаа хий дэмий үрэхээр шийдсэнтэй ялгаагүй хэрэг. Өнгөрснөөсөө болоод өнөөдөр гэдэг үнэт өдрийг бүү гээж орхиорой. Угаасаа зүрхийг бүрэн хянаж цагдана гэдэг боломжгүй, чи хэзээ нэг өдөр ахиад дурлах нь гарцаагүй. Тэр үед л өнгөрсөн дурсамжаа нэхэн санаж, өөрийгөө шийтгэх хэрэггүй. Заримдаа ухаантай биш тэнэг хүн илүү аз жаргалтай байдаг.

Анхны хайраа дотроо тавьж явуулж чадахгүй удаан явсан найз маань өчигдөр өөр хүнтэй болзоонд яваад орой утсаар ярихдаа “Би ганцхан хүнийг бодож, буруутгаж, шаналж өнгөрүүлсэн таван жилдээ үүнээс өөр тавин дурлалын дээжээс амсах боломжтой байсан юм байна шүү дээ!” гэж хэлсэн. Түүний өмнөөс би маш их баяртай байна.

Галзуугийн эмнэлгээс оргосон хүн шиг ганцаараа гудамжинд инээж, орой болгон найзууддаа өнөөх л улиг болсон түүхээ ярин залхааж, бороо орсон, нар ээсэн, цас орсон гээд ямар ч өдөр энэ сарын хамгийн романтик өдөр юм шиг санагдаж, тэр нэг хүний хэлсэн тэнэг онигоонд ч татаж унатлаа инээнэ гэдэг юугаар ч сольшгүй баяртай мэдрэмж.

“Дурлал хүнийг харсаар байтал өөд нь татдаг” гэж хэн нэгний хэлсэн үг бий. Дурласан хүнээс цааш ахиад мянга мянган өдөр инээмсэглэн амьдрах эрч хүч ундардаг. Дугаарыг чинь авахыг хүссэн залууд чи хэчнээн л бол хэчнээн удаа татгалзаж болно оо. Дурлалд л харин бүү татгалзсан хариу өгөөрэй!

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close