Бусад хүмүүс

Ажилд орсон эхний өдрөө захирлынхаа машиныг бэлгэнд авсан Америк залуу

АНУ-ын Алабама мужид амьдардаг, 20 настай оюутан залууд ажилд орсон эхний өдөр нь гайхалтай сайхан үйл явдал тохиолдсон байна.

Уолтер Кэрр гэрээсээ хол зайтай байдаг Bellhops нүүлгэлтийн компанид ажилд орсон юм. Гэвч ажлын эхний өдрийн урд орой түүний 2003 оны хуучин Ниссан Алтима машин нь эвдэрсэн байна.

Найз нараасаа тусламж гуйсан ч бүтээгүй тул тэр ажилдаа хоцрохгүйн тулд 20 милл (32 км) замыг явган туулах хэрэгтэй болжээ. Ингээд шөнө дунд гэрээсээ гараад 7 цаг орчим алхаж, өглөөний 8 цагт нүүлгэх айлдаа хүрч чадсан байна.

Замын дунд цагдаа нар тааралдаж, түүнийг яагаад шөнө дунд алхаж явааг асуусан гэнэ. Учрыг ойлгосон цагдаагийн офицер Кэррт өглөөний цай уулгаж, замд нь асуудал тохиолдохгүй байлгахад санаа тавьж, бусад эргүүлийн цагдаа нарт мэдэгдэж байжээ.

Ингээд хүрэх газраа очиход 5 км орчим дутуу байхад замд тааралдсан өөр нэг цагдаа машинаараа хүргэж өгсөн байна. Нүүлгэх айлдаа бусад ажилчдаас өмнө ирсэн Кэрр гэрийн эзэгтэйд өөрт тохиолдсон зүйлээ ярьж өгсөн гэнэ.

Эзэгтэй түүнийг ээжтэйгээ амьдардаг, Кэтрин хар салхины улмаас орон гэргүй болж, одоогийн газраа нүүж ирсэн тухай мэджээ.

Тиймээс Кэррийн хувьд ажилд орох чухал, итгэл даах хүн гэдгээ харуулахын тулд олон километр замыг явган туулснаа хэлсэн байна.

Түүний түүхийг сонссон гэр бүлийн хосын сэтгэл ихэд хөдөлж, энэ тухай Фэйсбүүк хуудсандаа бичсэн нь олон хүний анхаарлыг татжээ.

Улмаар Bellhops компанийн гүйцэтгэх захирал Люк Марклин энэ түүхийг олж уншаад Кэррийн зүтгэлийг үнэлж, хувийн Ford Escape машинаа бэлэглэхээр шийдсэн байна.

Кэрр өөрт нь ийм зүйл тохиолдсонд их баярлаж “Би итгэж чадахгүй байна. Миний 20 миллийн алхалт хэн нэгэнд ингэж нөлөөлнө гэж огт бодоогүй. Үнэхээр их талархаж байна” хэмээн ярьжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close