Улс төрчид

Су. Батболд “Аз жаргалтай хот” байгуулахгүй бол Ардын нам 2020 онд сөнөнө

Монгол Улсад Ерөнхий сайд, хотын дарга хоёр нь л улстөрийн том шийдвэрүүдийг ухаалаг, зоригтой гаргаад явчихвал урагшаа цойлно гэдгийг ОУ-ын шинжээчид хэлж, бичиж байгаа юм.
Нэг талаас засаглал нь тогтворгүй, олон бүлэглэлд хуваагдсан харагдаж байгаа ч нөгөө талаасаа ийм цомхон, шийдвэр нь хүртээмжтэй, бэсрэгхэн нийгэмтэй улс орон юм аа гэж гадныхан харж байна. Засаг барьж байгаа МАН-ын хувьд намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэлийн намын хорооны дарга… гэсэн эрэмбээр улс төрийн дэмжлэг авч, нэр нөлөө нь яригддаг. Энэ хэрээрээ сонгуулийн үр дүнд хамгийн оролцоотой, ач холбогдол өгдөг, үнэ цэнэтэй суудлууд юм. Тэгвэл өнөөдөр МАН-ын нийслэлийн намын хорооны дарга, хотын даргын нийгэм дэх байр суурь, нэр нөлөө ямар байгаа тухай яригдаж эхэллээ. Ирэх тавдугаар сард Нийслэлийн намын хорооны бага хурал нь болох бололтой. Дарга цэргийн асуудлаа ярьж, нэг тийш нь болгох гэнэ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Су.Батболдыг жинхлэх эсэх асуудал анхаарлын төвд байна. Су.Батболдоор удирдуулж 2020 оны сонгуульд орвол нэг мөр сөнөнө гэж цөөнгүй гишүүд нь үзжээ.

Учир нь хотод улс төрийн далайцтай шийдвэрүүд хэрэгтэй байгаа гэнэ.Нийслэлийн амьдралд том зохицуулалтууд огт хийгдэхгүй оронд нь хотын даргын амнаас “Хориглоно” гэсэн ганц үг л гарах болжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд ганц гүүрэн гарц барихтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл тэгш сондгойгоор нь явуулж, замын хедөлгөөнийг хориглох шийдвэрт санал авчээ. Дэлхийн нийслэлүүдэд хотын захирагч нь “Зохицуулалт хийлээ” гэсэн шийдвэр гаргадгаас бус “Хориглосугай” гэсэн шийдвэрийг хамгийн зориггүй, чадваргүй дарга нар гаргадаг гэдгийг судлаачид ярьж байна. Энэ байдлаараа бол ирэх 2020 он гэхэд Улаанбаатар хот ертөнцийн шившиг болсон Кабул, Карачи, Дакка … шиг хамгийн заваан, замбараагүй хот болчих вий гэдгээс намынхан нь айж байгаа бололтой. Айж байгаа шалтгаан нь сонгуулиар нийслэлд нам нь ялагдвал МАН тэр чигээрээ навс унана гэсэн болгоомжлол юм. Монголын сонгуулийн насны иргэдийн талаас илүү хувь нь оршин буй Улаанбаатарт улаан шороотойгоо хутгалдан унах, аль эсвэл ялан мандах хоёрын аль нэгийг Су.Батболд шийднэ. МАН- ын ирэх сонгуулийн хувь заяаны түлхүүрийг атгасан түүнээс намынхан нь яагаад болгоомжлоод байна вэ?

Түүний буруу үйлдлүүд маш олон. Наад зах нь хотын дарга болсон анхны өвлөө тэрбээр “Бат-Үүлийн үед жилд 13 удаа дунджаар цас ордог байлаа, харин миний үед сард 13 удаа цас орж байна. Ийм байхад энэ хотыг чинь яах юм” гэж байгалийг буруутган ярьж нийслэлчүүдийн нүдийг орой дээр нь гаргасан. Төд удалгүй хотын гудамжны нохойнуудад спираль тавих асуудлыг судлуулсанаар намынхнаа нүүр хийх газаргүй болгосон. Нийслэлд өвөлжилт хүндэрч, утаанд нь угаартаж, эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр иргэдийн амьжиргаа хүндэрсэнтэй зэрэгцэн “Аз жаргалтай хот” хэмээх дуулиан шуугиантай шоу цэнгээнийг хийж Улаанбаатарчуудын уурыг барсан. Нийслэлчүүдийн зэвүүг нэвт хүргэсэн “Аз жаргалтай хот” хөтөлбөрөө тунхаглахдаа Су.Батболд “Намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг “базаж”, хэрэгжүүлэхээр боловсруулсан юм. Энэ бол миний хотын даргын хувьд 2020 он хүртэл хийх ажлын төлөвлөгөө” гэж зарласан нь МАН-ынхныг дээр доргүй тэвдүүлж “УИХ-д буг болтлоо суусан, хоёр ч удаа сайдын сэнтийд заларч улс төрийн тогоонд буцалсны хэрэг алга” хэмээн бухимдацгаасан юм. Одоо ямар “Аз жаргалын…” тухай ярьж, намын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэмээн зарлаж, намаа хүнд байдалд оруулахыг мэдэхгүй. Уг нь бол МАН зүгээс нийслэлд хэрэгжүүлэх эдийн засгийн томоохон хөтөлбөрүүдтэй юм байна лээ.

Эмээлтэд “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”, Налайхад “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”, Багануур дүүрэгт “Багануур үйлдвэрлэл, технологийн парк”, Багахангай дүүрэгт “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулна. “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. “Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төв” байгуулна. “Монгол наадам цогцолбор”-т үндэсний спортыг хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төв барина.“Улаанбаатар тусгай бүс” байгуулна.“Улаанбаатар брэнд” бий болгоно. “Шөнийн Улаанбаатар” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. Хөшигийн хөндийд “Аэро сити” хот байгуулна. Туулын хурдны зам барих ажлыг эхлүүлнэ. “Нэг өрхөд нэг ажлын байр”, “Тогтмол орлого тогтвортой амьдрал”, “Ухаалаг Улаанбаатар”, “Гудамж”, “Дугуйн зам” хөтөлбөр хэрэгжүүлнэ” гээд…

Энэ бүгдээс ядаж ганцыг нь барьж авч шийдвэрлээд 2020 онтой золгох хүнийг нийслэлийнхээ намын даргаар тавих хүсэл эрмэлзэл намынханд нь байгаа бололтой. Сонгууль болох хугацаа талдаа орчихсон байдаг. Дээрх ажлуудаас нэг нь ч хөдөлсөнгүй. Оронд нь дугаарын хязгаарлалт, дугуйн замын будаг, малын гоц халдварт өвчин… энэ бүгдэд тэдэн зуун саяыг зарцууллаа, тэдэн тэрбумыг тэгж төсөвлөв гэсээр, цаг хугацаа авч байна. Олон жил хууль тогтоож явсан болохоос ажил гүйцэтгэж яваагүй түүнд хотын даргын ажил хүнд байх шиг байна. Ахиад хоёр жил аз жаргалтай болгоно гэж амласаар явж болохгүй нь тодорхой боллоо. Ажил хийж, шийдвэр гаргаж, “Аз жаргалтай хот” болгохгүй бол Ардын нам 2020 онд сөнөнө. Ядаж л УИХ-д олонтой сонгогдсон улстөрчийнхөө хувьд хамгийн олон гишүүнтэй Баянзүрх дүүргийнхээ учрыг ухаалгаар шийдчихмээр байна. Энэ дүүргийн асуудал бол цэвэр улс төр. Баянзүрх дүүргээ засаглалын хямралаас гаргачихаад нийслэлийн намын хорооны дарга бол гэж намынх нь гишүүд үзэж байгаа юм билээ.

Жич: Үүнийг бичихээр хүний эрх яригдах байх. Гэвч эрх гэдэг зоосны нөгөө талд үүрэг гэж бий. Ядаж Су.Батболд дарга минь Улаанбаатар хотын орон сууц бүрийн гадна нэгээс хоёр “үхчихсэн” машин хэдэн он жилийн нүүрийг үзээд хэвтэж байгааг шийдэх ёстой. Тэр бүгдийг цэвэрлэхэд хотын түгжрэл, машины зогсоолд тодорхой орон зай гарна. Германы Лейпциг хотын захирагч байрны гадаа хаягдсан машинуудыг цэвэрлэн төмрийн хогонд өгч, гарсан зардлыг эздийнх нь хаягаар хүргүүлэн төлүүлж байсан юм. Наад захын энэ мэт асуудлыг хотоосоо олж харахгүй, мэдрэхгүй болохоор чинь би өөрөө хотын дарга болчихмоор санагдах юм байна шүү дээ.

Б.Оросоо

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close