Бусад хүмүүс

Дэлхийн хамгийн өндөр настай топ 5 загвар өмсөгч

Загвар өмсөгчийн амьдрал маш богино хэмээн ярилцдаг. Тэдний оргил өөд мацах амьдрал 16-17 насанд эхэлж, 30 хүрээд дуусдаг хэмээдэг. Тэгвэл өдгөө гоо сайхны үнэлэмж өөр болсон. Өнөөдөр загварын ертөнцөд 40, 50, 60 насандаа хөл тавих боломжтой.

Үүний жишээ болгож залуу сайхан хүүхнүүдтэй ана мана үзэлцэж буй өндөр настай топ 5 загвар өмсөгчийн тухай өгүүлье.

Кармен Делль’Орефис
Америкийн загвар өмсөгч, жүжигчин, зохиолч Кармен Делль’Орефис өдгөө 87 настай. Тэрээр хамгийн олон жил загвар өмсөгчөөр ажилласан хэмээгдэн Гиннесийн амжилтын номд багтжээ. Кармен 14 насандаа загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн юм. Хүмүүс бүгд л түүнийг багад нь нугасны муухай дэгдээхэй хэмээн хочилдог байлаа. Банди шиг царайтай гэж гоочилдог байв.

Нэг өдөр гэрэл зурагчин Герман Ландшоффын эхнэр охинтой автобусанд таараад түүний нуугдмал авьяасыг олж харсан гэдэг. Кармен Vogue, Harper’s Bazaar, Marie Claire зэрэг томоохон брэндүүдийн зураг авалтад оролцож байлаа. Мөн тэрээр Chanel, Banana Republic, Elizabeth Arden, Moschino, Rolex, Lancaster, Target, Missoni for Lindeх, GAP зэрэг загварын орднуудын нүүр царай болж байсан юм.

Синди Жозеф
Өдгөө 67 настай Синди Жозеф загварын ертөнцөд шинэ хүн биш. Тэрээр Наоми Кэмпбелл, Синди Кроуфорд зэрэг нэртэй загвар өмсөгчидтэй хамтарч ажиллаж байлаа. Нэг өдөр түүн дээр загварын ордны хүн хүрч ирээд Dolce & Gabbana брэндийн зар сурталчилгаанд зургаа авахуулахыг хүссэн байна. Тэр үед Синди 49 настай байсан бөгөөд тэр цагаас хойш Christian Dior, Banana Republic, Elizabeth Arden, Eileen Fisher, Olay, Ann Taylor зэрэг томоохон компаниудтай хамтран ажиллажээ. Мөн Синди Vanity Fair, Esquire, Marie Clair, Brigitte Woman, Glamour сэтгүүлүүдийн хавтсыг чимэглэж байсан юм.

Инес де ля Фрессанж
Францын 60 настай загвар өмсөгч, загвар зохион бүтээгч Инес де ля Фрессанж 17 насандаа загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд шууд л ELLE сэтгүүлийн хавтсыг чимэглэсэн байна. Алдарт Карл Лагерфельд түүнийг Коко Шанельтэй их адилхан хэмээн уулга алдаж байв. 2010 онд Инес Chanel брэндийн үзүүлбэрт оролцон загварын тайзан дээр гарч байлаа. Тэрээр одоог хүртэл алдартай загвар зохион бүтээгчдийн онгодыг хөглөж байгаа юм.

Жеки О’Шонесси
66 настай жүжигчин, загвар өмсөгч Жеки О’Шонесси ердөө зургаан жилийн өмнө загвар өмсөгчийн хувиар өөрийгөө сорьсон билээ. Нэгэн өдөр зоогийн газар хоол идээд сууж байхад нь түүн дээр хүмүүс явж очоод нэгэн брэндийн хувцасны рекламанд зургаа авахуулахыг гуйжээ. Тэр үед ямар ч туршлагагүй байсан Жеки дотуур хувцасны сурталчилгаанд тоглохдоо үнэхээр гоёмсог биеийн галбираараа олныг гайхшруулж, өөртөө итгэлтэй байдлаараа хүмүүсийг бишрүүлжээ.

Ясмина Росси
Америкийн 62 настай загвар өмсөгч Ясмина Росси 40 гарсан хойноо загвар өмсөж эхэлжээ. Тэр хүртэл Ясмина гэр бүлдээ хамаг анхаарлаа тавьж, бүх чөлөөт цагаа хүүхдүүддээ зориулдаг байсан гэнэ. Ясмина 86-63-91 гэсэн биеийн харьцаатай бөгөөд 174 сантиметр өндөр юм. Гоёмсог үс, булбарай арьстай нэгэн. Тийм ч учраас түүнийг компаниуд арьс арчилгааны бүтээгдэхүүнийхээ рекламанд тоглуулахаар улайрдаг. Мөн усны хувцасны зар сурталчилгаанд тоглооч гэсэн урилга олноороо ирдэг байна. Өдгөө Ясмина Marks & Spencer брэндийн албан ёсны нүүр царайгаар ажиллаж байна. Мөн энэ загвар өмсөгч эмэгтэй Saint Laurent, Hermès, Jil Sander брэндүүдтэй хамтарч ажилладаг юм.
Эх сурвалж www.wikimon.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close