Спорт

Харүмафүжи Д.Бямбадорж дэвжээндээ үлдэх үү

2017 оны арваннэгдүгээр сард Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгтэн Таканоива А.Баасандоржтой маргалдан, улмаар биед нь халдаж гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон.

Энэ хэрэг явдлын дараа тэрбээр Японы мэргэжлийн сүмо бөхийн 17 жилийн замналаа өндөрлөж, өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэр гаргасан юм.

Харүмафүжи Д.Бямбадорж, Исэгахама дэвжээний багштайгаа зэрэгцэж суугаад энэхүү мэдэгдлийг хийсэн. Харүмафүжигийн зодог тайлах хүсэлтийг Сүмогийн холбоо тэр даруй хүлээн авсан юм.

Харүмафүжи Д.Бямбадоржийн хувьд дээд зиндаанд 712 ялалт байгуулж, сүмогийн түүхэнд зургаад бичигдэх хэмжээнд амжилт үзүүлсэн билээ. Энэ их амжилтын араас түүнтэй нь дүйх уналт ирсэнд Харүмафүжи яалт ч үгүй барьц алдсан нь мэдээж. Гэхдээ нэр хүндээ хамгаалан гарах эцсийн сонголтыг тэр эргэлт буцалтгүй хийж, сүмогийн дэвжээг орхиход хүрсэн юм.

Хэрэг явдлын цаана Таканоива А.Баасандорж, түүний дэвжээний багш Таканохана Оякатагийн карьерийн санаархал байсан нь ч ил болсон. Энэ оны эхэнд сүмогийн ёкозуна асан Таканоханаг Японы Сүмогийн Холбооны тэргүүний суудлаас албан ёсоор огцруулах шийдвэр гаргасан юм. Учир нь түүнийг Тоттори хотод гарсан бөхчүүдийн зодооны хэргийн үеэр хариуцлага алдсан гэж буруутган, Сүмогийн холбооны зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр огцруулсан. Энэ нь Японы Сүмогийн холбоо түүхэндээ анх удаа тэргүүнээ огцруулж буй тохиолдол болсон юм.

Тэрбээр бөхчүүдийн зодоон гарсны маргааш Сүмогийн холбоонд мэдэгдээгүй бөгөөд шууд Тоттори хотын цагдаад хандсан нь асуудлыг хүндрүүлсэн хэмээн Сүмогийн холбоо үзсэн. Мөн Таканохана нь Сүмогийн холбооноос хэргийг шалгахаар томилогдсон ажлын хэсэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж, Таканоиваг ч уулзуулахыг зөвшөөрөөгүй зэрэг нь түүнийг огцруулах хангалттай үндэслэл болсон хэмээн үзсэн байдаг.


ЯЛАЛТ, ЯЛАГДЛЫН ЭХЭНД. Хэрэг явдлын дараа Харүмафүжи эх орноо зорьсон. Сэтгэл санааны байдлаа цэгцлэхээс эхлээд цаашдаа хэрхэх талаараа ч мөн бодох цаг хугацаа түүнд хэрэгтэй байсан нь мэдээж. Гэхдээ амжилтынхаа үзүүрийг атгаж чадаагүй түүнд дотор нь сүмогийн ертөнцийг ингээд орхих нь харамсалтай санагдахаас аргагүй.

Болж өнгөрсөн үйл явдлын дараа Харүмафүжи ялагдсан мэт, Таканохана ялсан мэт санагдаж байж ч болох. Учир нь хэрэг явдлын дараа Таканоханаг хоёрдугаар сард болох Сүмогийн холбооны тэргүүний сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэйг тус холбооноос хэлж байсан юм.

Таканохана ч мөчөөгөө өгөлгүй хоёрдугаар сарын хоёрны өдөр Сүмогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнийг тодруулах сонгуулийн ажиллагааг явуулахад өөрийн нэрийг дэвшүүлээд амжсан. Нийт 11 хүн нэр дэвшсэн бөгөөд сүмогийн ертөнцийн нэр хүндтэй 101 хүн саналаа өгөхөөр цугласан байна. Гэтэл тэднээс ердөө хоёрхон хүний саналыг Таканохана авсан нь энэ өдрийг хүртэл түүний хийсэн үйлдлүүдэд нь цэг хатгаж өгсөн явдал болов. Харин Харүмафүжигийн хувьд зодог тайлсан ч энэ бүхэн нь сургамж болж, нэр төртэйгөөр сүмогийн ертөнцөд эргэн ирэх эхлэл болж өгсөн ч байж мэднэ.


ЭРГЭН ЭРЭЛТ ХАМГИЙН ХЭЦҮҮ. Дэвжээгээ орхиж явсных нь дараа Харүмафүжиг цаашид хэрхэх бол гэсэн хүлээлт сүмогийн ертөнцийнхөнд оньсого мэт үлдсэн. Сүүлийн үед Харүмафүжиг Исэгахама дэвжээндээ туслах дасгалжуулагчаар үлдэнэ гэсэн яриа гарах болов. Харамсалтайгаар дэвжээгээ орхиж, зодог тайлсан түүний хувьд энэ нь байж болох хувилбар. Мөн дэвжээндээ туслах дасгалжуулагчаар үлдэж сүмогийн ертөнцөд үзүүлсэн амжилтаа бататгаж, нэр төрөө хамгаалан авч үлдэх боломж юм. Мэдээж дуулиан шуугианы халуун гал намжиж амжаагүй байхад зодог тайлсны дараа эргэн ирэх хамгийн хэцүү нь. Түүний харъяалагддаг Исэгахама дэвжээ нь Сүмогийн холбоонд харъяалагддаг учир боломж бий. Мөн өөрийн хүсэлтээр зодог тайлсан учир процессийн хувьд туслах дасгалжуулагчаар үлдэж, цаашид сүмогийн ертөнцөд өөрийн шавийг бэлдэхийг үгүйсгэх аргагүй. Ямар ч байсан түүнд сүмогийн их аваргаас сайн дасгалжуулагч болох сонголт Харүмафүжид үлдэж буй юм. Үнэхээр ч түүнийг ингээд сүмогоос явчихаасай гэж хүсэх нэг ч хүн үгүй биз ээ.

Ц.ТАМИР

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close