Бусад хүмүүс

АХИЦГҮЙ АМЬДРААД БАЙГААГАА МЭДРЭХ ҮЕД ЯАХ ЁСТОЙ ВЭ

Заримдаа бид гэнэтхэн цаг хугацаа хэчнээн хурдан өнгөрч байгааг анзаарч, өөрсдийгөө өдий насан дээрээ олигтой сурсан, хийж бүтээсэн зүйлгүй амьдарч байна хэмээн голдог. Үе тэнгийнхнээ хараад, өөрийнхөө амьдарлыг хэчнээн үр бүтээлгүй өнгөрүүлж байгаадаа гутардаг. Жишээ нь аль хоёр жилийн өмнө л чи ахиж нэг гадаад хэл сурах хэрэгтэй эсвэл хилийн чанадад очиж суралцах хэрэгтэй байна гэж бодож байсан. Одоо ч хэвээр. Нөхөртэйгөө харилцах харилцаагаа сайжруулж хүүхдүүдээ илүү дээр орчинд хүмүүжүүлэх талаар бодож, санаа зовдог ч өнөөх л бахь байдгаараа нөхөртөө муухай үг хэлчихээд сууж байна. Эсвэл…

Очих дургүй ажлаа илүү сайнаар солих итгэлгүй хэрнээ орхиод явчих зориг хүрэхгүй байсан байрандаа л байна. Хэдэн жилийн өмнө санаа зовж байсан зүйл чинь одоо ч хэвээр байна. Нэг үгээр хэлбэл чи урагшлахгүй байна. Яг ийм үед яах ёстой вэ?

1. Юуны өмнө өнгөрснийг өөрчилж чадахгүй гэдэгтэй эвлэр

Харин ирээдүйг өөрчилж болно гэдгийг ухамсарла. Гэхдээ одоохондоо ирээдүйн талаарх яриаг хойш тавья. Өөрийгөө буруутгаж, өнгөрсөндөө харамсаж, өөртөө гуртарсан мэдрэмжийг хангалттай олон өдрийн турш чи мэдрээд байгаа байх. Магадгүй өөрчилж чадахгүй гэдэгтэй эвлэрчихсэн ч байж болно. Миний хэлэх гээд байгаа хамгийн гол зүйл бол – тэглээ гээд өөрийгөө битгий буруутгаж, голоорой. Өнгөрсөнтэйгөө эвлэрэх үедээ хамтад нь өөрийгөө уучлах хэрэгтэй шүү. Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Хамгийн гол нь чи үүнээс ямар нэг зүйл ойлгож авсан байх нь л чухал.

2. Ирээдүйг өөрчилж болно гэдгийг ухамсарла

Зүгээр л өөрчилж болно гэж бодох биш өөрчлөхийг хүсэж, өнөөдрөөс эхлэн өөрийгөө дайчилж, мөрөөдөлдөө, зорилгодоо хөтлөгдөж эхлэх хэрэгтэй. Ахин 2 жилийн дараа яг иймээрээ байхгүйн тулд өнөөдрөөс л эхлээрэй. Оройтсон эсвэл эрт байна гэж битгий бодоорой.

3. Өөрчлөх төлөвлөгөө гарга

Төлөвлөгөө чинь харин хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулсны үндсэн дээр эсвэл хэн нэгнээс илүү гарах зорилготойгоор бичигдэх ёсгүй шүү. Ёсгүй ч биш л дээ. Хэрвээ чи хүсвэл тийм байж болно. Гэхдээ тэгэх юм бол төлөвлөгөө чинь богино настай байна гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс одооноос эхэлж зөв замаар, аз жаргалынхаа төлөө явахыг хүсэж байвал өөр бусад дээр биш зөвхөн өөр дээрээ, жинхэнэ хүсэл мөрөөдөл дээрээ тулгуурласан төлөвлөгөө гаргах хэрэгтэй шүү.

Нэг талаас асуудал байгаад байна гэдэг нь чи өөрийгөө хэт хүчлээд байгаагийн илрэл байж болох юм. Өөрөөр хэлбэл чи сурах хүсэлгүй хэрнээ магистрт сурах хэрэгтэй гэж хараад байж болно. Магадгүй чи ном, бичиг цаасны төрлийн хүн биш байж болно шүү дээ. Тиймээс юу юунаас өмнө өөрийгөө сонсох хэрэгтэй гээд байгаа юм.

4. Жижгийг жижиг гэж битгий бод

Том өөрчлөлт бүр жижгээс эхэлдэг. Тиймээс ганцхан том үйл явдлаар амьдрал чинь өөрчлөгдөж, чиний хүсдэг шиг болно гэж найдах хэрэггүй. Аз гэж байдаг ч хичээж байгаа хүнд л илүү ойр байдаг юм шүү. Тиймээс төлөвлөгөө чинь өдрийн 30 минутыг л зарцуулах жижигхэн зүйлээс эхэлж байгаа ч бай битгий дорд үз. Харин өдөр бүр тэр хэмнэлээ хадгалж, төлөвлөгөөндөө үнэнч байх тэвчээр, чин сэтгэлтэй байгаарай.

5. Шинэ зүйл сур

Эцэст нь чиний амьдралдаа сэтгэл хангалуун байх эсэх чинь чиний өдөр тутмын хэмнэлээс л шалтгаална. Шинэ зүйл сурах нь тэр хэмнэлийг өөрчлөх маш гоё болоод шалгарсан арга юм. Жишээ нь чи зүгрээр л өдөр бүр шинэ хоол туршиж хийж эхэлснээр гэр бүлийн уур амьсгал сайжирхаас гадна зургийг нь авч сошиал хаягтай байрлуулснаар ижил сонирхолтой шинэ найзууд бизнесийн боломжууд ч гарч ирж болно. Тиймээс жижгийг жижиг гэлгүй өнөөдрийг чи юу хийж өнгөрүүлэв гэдгээ байнга бодож байгаарай. Ингээд өнөөдрийн чинь үр дүн юу байв?

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close