Энтертайнмент

ХОРВОО ЕРТӨНЦИЙН СОНИН ХҮМҮҮС

Соёл иргэншлээс тасарсан эмэгтэй

Дебби Берд хэмээх англи эмэгтэйд өөрийгөө өнөөгийн соёл иргэншлээс тусгаарлахаас өөр аргагүй болжээ. Тэрээр цахилгаан соронзон долгионд хэт мэдрэмтгий ховор харшилтай ажээ. Түүнд зурагт үзэх, хөгжим сонсох, гар утсаар ярих, машинд суух, компьютер хэрэглэх ямар ч боломж байхгүй. Хэрэв тэдгээрийн аль нэгийг хэрэглэх гэж оролдох л юм бол цацарсан цахилгаан соронзон долгионоос Дебби бүсгүйн бие харшил авч хамаг биеэр нь тууралт явагддаг гэнэ.

Инээхдээ хүртэл муужирдаг дон

Кей Андервууд хэмээх англи бүсгүй катаплекси гэдэг эмгэгийн улмаас сэтгэл хөдлөлийн ямарваа илэрхийлэл гаргах бүрдээ муужирч унадаг ажээ. Уурлаж бухимдах, айж цочих, инээж хөхрөх, тэр ч байтугай түүнийг хэн нэгэн тэврэхэд хүртэл ухаан балартаж унадаг гэнэ. Анх нэг өдөрт 40 удаа ухаан алдаж унаснаар гэрийнхэн нь түүнийг эмнэлэгт аваачиж энэхүү ховор өвчний оношийг тогтоосон аж.

Дашрамд тэмдэглэхэд гэнэт нойрсдог эмгэг буюу Наркоплеси гэдэг өвчнөөр 30 мянган английн иргэн өвчилсний 70 хувь нь буюу 21 мянган хүн Кей Андервууд шиг катаплекси өвчнөөр шаналдаг байна. “Миний өвчин олон хүнийг айлгаж сандаргадаг нь хэцүү боловч би өөрийгөө яагаад ч хянаж чадахгүй нь бүр хэцүү” хэмээн тэр зовлонгоо тайлбарлажээ.

Усны харшилтай Эшли

Хоёрхон орон оршдог Австрали тивийн ийм нэртэй улсын Мельбурн хотод Эшли Моррис гээч бүсгүй амьдардаг. Бусдын адил усанд сэлж, хөөстэй ваннанд тухлахыг тэр хүсэвч түүнд тэгж байх аз тохиосонгүй. Учир нь Эшли 14 настайгаасаа усны харшил хэмээх маш ховор Aguagenic Urticaria гэдэг дэлхийд ердөө хэдхэн бүртгэгдсэн “гажигтай эмгэг” тусжээ.

Хэт халуун өдөр Эшли сэрүүн зооринд цаг нөгцөөхөөс өөр аргагүй болдог, яагаад гэвэл халууцах төдийд урссан хөлс нь хүртэл түүнд харшил өгдөг байна. “Намайг энэ өвчнөөс салгах боломж анагаах ухаанд байхгүй болохоор би ингээд л амьдрах гэж зүдрэхээс яахав” гэж Эшли гунигтай ярьжээ.

Ер бусын ой санамж гэгч гаж үзэгдэл

Эдүгээ 45 настай AJ гэдэг кодон нэрээр тэмдэглэгддэг эмэгтэй ер бусын гайхалтай чадвар тээсэн нэгэн. Тэр өөртөө тохиосон бүх явдлыг цаг нартай нь сайн санадаг “дон” туссан аж. Амьдралынх нь сүүлийн 25 жилийн явдлаас аль нэг өдрийг сонгож асуухад тэрбээр ямар гариг байсан, цаг агаар ямар байсан, онцгой ямар үйл явдал болсон гээд бүхнийг алдалгүй тоочдог. Сэтгэцийн эмгэг судлаачдын үзэж буйгаар AJ хэмээх энэ эмэгтэйн ер бусын ой санамжийг Hyperthymestic syndrom гэж нэрлэжээ.

Дур тавих донд автсан бүсгүй

Цэл залуухан Сара Кармен хэмээх англи бүсгүй байнгын сэрэл хөдлөлийн синдром гэдэг нэн ховор донгоор өвчилснөөс өдөрт 200 удаа дур тавих болжээ. Уг өвчин 19 настайдаа дааврын бэлдмэл хэрэглэсэн цагаас эхэлжээ. Эхлээд бэлгийн хавьталд ормогц ойр ойрхон дур ханадаг байсан бол сүүлдээ сексийн талаар бодох төдийд дур тавьдаг болсон бөгөөд галт тэрэгний түчигнээн, үсний сэнсний дуу, машины дуу тавин чагнаалдах зэрэг бага зэргийн чичиргээ доргилтонд хүртэл Сарагийн сэрэл хөдлөөд дур тавьдаг гэнэ.

– Бага ч атугай тайвшрахын тулд байнга хурьцал үйлдэхээс үнэндээ залхаж байна. Заримдаа нэг сайхан амрахын төлөө үхэхэд ч бэлэн гэж тэрбээр ярьжээ.

Монбланы оргилд дан өмдтэй гарсан эр

Голландын иргэн Вим Ховыг мөсөн эр буюу Iceman гэж нэрлэжээ. Тэрбээр тэсгэм хүйтнээс ажирдаггүйгээрээ алдартай. Мөсөн доогуурх усанд аймшиггүй сэлэх ба ганц хором хүн тэсэхийн аргагүй хүйтэн мөсөөр дүүргэсэн саванд гудийхгүй хөрвөөнө. Мөсөн хүн Вим Хов ганцхан дан өмдтэйгөө Монбланы мөсөн оргилд хүртэл гарсан гэдэг.

Гэхдээ түүний энэ гажиг нууцыг шинжлэх ухаан таньж чадахгүй байгаа юм.

Үрэлнээс өөр юм иддэггүй хүн

Хүн төрөлхтөн идэж болох бүх зүйлээр хооллодог байтал цорын ганцхан гаатай үрэлнээс өөр юмаар хүнс хийж чаддаггүй Натали Купер гэдэг бүсгүй манай үед аж төрж байна гэвэл гайхах хүн цөөнгүй гарах байх. Тэрбээр Tic-Tac хэмээгч гаатай үрэлнээс ондоо юу ч идсэн дотор нь муухайраад бөөлжиж эхэлнэ. Учир нь гаатай үрэлнээс өөр юуг ч түүний ходоод хүлээж авдаггүй маш сонин эмгэг өвчинд тэр нэрвэгдсэн азгүй нэгэн билээ. Үүний шалтгааныг эрдэмтэд тайлбарлаж чадахгүй байгаа бөгөөд турааж үхүүлэхгүйн тулд Натали Куперт бусад шимтэй хоол хүнсийг зутагнуулаад тусгай гуурсаар хүртээдэг болсон аж.

Эх сурвалжаас Н.Лхамаа

Түлхүүр үг

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close