Бусад хүмүүс

Бүсгүйчүүдийн найз залуу, нөхрөө үргээдэг алдаанууд

Хосуудын харилцаа, тэр дундаа эхнэр нөхрүүдийн дунд үл ойлголцлууд гарах нь элбэг. Мэдээж тэр бүхэн зөвхөн нэг хүний буруу байдаггүй. Гэвч эхнэрүүдийн хэт зөрүүд, бас өөрийнхөөрөө зан нь эрчүүдийг залхаах, тэднийг орхих шалтгаан болдог аж. Ингээд ямар зан чанар, үйлдэл эрчүүдийг түлхдэг болохыг танилцуулъя.

Ямар ч шалтгаангүйгээр шүүмжлэх

Сонгосон сонголт, хийсэн үйлдэл бүрийг нь шүүмжилсээр байх нь мэдээж түүнд сайхан санагдахгүй шүү дээ. Таны шүүмжлэл, үглэлт ихсэх тусам нөхөр тань, таниас залхаж мэднэ. Иймээс хааяа ч болов эр нөхрийнхөө сонголтыг сайшааж, хүндэтгэж байгаарай. Ингэж чадвал хосуудын харилцаанд ан цав үүсэх нь бага юм.

Түүний мэдрэмжийг үгүй хийх

Эрчүүд бүсгүйчүүдийг бодоход хатуу чанга мэт боловч, үнэндээ тэднээс ч эмзэг, бас мэдрэмтгий байх нь бий. Танд зориулж, сэтгэлээ гарган хийсэн жаахан ч болов зүйлийг нь урамшуулж, баярлаж байгаагаа илэрхийлж байгаарай. Тэгвэл тэд хожим илүү том зүйлийг хийж бүтээх болно шүү дээ.

Маргаандаа эцэг эхийгээ оролцуулах

Хосуудын маргаан зөвхөн тэдний дунд л өрнөх ёстой. “Олгой хагаравч, тогоон дотроо” гэдэг үг байдаг шүү дээ. Иймд хоорондын маргаандаа эцэг эх, найз нөхдөө хэзээ ч битгий оролцуулаарай. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд маргааныг дэвэргэх, бусдыг хамруулах магадлал өндөртэй байдаг аж.

Нөхрийнхөө үйлдэл бүрийг заах

Нөхрийнхөө үйлдэл бүрийг нь зааварлаж, яг л ээж нь адил хандах нь түүнд тийм ч таатай санагдахгүй болов уу. Тэр таниар хүүхэд нь мэт халамжлуулахыг бус, харин өөрийгөө жинхэнэ эр хүн гэдгээр нь мэдэрч, хайртай бүсгүйдээ анхаарал тавихыг илүүтэй хүсэж байгаа нь лавтай. Түүнийг өөрөөр нь байлгаж, халамж анхаарлаа хааяа ч болов багасгаад нэг үзээрэй.

Түүнд итгэхгүй байх

Хүн хүндээ итгэнэ гэдэг өнөө үед маш хүндрэлтэй зүйлсийн нэг болсон. Гэвч таныг л гэж сонгосон, эр нөхөртөө итгэж байгаарай. Үргэлж шалгааж, худал хэлж байна хэмээсээр байвал, тэр танд үнэнээ хэлэхээ болих бөгөөд маш их залхах болно шүү дээ. Мөн хорвоо ертөнц дээр төгс төгөлдөр хүн байдаггүйг үргэлж санаж яваарай.

Түүний сэтгэлийг үл тоомсорлох

Мэдээж гэр бүл болсны дараа хосуудын амьдрал өмнөх шигээ халуухан, бас гал халуун байдаггүй. Ялангуяа санхүүгийн хувьд тэд бэлэг сэлт, үнэтэй ресторанд орох зэргээс илүүтэй хоол хүнс, ахуйн зүйлсэд мөнгөө зарцуулах нь элбэг. Хэдий тийм ч, хааяа ч болов хамтдаа романтик оройн зоог барьж, нөхрийнхөө өгсөн бэлгийг баяртайгаар хүлээж аваарай. Эс бөгөөс тэдний урам маш ихээр хугарах болно шүү.

Бүхнийг хяналтандаа байлгах гэж оролддог

Эрчүүдийн үйлдэл бүрийг зааж, зааварлах нь тэдэнд огтхон ч таалагддаггүй аж. Магадгүй гэрлэлтийн эхний жилүүдэд тэд бүхнийг таны үгээр хийж болох ч, энэ байдал үргэлжилсээр байвал, таниас төд удалгүй залхах болно гэдгийг санаарай. Иймд эр нөхөртөө итгэл хүлээлгэж, бүхнийг өөрөө шийдэхэд нь туслаарай.

Хоббиг нь хүндлэхгүй байх

Эр нөхрийнхөө хоббиг үл хүндэтгэж, тэдэнд үргэлж сонголт үлдээсээр байх нь тийм ч зөв санаа биш. “Хоббигоо эсвэл намайг сонго” гэх нь тэдэнд маш хүндрэлтэй санагддаг. Иймэрхүү үгсийг үргэлж хэлсээр байвал эр нөхөр тань, танийг өөрт нь үнэхээр хайртай эсэхэд эргэлзэж эхлэн, түүнийг чинь сэтгэлээсээ ойлгож дэмжих нэгнийг эрэлхийлэх болно.

Найзуудыг нь үгүйсгэх

Хүн бүрт л найз нөхөд, сонирхол нэгтэй хүмүүс гэж байдаг. Гэтэл та эр нөхрийнхөө найзуудыг үргэлж гоочилж, тэдэнтэй уулзах бүрт нь залхтал үглэж яншдаг бол өөртөө нэг дүгнэлт хийгээд үзээрэй. Иймэрхүү зүйлс мэдээж түүнд таалагдахгүй бөгөөд та хааяа ч болов, эр нөхрийнхөө оронд өөрийгөө нэг тавиад үзээрэй. Эсвэл зарим үед нөхөр болон тэдний найзуудтай хамтдаа гарсан ч болно шүү дээ.

Зөвхөн өөрийгөө бодох

Бүхий л зүйлс дээр өөрийнхөө эрх ашгийг нэгт тавьж, нөхрийнхөө бодол санааг хүндэлдэггүй бол та өөртөө нэг дүгнэлт хийгээд үзээрэй. Нэг талын эрх ашгийг хэт барьсан харилцаа нь удаан үргэлжилдэггүй тул, хааяа ч болов нөхрийгөө бодож, харилцан буулт хийж байх нь чухал. Ингэж чадвал хосуудын харилцаанд ан цав үүсэхгүй байх давуу талтай юм.

source: caak.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close