Энтертайнмент

15 НАСТАЙДАА ААВ БОЛСОН МОНГОЛЫН ХААН

ТОГООНТӨМӨР ХААНЫ СОЛОНГОС ХАТНААС ТӨРСӨН АЮУШРИДАР ХААНЫ ХҮҮ ЭЛБЭГ НИГҮҮЛСЭГЧ ХААН 15 НАСТАЙДАА ААВ БОЛЖЭЭ

Монголын эзэнт их гүрнийг байгуулсан Чингис хаан Есүхэй баатрын эхнэр Өүлэн хатнаас мэндэлсэн ууган хүү нь боловч Хамаг Монголын эзэн Есүхэйн том хөвүүн бус авай. Есүхэй хоёр хатантай байсан билээ. Харин Чингис хааны их хатан нь Бөртэ-Үжин бөгөөд Есүй, Есүгэн, Хулан, Хадаан хэмээх дагавар хатадтай байв. Чингисийн ач Хубилай хаан дөрвөн хатантай, 22 охид, хөвгүүдтэй байсан бол Чингис хааны том дүү Хавт Хасарын эхнэр, хүүхдийн тоо шороо шиг их байсан гэцгээдэг. Ерөнхийдөө Монголын хаад ихэвчлэн хоёр хатантай байсан боловч сул эмс цөөнгүй байжээ.

Нэг сонирхолтой зүйл тэмдэглэхэд Монголын олон аймаг, овогтны ноёд дээдсийн удам залгах хөвгүүдийг нас биед хүрээгүй байхад сүй тавьж айлд хүргэн оруулдаг эртний ёс байв. Тэмүүжин Чингисийг гэхэд эцэг Есүхэй, эх Өүлэн нар Дай сэцэн ноёны охин Бөртэтэй 10 нас ч хүрээгүй байхад сүй тавьж байлаа. Түүнээс үүдээд монгол хаад, ноёд хар багадаа эхнэр авч хүүхэд төрүүлэн эцэг болж байсан ажээ. Тухайлбал Чингис хааны ууган хүү Зүчи хэдэн онд төрсөн нь тодорхой бус агаад 1178-1182 оны хооронд мэндэлсэн гэж баримжаалдаг. Хэрэв Зүчи хаан 1178 онд хорвоод төрсөн гэвэл Чингис хаан дөнгөж 16-хан настай байсан болж таарна.

Эртний Солонгосын Гүрё улсын үед хааны ор залгамжлах хан хөвгүүд 12 настайдаа хатан авдаг ёс байжээ. Тиймд зөвхөн Монголын хаад, ноёд л хар нялхдаа эхнэртэй болж байгаагүй гэж ойлгож болно. Тогоонтөмөр хааны солонгос хатнаас төрсөн Аюушридар хаан ганц хүүтэй байсан нь Элбэг нигүүлсэгч Майдарбал хаан билээ. Түүнийг 1162 онд ба 1161 онд төрсөн гэж тэмдэглэжээ. Хэрэв Элбэг хаан 1162 онд мэндэлсэн бол түүний хүү Тогоон хаан Гүнтөмөр 1377 онд төрсөн тул 15-тайдаа Элбэг нигүүлсэгч хаан эцэг хүн болжээ. Түүний хоёрдугаар хүү Өлзийт хаан Төмөр 1379 онд төрсөн нь баттай бол Элбэг хаан 17 настай байсан болж таарна. Далимд өчихөд энэхүү Элбэг нигүүлсэгч Майдарбал хаан Гүнтөмөр, Төмөр, Адай, Дэлбэг хэмээх 4 хүүтэй байсан ба дөрвүүлээ хаан болсон байна.

16 насандаа эцэг болсон монгол хаадын жагсаалтыг Дарайсун гүдэн хаан, Буянсэцэн хаан хоёр үргэлжлүүлнэ. Боди Алаг хааны (1504-1547) хөвүүн Гүдэн хаан Дарайсун (1520-1557), Түмэн засагт хаан хөвүүн Буян сэцэн хаан (1555-1603) нар эцгүүдээ 16-тай байхад хорвоод мэндэлжээ.

1342-1388 онд амьдарч байсан Төгстөмөр хаан өөрийнхөө орыг залгасан Энх хааныг төрөхөд ердөө 17-той байжээ. Монгол хаадын дотор 18 насандаа эцэг болсон хаад харьцангуй олон. Буянт хаан Ауюрбаривад өөрийнхөө хаан суурийн халааг авсан Шадбал буюу Содбал гэгээн хаан (1300-1323)-ыг мэндлэхэд 18-тай байсан ахул солонгос хатнаас нь төрсөн хүү Аюушридар хааныг (1338-1378) 18 настайдаа тосож авчээ. 19-тэйдөө аав болсон хааныг Гүдэн хаан Дарайсун (1520-1557) гэж болно. Энэ насанд явахад түүний хаан ширээг залгамжилсан Түмэн засагт хаан (1539-1592) мэндэлжээ. Буян сэцэн хааны хөвгүүн Мангус тайж бас энэ насан дээрээ Монголын сүүлчийн хаан Лигдэний (1592-1634) аав болж байв.

20-тойдоо эцэг болсон монгол хаад мөн цөөн биш. Тэд бол Гүюг хааны аав Өгөдэй, Хүслэн хааны эцэг Хайсан, Тогоонтөмөр хааны аав Хүслэн, Мөнх хааны эцэг Тулуй ноён нар юм.

Чингис хаан аавынхаа ширээг залгаж суусан Өгөдэй хаан 1186 онд мэндэлсэн тул 1206 онд хүү Гүюгийг төрөхөд 20 настай байв. Гүюг хааны дараа Их Монголын эзэнт улсын дөрөвдүгээр их хааны сэнтийд заларсан Мөнх хааныг (1208-1259) хорвоод мэндлэхэд Чингис хааны отгон хүү Тулуй ханхүү 20 настай байв.

Хайсан хүлэг хаан (1281-1311) 20-тойдоо эцэг болж түүний хөвүүн Хутагт хаан Хүслэн (1300-1329) төрсөн бол тэр өөрөө чиг бас энэ насан дээрээ аав болж түүний хүү Их Монголын сүүлчийн их хаан Ухаант хэмээх Тогоонтөмөр хаан мэндэлж байжээ.

Сониучлахад Монголын их, бага хаад сахал нь ургаагүй нялхдаа эцэг болж байсан мөрт цал буурал сахалтай өвгөн болсон хойноо аав болсон хаад ер байхгүй байгаа юм.

“Болсон явдал” сониноос

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close