Сайн хүн

М.Ганбаатар: Аж ахуйн нэгжүүд нэгдээд шахмал түлшний үйлдвэр оруулаад ирье

-2019 оны тавдугаар сараас эхлэн  Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахгүй гэсэн Засгийн газрын шийдвэр гарчихлаа. Хэр оновчтой шийдвэр вэ?

-Агаарын бохирдол гэдэг чинь зөвхөн Монгол Улсад нүүрлэсэн гамшиг биш. Тэр өндөр хөгжилтэй гээд байгаа АНУ, Япон, Франц, Солонгос, Англичууд бүгдээрээ л энэ зовлонг тойроогүй дайрсан. Одоо гэсэн ч бүрэн шийдэж чадаагүй хот тосгод дэлхийгээр дүүрэн байгаа биз дээ. Утаанаас салсан улс орны туршлагаас харж байхад хамгийн түрүүнд түүхий нүүрс түлэхийг хориглодог. 1950-иад онд Лондон хотод нүүрс түлэхийг хориглоход англичууд “Хөлдөж үхнэ” гэцгээсэн. Тэд хөлдөж үхээгүй аргаа олоод явчихсан байх жишээтэй.

-Шахмал түлш гээд байх юм. Түүхий эдийн олдоц муутайгаас гадна бас л утаа гаргана шүү дээ?

-Монголчууд бид цоо шинэ зүйл турших гэж байгаа юм биш дээ. Тэр өндөр хөгжилтэй Англи, Франц улсад нь хэрэглэдэг шахмал түлшийг монголдоо үйлдвэрлэхэд асуудал шийдэгдэнэ. Дэлхий дээр дэвшилтэт технологиуд өдөр тутам гарч АНУ, Японд л гэхэд нүүрс доторх хөнгөн цагаан зэрэг хортой дэгдэмхий бодисыг нь авчихаж байна. Шахмал түлшний үйлдвэр  гэхээр нүүрсийг нунтаглаад хэвлээд зарна гэж ойлгоод байгаа юм уу. Миний сонирхоод, оруулж ирэх юмсан гээд байгаа Франц, Герман технологийн үйлдвэр  бол түүхий нүүрсийг саахар, натрийн хлорид,метилцеллюлоз, шохойтой холиод барьцуулдаг юм билээ.

-Миний санаж байгаагаар та шахмал түлш хийж байсан байх шүү?

-Тэр замаар явсан хүний хувьд ямар бэрхшээл, саад учирдаг гэдгийг мэднэ. 2010 онд Сэлэнгэ аймгийн хөрөө рамны модны үртэс дээр тулгуурлан  шахмал түлш хийдэг үйлдвэр байгуулалцаж явсан удаатай.  Техник хэрэгсэл муутай, түүхий эдийн хомсдолтой, холоос татаад шахмал түлш үйлдвэрлээд Налайхын нүүрстэй өрсөлдөнө гэдэг хэцүү. Гэхдээ яахав  бага сага шахмал түлш үйлдвэрлээд явж байтал 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд Багануурын уурхайн нүүрсийг цэргүүдээр савлуулж зараад бүх шахмал түлшний үйлдвэрүүдийн үүдийг бариулсан даа.

-Шахмал түлшний үйлдвэр барина гэх хүмүүс цөөнгүй байна?

-Харин тийм. Засгийн газар дэмжинэ, татаас өгнө гэснээс гадна “Утаагүй” Улаанбаатар хотод ажиллаж амьдрах хүсэл тэмүүлэл их байх шиг байна. Эрсдлээ сайн тооцох хэрэгтэй юм.

-Ямар эрсдэл тулгарах вэ?

-Жишээлбэл, Засгийн газрын “Атрын аян” хөтөлбөр гэнгүүт  бүгд шахуу шуудай үрийн будаа, трактор худалдаж аваад тариа тарьдаг. Намар яахав дээ их бага хэмжээтэй, болсон болоогүй улаан буудай аваад ирж байгаа юм. Тэр жаахан будаагаа “Алтан тариа”, “Милл хаус” зэрэг гурилын үйлдвэрт өгөх гэж зүтгэцгээнэ. Нөгөөдүүл нь болц муутай, хогтой гэж миалаад авч өгөхгүй. Тэгэнгүүт “Тариалан эрхлэх сан”-д шахах гэж бөөн танил тал болдогсон. Түүнтэй адилхан миний харж байгаагаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж шахмал түлшний үйлдвэр барихаар ярьцгааж байна. Мэдээж зээл авна, газраа сонгоно, үйлдвэрээ зооно, борлуулалтаа хийнэ. Шулуухан хэлэхэд ихэнх үйлдвэрүүд нь хятад улсад үйлдвэрлэгдсэн бага оврын тоног төхөөрөмжтэй. Түүхий нүүрсийг хорих Засгийн газрын шийдвэр гарангуут бага оврын үйлдвэрүүд ороод ирсэн юм билээ. Ийм үйлдвэрүүд хувь хүндээ эдийн засгийн хохирол учруулна, утааг бууруулах түлш үйлдвэрлэж чадахгүй. Дор хаяж л хэмжээ, үнэ ханш зөрүүтэй шахмал түлшүүд гарч асуудал үүсгэнэ.Улаанбаатар хотыг утааг бууруулахад хүчин чадал өндөртэй, нүүрсийг хүрзээр биш хово машинаар цутгадаг үйлдвэр хэрэгтэй байгаа юм.

-Тэгэхээр яах ёстой юм бэ?

-Шахмал түлшний үйлдвэр байгуулах сонирхолтой аж ахуйн нэгж, иргэд нэгдэх хэрэгтэй. Бүгдээрээ мөнгөө нийлүүлж байгаад Францаас шахмал түлшний үйлдвэр оруулаад ирье. Тэд нараар үйлдвэрээ угсаруулна, францчуудаар тестлүүлнэ.

-Нэгдэж чадах болов уу?

-100 аж ахуйн нэгж хувьцаа эзэмшигч болчихож болно. Энэ үйлдвэр дээр Засгийн газрын баталгаа гаргавал иргэдийн итгэл нэмэгдэх нь тодорхой шүү дээ. Ер нь иргэдэд зориулсан хувьцаа гаргасан ч болох юм. Засгийн газар зуун толгойтой хэрнээ их биегүй шахам шахмал түлшний үйлдвэртэй ярьж байхын оронд надтай ярьсан нь дээр болов уу.

-Шахмал түлшний үйлдвэрээ өөрсдөө барьж болдоггүй юм уу?

-Миний бие Францын тэр үйлдвэрт зориулан нэг тонн нүүрс худалдан аваад явуулчихсан юм. Тэд шалгаад хэвлээд болно гэсэн байхгүй юу. Бид эрсдэл гаргаж үйлдвэр барина гэж байхын оронд Францын тэр үйлдвэрээр бариулаад хүлээж авна. Хүсвэл франц нөхдөөр нэг хэсэгтээ жорыг нь тааруулж шахмал түлшээ хэвлүүлж авч болно.

-Шахмал түлш нүүрснээс үнэтэй байгаа шүү дээ?

-Бөөнөөр нь хэвлүүлээд явчихвал шахмал түлшний үнэ ханш буурна. Мөн  төр засаг бодлогоор түүхий эд болох нүүрсээ зах зээлийн үнээс доогуур өгөх бололцоотой.

-Хаанаас нүүрсээ татах вэ?

-Эхний шинжилгээгээр   Таван толгойн эрчим хүчний нүүрс таарсан. Техникийн тохиргооноосоо үүдээд аль ч уурхайгаас нүүрс татах бололцоотой болох болов уу.

-Утааг бууруулах уу?

-Энгийнээр жишээ авахад танай гэр бүл өвөлдөө таван тонн нүүрс түлдэг байсан бол шахмал түлшийг хоёр тонныг хэрэглэнэ. Эндээс л харахад 60 хувь буурах бололцоотой юм. Шахмал түлшний үйлдвэр маань нүүрснээс гарах хорт бодисыг ялгах технологитой гэдгийг мартаж болохгүй.

-Шахмал түлшний үйлдвэр хэр ирээдүйтэй вэ?

-Эрэлт байгаад байвал шахмал түлш нийлүүлгэгдээд байх биз дээ. Цаашдаа нүүрсийг машинаар ачаад явдаг үе өнгөрнө шүү. Тэр нурмаг нүүрсийг хар, Япон, Солонгосчууд түлш хэлбэрт оруулсан, нэмэлт бодис орсон, угаасан зэрэг нүүрсийг авдаг болсон доо.

-“Ардын засаг ч гэж юу байлаа, Авдаг өгдөг ч юу билээ” гэдэг шиг БНСУ-ын 500 сая ам.доллараар шахмал түлшний үйлдвэрийг дэмжих бил үү?

-Тийм ээ. Өнгөрсөн жил БНХАУ-ын буцалтгүй тусламж болох хоёр тэрбум юаниар гэр хорооллын дахин төлөвлөлтын хүрээнд дэд бүтэцдэд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Тэр мөнгө орж ирээгүй байна. БНСУ-аас зээлсэн 500 сая ам.доллараар утааг бууруулах ажил, арга хэмжээг санхүүжүүлнэ гэсэн ярьсан. Монголын талаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрөө зэргээ танилцуулах, тайлбарлах ажилд удаан хойрго ханддаг. Дунд шатандаа ажил удааширсан болов уу. Саалиа бэлдэхээс саваа бэлд гэдэгчлэн энэ зундаа багтаагаад үйлдвэрээ угсарч сорил, тестээ аваад эхлэх хэрэгтэй байна.

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close