Бусад хүмүүс

Хэн байснаа хэзээ ч мартаагүй алдарт боксчин

Дэлхий дахинд “Pac Man” нэрээрээ алдаршсан мэргэжлийн боксчин Мэнни Пакьяо (Manny Pacquiao) өдгөө Филиппин улсын амьд домог юм. Чухам юуны улмаас түүнийг ийнхүү өргөмжилж байгаа болон тэрээр ямар сайн үйл бүтээсэн талаар бид уншигчдадаа танилцуулахаар бэлтгэлээ. Танд түүний түүх таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Эммануэль Дапидран Мэнни Пакьяо Филиппиний нэн ядуу дүүрэгт төрж өсчээ. Тэр хүүхэд байхаасаа л боксын спортод дурлаж, чөлөөт цагаараа боксоор хичээллэх болсон байна.
Мэнни ердөө 13 настай байхдаа сургуулиа орхиж, гэр бүлийнхнээ тэжээн, ээждээ туслахын тулд ажил хийх болжээ. Энэ үед түүний эцэг гэр бүлээ орхин явсан аж. Ийнхүү тэрээр өглөө нь зэргэлдээ хотын гудамжинд талх, ус зарж, харин орой нь боксоор хичээллэсээр байсан юм.

Харин хоёр жилийн дараа боксын томоохон тэмцээнд орох завшаан Мэннид тохиосон байна. Тухайн үед тэрээр мэргэжлийн боксчны зэрэгт хүрэхээр тийм ч сайн байгаагүй ч тус тулаанд чамгүй амжилт үзүүлсэн нь Мэнниг улс орон даяар алдартай болгосон юм.
Хамгийн анх хөнгөн жингийн боксчноос гараагаа эхэлсэн ч хожим дэлхийн бүх том тулаанд ялалт байгуулан, найман жингийн төрөлд ялалт байгуулж, түүхэнд нэрээ үлдээжээ. Мөн Мэнни 2006, 2008, 2009 онуудад “Оны шилдэг боксчин”, “Манай үеийн шилдэг боксчин”, “Жин хамаарахгүй тулалддаг шилдэг боксчин” зэрэг алдрын эзэн болсон юм.

Хэдий залуудаа алдрын оргилд гарсан ч тэрээр оддын өвчнөөр өвчлөөгүй юм. Харин ч эсрэгээрээ сайн үйлс хийж, аль болох олон хүнийг баярлуулахаар хичээх болжээ. Мэнни ядууст гараа сунгаж, өөрийн төрөлх тосгоноо хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан гэдэг. Тухайлбал, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхчүүд, гэр оронгүй хүмүүст зориулж тэрээр байшин, хотхон бариулсан юм.


Зураг дээр харагдаж байгаа хотхонд өнөөдөр 1000 гаруй оршин суугч амьдардаг бөгөөд тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг гээд нийгмийн бүх төрлийн үйлчилгээ бий. Түүний барьсан хотхоныг оршин суугчид “Пакман Виллаж” гэж нэрлэсэн байна.
Үүгээр ч зогсохгүй Мэнни Филиппин улсын спортын хөгжил дэвшилд маш их хувь нэмэр оруулсан юм. Спортын сургууль, биеийн тамирын талбай, гүйлтийн зам, тамирчдын амралтын газар байгуулахад тэр хөрөнгө оруулжээ. Мөн тэрээр өөрийн нэрийн тэтгэлгийг ядуу гэр бүлээс гаралтай тамирчдад олгодгоороо алдартай. Ийнхүү түүнийг шүтэн бишрэгчид Филиппин даяар хэдэн мянгаар тоологдох болж, спортод дурлах хүүхдүүдийн тоо ч эрс нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close