Бусад хүмүүс

Зорилгодоо ойртох 50 алхам

Өөрчлөлт маш энгиийн зүйлээс эхэлдэг гэдгийг хүн бүр л мэддэг. Тэгсэн атлаа өөрчлөлтийг өөр дээрээ хийддэггүй нь олон. Тэгвэл залууст үлгэр дуурайл болохоор нэгэн арга хэмжээг Бээжингийн багшийн их сургуулийн оюутан Б.Төрзаяа өнгөрсөн тавдугаар сард санаачилж амжилттай зохион байгуулсан юм. Тэгвэл хоёр дахь сорил уралдаан “Өөрийгөө тольдохуй-555” нэртэйгээр энэ сарын 10-наас эхлэх гэж байна. Анхны уралдаанд Хятадад сурч буй залуус голлон оролцож байсан бол энэ удаа хүрээгээ улам тэлэх зорилгоор Монголд фэйсбүүкээр, Хятадад вичатаар дамжуулан уралдаанаа явуулахаар болжээ. 50 хоногиийн турш таван эерэг дадлыг өөртөө бий болгонгоо өөрийгөө ялан дийлж, цаг хугацааны үнэ цэнийг мэдрүүлэх нь энэ уралдааны зорилго юм. Энэхүү уралдааны зорилгыг илүү тодруулахын тулд өмнөх уралдаанд орсон залуусын сэтгэгдлийг хүргэж байна.

Хятадын Ши жиа жуан хотод сурдаг Г.Пүрэвдорж:

5:00, 6:00 цаг хоёрын агаар маш өөр байдаг юм байна лээ. Мөн 5:00 цагт боссоноор өглөөний нар мандах агшныг харах үнэхээр сайхан мэдрэмж төрдөг. Өглөө болгон тогтсон зайд гүйж, өөрийгөө хянаж шаардлага тавин дараагийн удаа арай хурдан гүйнэ шүү, түүний дараа тэсвэрийн гүйлт хийнэ шүү гэж үр дүнгээ харах нь бас нэг жаргал юм билээ. “Чамайг унтаж байхад чиний дайсан хөдөлмөрлөж байна” гэдэг үгийг “555”-д орсноор өөрийн биеээрээ мэдрэн амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрөөдөг болсон. Зарим үед хүний нүүр рүү эгцэлж хараад баярлалаа гэж хэлж чадаагүй зүрхлээгүй үеээ өглөөний талархалдаа бичиж байсан минь тайвшрал мөн баяр баясгаланг өгсөн. Эцэст нь миний хүнийг харах, амьдралыг харах өнцөг минь эерэг болж өөрчлөгдсөн юм.

ӨМӨЗО-ны Үндэстэний их сургуулийн оюутан О.Очгэрэл:

Өмнө нь би өглөөнөөс оройг хүртэл эмнэлэг дээрээ байдаг болохоор ядраад байна гэсэн шалтгаанаар жингээ хасмаар байгаа ч дасгал хийхгүй хэвтэж, эмнэлэг дээр өдөржин стори бичиж ном уншдаг юм чинь тархиа амраая гэсэн бодлоор ханзаа цээжлэхгүй, хятад кино үзэнгээ хэлээ сайжруулъя гэж шалтаглан утсаа ширтдэг байлаа. Гэтэл амжихгүй байна гэж шалтгалсан бүхэн ердөө ганцхан цагийн өмнө босоод, өглөөний хүн болсноор л шийдчихэж болдог гэдгийг “555”- аасаа би мэдэж авсан.

Шанхайн Санхүү, эдийн засгийн их сургуулийн оюутан Б.Гантигмаа:

Миний хувьд “555”-аас авсан хамгийн чухал зүйл бол “Таван талархал” байсан. Урьд нь баярлалаа гэдэг үгийг хэрэглэдэг байснаас баярласан сэтгэлээ илэрхийлж бичих нь миний хувьд цоо шинэ мэдрэмж байсан. Үнэтэй цаг заваа гарган тусалсан тусыг тэрхэн үедээ баярлалаа гээд өнгөрөх эсвэл заримдаа бүр мартчихсан байдаг. Харин өдөр бүр талархал бичдэг болсноор илүү их баярлах сэтгэл төрж, өмнөхөөсөө илүү үнэ цэнэтэйгээр баярлалаа гэж хэлдэг болсон. Анхандаа өдөр бүр таван ширхэг талархал бичих нь их юм шиг санагддаг байсан. Гэвч энэ хорвоо ертөнц дээр баярлаж талархах зүйл маш их, баярлаад баярлаад дуусашгүйг ойлгосон. Өдөр бүр талархал бичсэнээрээ Монгол оронд төрсөндөө, энэ гэр бүлд үр нь болж төрсөндөө, яг энэ мөчдөө сэтгэл хангалуун ямар их аз жаргалтай хүн гэдгээ мэдэрдэг.

Хар мөрөн мужийн их сургуулийн оюутан Б.Пагмадулам

Сорилын явцад зорилтуудаа биелүүлэхийн тулд өдөр бүр өөрийгөө дайчлан зүтгэсэн. Гэвч эхний 7 хоног өнгөрөхөд өөрийн эрхгүй ядарч, оройд дэрэн дээр толгой тавиад л шууд унтдаг боллоо. Тиймээс өөрийгөө жаахан хүчлэн гадаад нөлөөллөөс шахаж өгөхөөр шийдэн сорилд оролцож буй талаараа вичат, фэйсбүүкээр найзууддаа зарласнаар “нэрээ бодох” зангаараа түлхэц хийн сорилд илүү хариуцлагатай хандах болсон. Түүнээс гадна өдрийн унтлагын цаг гаргаж, оройн хоолоо эрт идэж, үдэш 11:00 цагаас хэтрэхгүй унтдаг болсноор асуудал шийдэгдэж, түүгээр ч барахгүй гүйх тусам бие хөнгөрөн амьсгаа задарч, ядралт бага болсон тул сорилын 10 дахь өдрөөс эхлэн гүйдэг замаа уртасгаж 3км болгоод хурдаа аажмаар ахиулж, 13 дахь хоногоос эхлэн скуат суултын дасгалаа өдрийн тоогоор нэмэгдүүллээ. Ингээд хоёр дахь 7 хоног өнгөрөхөд сэрүүлэгнээсээ түрүүлж сэрдэг, толгой өвдөлтгүй, нүүрэнд хаван гүйгээгүй өглөөг сэргэлэн угтдаг боллоо. Хүний бие шинэ зүйлд дасан зохицохдоо хурдан тул сорилын хугацааны хагасаас хойш өглөөд хийдэг дасгал, дадал маань өнө удаан жил хийсэн юм шиг л хэвшдэг юм байна.

Хятадын газрын тосны их сургуулийн оюутан Ч.Золбоо:

“555” зүгээр л өглөө эрт босдог уралдаан биш, харин өөрийгөө таних боломж. Бас 1000 м-ийн уралдаан биш, харин холын марафон байсан. Үүнд оролцогчид энэ холын аяллын гарааны бүрэлдэхүүн байлаа, цаашид улам өнөр өтгөн болно гэдэгт итгэж байна. Харанхуйг зүхэн суухаар ядаж нэг лаа асаа гэдэг үгийг залуустаа хэлмээр байна.

МУБИС-ийн оюутан А.Чимэдцогзол

Миний бие энэ 31 хоног өөрийгөө ялан дийлж “нойр” хэмээх хуучин хаант засаглалаа түлхэн унагаасандаа талархаад, талархаад ханахгүй тийм л сэтгэгдэл төрж байна. Саяхныг хүртэл бусдаас хараат амьдарч байсан би хэн нэгэнд нөлөөлж, бусдыг гэрэлтүүлж, бусдыг өсөж дээшлэхэд нь тус болно хэмээн төсөөлж байсанхгүй. Миний хувьд өмнө нь хичнээн ч цагаар хамаагүй унтаад, их идээд байхад нүд минь анивчиж, маш хурдан мэдрэлийн ядаргаанд орчихдог тийм л сульдаа биетэй байлаа шүү дээ. Харин өглөө эртлэн босон гүйж, өглөөний цэнгэг агаарыг амьсгалж, хөнгөн дасгал хийснээр өөрийн биед байсан хатаж, горчийсон муу навчаа гөвөх шиг л болсон.

Өвөрмонголын Үндэсний их сургуулийн оюутан Б.Одонцэцэг

Анх сорилын талаар уншаад хүүхдүүдийг, найзуудыгаа оролцоосой гэж чин сэтгэлээсээ бодсон. Яагаад гэвэл миний маш олон зүйлийг туулж, алдаж, таниж байж мэдэрсэн хамгийн чухал зүйлсийг зүгээр л цогцоор нь зангидаад хийсэн түргэвчилсэн “сургалт” байсан.

Бээжингийн Багшийн их сургуулийн оюутан Д.Пүрэвсүрэн:

“Эрт унтах- эрт босох” гэсэн энэ хоёр циклийн дунд амьдрал илүү эмх цэгцтэй болж эхэлсэн. Цагийг нь тулгах юм уу, цагт баригдах гэж юм байхгүй болохоор оюун санаа ч эмх цэгцтэй. Тэр дундаа өглөө гүйх үед шинэ санаа, сэдэл ар араасаа ундраад, түүнийг бушуухан хийж эхэлнэ гэхээс инээд хүрээд, улам урам зоригтой гүйх жишээний. Эргэн тойрныхоо энгийн зүйлсээс аз жаргал мэдрээд эхэлсэн нь өглөө бүр талархал бичих даалгавартай холбоотой болов уу. Ер нь бүхий л зүйлд талархаж сурна гэдэг сэтгэл зүрхээ уужим болгохын нэр юм байна. Бас талархахын хэрээр амьдрал алгаа харамгүй дэлгэдэг санагдсан.

Бээжингийн шинжлэх ухаан,технологийн их сургуулийн оюутан Б.Соёлмаа:

Өглөө эрт босож хэвшсэнээр бүтээмж нэмэгдэж, өөрөө өөртэйгөө өрсөлдөж, өөрөө өөрийгөө ялж, амьдралаас илүү том зүйлийг хардаг болж байна. Бас зорилгодоо хүрэх гарц, гаргалгаагаа ч олж харж байна. 555 маань миний зорилгод нэлээд том хөрөнгө оруулалт хийсэн шүү.

Ийнхүү эрт босч сурах эсвэл гүйж хэвших бол оролцогчдийн хэлэх гол үр дүн биш, үзэл бодол, амьдралд хандах хандлагад нь ямар их өөрчлөлт гарсныг тэдний сэтгэл хөдлөл дүүрэн сэтгэгдлээс харж болно. “Их битгий хий, бага битгий хий. Өдөр бүр хий” гэж Хятадын мэргэн үг бий. Үүнтэй ижил аливаа зүйлийг тогтмол хийж хэвшинэ гэдэг хувь хүний хөгжил хийгээд цаашлаад улс орны хөгжилд ч нөлөөлөх том үр дүн ард нь байдаг. Учир нь залуусын хөгжил өөрөө улс орны хөгжлийн эхлэл билээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close