Бусад хүмүүс

Гэр бүлийн 33 сайхан

1. Дөнгөж төрсөн үрдээ нэрийг нь шивнэж буй нөхрөө харах сайхан.
2. Түрхэн маргалдаад буцаад эвлэрэхдээ бие биенийхээ үнэ цэнийг илүү мэдрэх нь сайхан.
3. Амралтын өдрөөр ач нараа эрхлүүлэхээр санан санан ирдэг өвөө, эмээ нар сайхан.
4. Хагас сайн өдрийн өглөө эртлэн босоод банштай цай хийж, гэрийнхнээ дайлах сайхан. Хөлсөө урсган байж идээд инээж байгааг харах бүр ч сайхан.
5. Ажил дээр болсон маргаанаа ханьдаа хэлэхэд “Чиний л зөв” гэж өмөөрөх нь сайхан.
6. Өвдөөд хэвтэж байхад бяцхан гараа духан дээр минь тавьж, ээжийгээ эдгээхсэн гэж ширтэх үрсээ харах сайхан.
7. Хүүхдүүдтэйгээ нуугдаж тоглох сайхан.
8. “Намайг дуурайсан байгаа биз” гээд хүүгээрээ онгирох нөхрөө харах сайхан.
9. Хол байгаа ханьтайгаа интернэтээр царай царайгаа харан ярилцах сайхан.
10. Шалтгаангүй уурласныхаа дараа нөхрөөрөө аргадуулах сайхан.
11. Ажлаасаа ирчихээд дуу аялан хоол хийж эхлэх сайхан.
12. Хүүхдийнхээ зурсан зурган дээр өөрсдийнхөө яаж дүрслэгдсэнийг харж инээх сайхан.
13. Даарсан ч, даараагүй ч үргэлж араас тэвэрч унтдаг “паар” шиг нөхөртэй байх сайхан.
14. Амралтын өдрөөр том өрөөндөө газраар ор засан бүгдээрээ өнхрөлдөн хэвтэх сайхан.
15. “Миний охин ээж боллоо шүү дээ” гэж ээжийнхээ хэлэхийг сонсох сайхан.
16. Хадмуудаа өөрийнхөө эцэг эх шиг хайрлах сайхан.
17. Орой гэртээ ядраад ирэхэд нуруу нухаад өгөх ханьтай байх сайхан.
18. Нөхөр, хүүхдийнхээ хувцасыг угааж, индүүдээд эвхээд тавих сайхан.
19. Цалингаараа гэртээ шинэ юм авах гээд зөвлөлдөх сайхан.
20. Хүүхдүүдээ усанд хамт оруулах сайхан.
21. Ач зээг нь өвөө, эмээ дээр нь аваачиж баярлуулах сайхан.
22. Үснийхээ засалтыг өөрчилж, өөртөө сэтгэл хангалуун болчихоод гэртээ орох сайхан.
23. Шинэ хоолны жор туршиж үзээд, нөхрөөрөө магтуулах сайхан.
24. Бие биенийхээ амжилтанд хүрэхийг харах сайхан.
25. Удахгүй төрөх хүүхэддээ нэр бодох сайхан.
26. Охиноо, эхнэрээ “Миний хоёр гүнж” гэж энхрийлэн дуудах аав сайхан.
27. Гэртээ ороход инээгээд угтах хүүхдүүдээ тэврэх сайхан.
28. Аавынхаа гэрт очиж ээжийнхээ хийсэн хоолыг идэх сайхан.
29. “Миний хайр найзуудтайгаа тайван сайхан уулзаад ир дээ” гээд хүүхдээ хараад үлдэх ханьтай байх сайхан.
30. Дөнгөж төрсөн үрээ анх харах мөчийг юутай ч харьцуулашгүй сайхан.
31. Гэртээ уут дүүрэн идэх юм аваад орох сайхан.
32. “Би ганцхан чамдаа хайртай” гэж сонсох сайхан.
33. “Гэр-гий”-н үүргээ гүйцэтгэж хайртай хүмүүстээ халамжаа мэдрүүлэх сайхан.

Та өөрийнхөө гэр бүлд байдаг сайхан зүйлсээр аз жаргалын жагсаалтыг үргэлжлүүлээрэй…

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close