Но-той хүн

Д.Жигжиднямааг “Ийст винд” ХХК-ийн талд үйлчилсэн гэх гомдлыг “Монретранс” ХХК-ийн зүгээс албан ёсоор гаргаж байжээ

Төмөр зам бол улс орны эдийн засаг, аюулгүй байдалтай шууд холбоотой стратегийн чухал салбар. Тэрчлэн манай улсын тухайд төр, хувийн хэвшлийн төмөр замууддаа 100 хувь эзэн шиг байх цаг болсон гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Тэгэхийн тулд төр засгийн шийдвэр гаргагчид хийгээд энэ салбарын туршлагатай мэргэжилтнүүдийн байр суурь нэг цэгт огтлолцох ёстой.

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд төмөр зам тойрсон улстөржилт, попролт хэрээс хэтэрсэн. Тэрдундаа улсын эдийн засагт жин дарах хувь нэмрийг оруулж ирсэн УБТЗ-ыг, утга замбарааг нь алдагдтал улстөржүүлсний цаана Монголын эрх ашигт үйлчилсэн аливаа бодлогын шийдвэрүүд гарах үнэтэй цаг хугацааг алдаж өнөөдрийг хүрэв.

Монголчууд “Дээрээ суудлаа олохгүй бол, доороо гүйдлээ олохгүй” гэдэг үгийг зүгээр ч нэг хэлдэггүй л дээ. Тэгвэл УБТЗ гэдэг их айлыг сүүлийн жил гаруйн хугацаанд удирдаж буй Д.Жигжиднямаа гэдэг хүний үг нь шударга янзтай ч, үйл хэрэг нь балаг дагуулсан нэгэн үү гэж харахаас өөр аргагүй анхаарал татсан мэдээллүүд олон байна. Гол нь Д.Жигжиднямаа УБТЗ-ын дарга болохоосоо өмнө орлогч даргаар ажиллаж байсан. Тэрчлэн түүний балагтай үйлдлүүдийн үүх түүхийг баримтад тулгуурлан харахад орлогч дарга байх үедээ хувь эрх ашигтаа нийцүүлсэн үйл ажиллагаануудыг хийж гаршсан нэгэн үү? гэдэг асуулт эрхгүй тавигдаж буй юм.

Чухал салбарыг, чухал байгууллагыг залж байгаа хүнээс бид хариуцлага асуух, шаардах эрхтэй. Тиймээс ч Д.Жигжиднямаатай холбоотой ноцтой мэдээллүүдийг цувралаар нийтлэх нь зөв болов уу. Гэхдээ нэг зүйлийг тодотгоход, хэвлэл мэдээллийн салбар бол хууль хүчний байгууллага биш! Мөрдөн шалгаж, хянаж, шүүдэг хуулийн байгууллага шиг бүтэц биш учраас бид хэн нэгнийг буруутган яллах бус харин нийгмээ эрүүл саруул байлгахын төлөөх эрэлхийлэл, тууштай байдалдаа хөтлөгдөн, асуудлыг баримтад тулгуурлан өгүүлэх учиртай. Харин тэрхүү асуудлуудын араас холбогдох байгууллагууд нь анхаарал тавьж, нийгэмд зөв мэдээлэл очиж байвал, хэвлэлийнхэн бид үүргээ биелүүлж буй хэрэг билээ. Ингээд олныг үл нуршин УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой мэдээллийн эхний цувралыг хүргэе.

Д.Жигжиднямаа ба “Ийст Винд” ХХК

Д.Жигжиднямааг  УБТЗ-ын даргаар томилогдох  үед Киприйн оффшорт бүртгэлтэй “Ийст Винд” компанитай холбоотой, төмөр замыг хувь эрх ашигтаа, хөлжихдөө ашиглаж өдийг хүрсэн гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа нийтлэгдэж байв. Тэр талаар нь бичсэн “Өглөөний сонин”-ыг “Ийст Винд” компанийн зүгээс хуулийн байгууллагад өгсөн байдаг. “Ийст Винд” компанийн тухайд Д.Жигжиднямаатай ямарч холбоогүй гэсэн байр суурийг илэрхийлдэг аж.

Тэгвэл одоо таны харж буй баримт өөр зүйлийг өгүүлнэ.

Олон улсын тээвэр зуучлалын “Монретранс” ХХК-ийн зүгээс 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тухайн үед УБТЗ-ын даргын үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан Л.Пүрэвбаатарт илгээсэн албан захидлын Монгол, Орос хэл дээрх хоёр хувилбарын баримт юм.

Захидалд: “Монретранс” ХХК нь энэхүү захидлаар танд “ОК РУСАЛ” компанийн зар шалгаруулалтаар УБТЗ-ын Замын-үүд өртөөнөөс “РЖД” НХНН-ийн  Обпорска, Гончарова, Камьнита, Красноярск-Северный, Обпорская и Орловка өртөө хүртэп өнгөт металлын нунтаг, цахиурын талстыг тээвэрлэхэд хагас болон задгай вагоны хариуцах цогц зуучлагчаар ОХУ-ын Эн-Логистика НХНН  нь  2016 оны гуравдугаар сард ялагчаар сонгогдсон гэдгийг мэдээлж байна. Бид ОХУ-ын Эн-Логистика НХНН-ийн Монгол дахь эрх бүхий төлөөлөгч юм.

УБТЗ-д  өмнө нь илгээсэн захидал болон энэхүү мэдээллийн эсрэг орлогч дарга Д.Жигжиднямаа ОАХХ тээврийн бичиг баримтын 23 дахь параграф, тээврийн хөлсний төлбөрийн өөрчлөх тухай үүрэг өгчээ. Түүний даалгавраар “ОАХХ-ийн зааврын 25 дугаар тээвэрлэлтийн гэрээг зөрчих”- ийг зөрчиж Монгол дахь талбөр төлөгч “Монретранс” ХХК-ийн бичлэгийг дарж илгээгчийн болон ачааны өмчлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр тээврийн бичиг баримтын 12-т “Ийст винд” гэж тавигдсан байна.

Вагонууд нь “Ийст винд”-ээс УБТЗ-ын удирдах газарт илгээсэн захианы дагуу Сүхбаатар өртөө хүртэл аялаад зогсоод байна. Өнөөдрийн байдлаар ачааг хүргэх хугацааг зөрчиж ОК РУСАЛ компанийн ачаатай арван нэгэн вагон зогсонги байдалд байна. Үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан “Монретранс” ХХК  нь ОК РУСАЛ компанийн ачааны талаар шийдвэр гаргах зуучлах эрхээ алдаад байна. “Монретранс”ХХК-ийн удирдлага нь бичгээр болон амаар тухайн асуудлыг шийдвэрлэх талаар нэг бус удаа хандсан боловч танай орлогчоос ямар нэгэн хариу өгөөгүй.

ОК РУСАЛ компани нь таниас тухайн хөдөлгөөний процесст хөндлөнгөөс  шууд оролцохыг шаардаж байна. Үүнийг удаашруулах нь ОХУ дахь хөнгөн цагааны тээвэрлэлтийг зогсоох, ОК РУСАЛ  компанийн ачаатай вагоныг саатуулснаар материалын хариуцлага хүлээх нөхцөл байдлыг үүсгэж болох юм. Таниас үүсээд байгаа нөхцөл байдлын учрыг олохыг гүнээ хүсэж тухайн асуудлаар нааштай шийдвэр гарган вагонуудыг удаахгүйгээр Монголоос гаргана гэдэгт итгэж байна” хэмээн өгүүлсэн байгаа юм.

Тэгэхээр энэ баримт бол ямар ч байсан зар шалгаруулалтаар хууль журмын дагуу шалгарсан компанийн зүгээс гаргасан гомдол. Тэрчлэн замын орлогч дарга Д.Жигжиднямааг “Ийст Винд” ХХК-д давуу эрх олгосон асуудлыг шалгаж өгөөч гэж хүссэн албан захидал байна. Тэгэхээр Д.Жигжиднямаа ба “Ийст Винд”ХХК нь тодорхой холбоо сүлбээтэй байж болзошгүйг энэхүү захидлын агуулга сануулж буйг тодотгоё.

Мөн бас нэг анхаарал татсан баримтыг хүргэе.

Энэхүү баримтад Монголын үндэсний компаниуд транзит ачаа олж тээвэрлэх боломж муу байгаа талаар, мөн нөгөөх л “Ийст Винд” компани давуу эрхтэй байгааг харуулж байна.

Д.Жигжиднямаа төмөр замын салбарт олон жил ажилласан туршлагатай байж болох ч,  “Улаанбаатар төмөр зам”-ыг хувийн байгууллага мэт удирдан аж ахуйн нэгжүүдийг дарамтлах болсон гэх мэдээлэлд холбогддог нь үнэн. “Монретранс” ХХК-ийн зүгээс илгээсэн албан захидалд дурдсан үйл явцаас болоод хоёр хөршийн компаниуд арга ядахдаа ачаа бараагаа Манжуураар дайруулан Орос руу оруулах болсон талаар тухайн үед яригдаж байсан билээ.

Хэрэв Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бол заавал “Ийст Винд” гэх компаниар тээвэр хийлгэх ёстой гэж Д.Жигжиднямаа дарга зарлигдсаны балаг нь тэр байсан гэх мэдээлэл бий. Түүнчлэн Киприйн оффшор бүсэд бүртгэлтэй “Ийст Винд”-ийн ард Д.Жигжиднямаа дарга түшиг болоод байж байдаг гэх мэдээлэл эх сурвалжуудаас гадагшилж байлаа.

Ер нь бол Д.Жигжиднямаатай холбоотой сүүлийн үед дэлгэгдэж буй баримтуудаас үзэхэд тэрээр оффшортой “сүжирдэг” нэгэн байж болзошгүй байгаа юм.

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчид  УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын “Фрейткоммондити консалтантс”  ХХК-д  нэгжлэг хийгээд байгаа юм. Д.Жүгдэрням сүүлийн 3 жил гаруйн хугацаанд Хонконгод бүртгэлтэй ‘Class trading limited’ компаниар дамжуулан 7.5 сая ам.доллар хил гарган мөн оруулж ирсэн, оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж буйг хэвлэлүүд эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн нийтлэсэн.

Мөн Хонгконгд бүртгэлтэй компаниас Д.Жигжиднямаа, Ц.Жүгдэрням нарын Монголд эзэмшиж байсан “Фрейткоммондити Консалтантс” ХХК-луу 5,8 сая ам.доллар орж ирсэн. Гэтэл тус компаниа татан буулгаж шинээр “Скай профейшнл ложистик” ХХК-ийг Д.Жигжиднямаагийн дүү Ц.Жүгдэрням, хүү Ж.Гарьд нар нь үүсгэн байгуулж ажиллуулж байгаагийн цаана, мөнгөний урсгалаа нуух гэсэн арга нуугдаж байгаа юу гэдэг асуулт яах аргагүй тавигдана.

Гол нь Хонгконгд бүртгэлтэй компаниас УБТЗ-ийн дарга  Д.Жигжиднямаагийн дансанд 250 000 ам.доллар, “Скай профейшнл ложистик” ХХК-ийн  захирал Ц.Жүгдэрнямын дансанд  320 000 ам.доллар, хүү Ж.Гарьдын дансанд  120 000 ам.доллар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы дүү Б.Учирсайханы дансанд 120 000 ам.доллар, УБТЗ-д  ажилладаг Б. Энхбаярын дансанд  38 000 ам.доллар тус тус шилжиж орсон нь илэрсэн тухай мэдээлэл хуулийнхнаас гадагшилж, хэвлэлийнхний анхааралд орж ирээд байна. Чухам харин нягталж шалгах ажлыг хуулийнхан сайтар хийх ёстой юм.

Д.Жигжиднямааг яллагдагчаар татах тогтоолыг  АТГ-аас Нийслэлийн прокурорт хүргүүлсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж өгснөөс хойш тодорхой хугацаа өнгөрч буй. Тэрчлэн Монгол руу оруулж, гаргаж тоглосон олон сая ам.долларын эх үүсвэр нь чухам юу вэ? УБТЗ-ыг өөрийн хөрөнгөжих эх үүсвэрээ болгосон уу гэдэг асуултад хуулийнхан тодорхой хариуг өгөх биз.

Дараагийн цувралд Д.Жигжиднямаа болон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарын бизнесийн түншлэлийн цаана чухам юу нуугдаж буй талаар баримтад тулгуурлан өгүүлнэ.

Үргэлжлэл бий…

Д.Баяр

Түлхүүр үг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэлтэй

  1. I simply want to mention I am very new to blogging and site-building and definitely loved your website. Very likely I’m want to bookmark your blog . You actually come with impressive posts. Thank you for sharing with us your blog.

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close