Но-той хүн

Фэйсбүүктээ зураг хийх гэж бусдын машин хулгайлж зугаацдаг байжээ

-ОН ГАРСААР 70 МАШИН ХУЛГАЙД АЛДАГДСАНЫ 38-ЫГ НЬ ОЛЖЭЭ-

Цагдаагийн ерөнхий газрын болон Нийслэлийн цагдаагийн газрын даргын тушаалын дагуу автомашин болон автомашины эд анги хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр илрүүлэх, таслан зогсоох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс автомашин алдагдах, хулгайлах гэмт хэрэг ихсэх хандлагатай байгааг мэдээллээ.

Он гарснаас хойш “Чэйзер”, “Марк 2”, “Приус 20” маркийн 70 машин хулгайд алдагджээ. Өнөөдрийн байдлаар 38 нь машин олдсон бол бусад машиныг эрэн хайж байгаа аж. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд ч баривчлан шалгаж эхэлжээ. Тухайлбал, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат, 16-17 насны гурван этгээдийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн баривчилсан байна. Тэд нийт 12 машин хулгайлсан нь тогтоогдоод буй бөгөөд тавыг нь олжээ. Бусад автомашинуудыг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд мэдүүлэхдээ “Анхандаа фэйсбүүкт гоё машины зураг тавьж томрох гээд нэг машинд түлхүүр тааруулсан чинь онгойчихсон. Тэгээд унаж явж байгаад цагдаад баригдсан. Түүнээс хойш чимээгүй байж байгаад тав хоногийн өмнөөс машин унаж зугаацах зорилгоор дахин хулгайлж эхэлсэн. Хулгайлсан машинаа унаж явж байгаад энд тэнд орхидог байсан. Түлхүүр тааруулаад онгойлгочихдог” хэмээжээ.

-ТЭД МАШИН ХУЛГАЙЛААД ЗОГСОХГҮЙ ЗАРЖ БОЛОХ ЖИЖИГ ЭД 
ЗҮЙЛСИЙГ НЬ ХУЛГАЙЛАН ЗАРДАГ БАЙНА-

Тэд өөрсдийн дур сонирхлоор автомашин хулгайлдаг гэж мэдүүлсэн бөгөөд MP3 тоглуулагч, аккумлятор гэх мэт зарж борлуулж болох эд зүйлсийг нь авч, машиныг энд тэнд хаяж явдаг байна.

Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа н.Алтанзулын ярьж буйгаар, гэмт этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ түлхүүр тааруулдаг ажээ. Тиймээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй түлхүүр олшруулдаг газруудыг нарийвчлан шалгаж, бүртгэлд оруулах шаардлагатай байгааг хэлэв.

Түүнчлэн урин дулааны цаг ирж буйтай холбоотойгоор иргэд машинаа дулаан гаражаас гаргаж, гудамж талбай, байрны гадаа их тавьдаг болсноос эд зүйлээ хулгайч нарын олз болгох нөхцөл бүрдүүлж буйг дуулгалаа. Тиймээс нийт тээврийн хэрэгсэл эзэмшигчдэдээ тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай, камертай газар тавьж, өөрсдийн эд хөрөнгөө хамгаалах хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

-БАЙНГА ХУЛГАЙН ХЭРЭГ ҮЙЛДЭЖ, АМЬДРАЛЫН ЭХ ҮҮСВЭРЭЭ БОЛГОСОН БОЛ 
5-12 ЖИЛ ХҮРТЭЛХ ХУГАЦААГААР ХОРИНО-

Дээрх этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

17.1 дүгээр зүйл. Хулгайлах

1. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

2.1. хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;

2.2. түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;

2.3. ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;

2.4. учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг:

3.1. байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Б.БУРМАА

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close