Но-той хүн

Бодибилдингийн тамирчин залуу фэйсбүүкээр танилцсан бүсгүйгээ анхны болзоон дээрээ хүчиндэхийг завджээ

2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хорь гаруйхан настай эрүүл мэндийн чиглэлээр сурдаг оюутан Н гэнэн итгэмтгий зангаасаа болж хүчирхийллийн золиос болох шахжээ. Тэрбээр, фэйсбүүкээр бодибилдингийн тамирчин залуутай танилцсан бөгөөд тэд болзохоор болж анхны уулзалтаараа кино үзэхээр тохиролцжээ. Харин залуу орой нь түүнийг явуулалгүй хүчиндэхийг завдсан байна. 

Азаар эмэгтэй найзууд руугаа чатаар тусламж хүсч тэрбээр аврагджээ. Түүний хувьд тэр өдрөөс хойш сэтгэл санааны хүнд байдалд орж, байнга айдастай явдаг болсон бөгөөд залуу охид бүсгүйчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс манай редакцад хандсан юм.

-Танд юу тохиолдсон тухайгаа бидэнд яриач?

-Бодибилдингийн спортоор хичээллэдэг, Улсын болон ОУ-ын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож яваа н.Баянмөнх гэж залуу бий. Энэ сарын эхээр тэр надруу фэйсбүүкээр найзын хүсэлт явуулж бид чатаар танилцсан юм. Хэд хоног чатаар харилцаад тэр надад кино үзэх санал тавьсан. Ингээд “Гэгээнтэн” кино театрт уулзахаар болсон. Тэр өдөр би зайсанд байдаг ангийнхаа найзынд найзуудтайгаа хичээлээ хийж байгаад түүнтэй кино үзэхээр явсан. Бид хоёр орой 22:40-ийн кино үзээд 01:00 цагийн үед театраас гараад би найзындаа хүргүүлсэн юм.

Тэр намайг буцаж гэр рүүгээ хүргүүлэх үү, эндээ үлдэх үү гэж асуусан. Ангийнхан руугаа залгахад намайг “Гэрт чинь хүргэж өгнө ороод ир, бид хичээлээ хийж дуусаагүй байна” гэсэн юм. Тэгээд би түүнд “ангийнхан маань хүргэж өгнө гэнээ баяртай” гээд салах гэтэл “Хоёулаа таван минут юм ярьж сууя” гэсэн. Анх удаа уулзаж, танилцаж байгаагаа хүндэтгээд ярилцаад сууж байх үед “тэвэрье” гээд гэнэт намайг өргөөд өөрийнхөө өвөр дээр суулгаад сандлаа хойшлуулж налуулсан.

Тэгээд намайг энэ хувцсаа тайлчихаач, тэврэхэд тухгүй байна гэж хэлсэн. Би  сандраад “Таван минут гэж чи хэлсэн, болчихлоо” гэсэн чинь “зүгээрээ тайлчих” гээд миний гадуур хувцсыг хүчээр тайлсан. Би нөхцөл байдлыг буруу ойлгохгүй байхыг гуйж, машины хаалгыг нь онгойлгоод би буух гэтэл намайг “Жаахан хүүхэд шиг маяглаад байх юм. Би чамайг яах ч үгүй” гэснээ хойно орж ирж суусан. Айж сандраад би чиний найз охин биш, орой уулзсан маань буруу болжээ, би чамтай дотно харилцаанд орохгүй гэж зөндөө хэлсэн боловч тэр миний үгийг сонсоогүйгээр барахгүй өмд, хувцасыг маань тайлахаар ноцолдож эхэлсэн. Эсэргүүцэхэд минь янз бүрээр доромжилж, маш их дарамт үзүүлсэн.

-Дарамт гэхээр?

-Тэр намайг элдэв янзаар харааж, орилж хашгираад “Өглөө болсон ч хамаагүй. Би чамтай унтаж байж сална” гээд намайг явуулахгүй байсан. Би маш их айж “манай ангийнхан намайг дотор хүлээж байгаа” явмаар байна гэж түүнээс гуйсан.

Ангийнхан маань намайг бараг бүтэн цаг хүлээсэн. Тэр үед шөнийн хоёр цаг болж байсан. Би найзынхаа гадна ирчихээд ярьсныхаа дараа “би таван минутын дараа орлоо” гэж найзуудруугаа чатаар бичсэн байсан. Найзууд маань надад маш их санаа зовсон байсан. Гэвч би түүнээс мултрах гээд дийлээгүй.

Би чамтай унтахгүй намайг зүгээр байлгаач гэсэн чинь “Миний юу нь таалагдахгүй байгаа юм. Би тийм муухай залуу байна уу.  Би чамтай унтаж байж сална” гэж намайг доромжилж надруу аймшигтай орилсон. Би хэзээ ч тийм байдалд орж байгаагүй.

-Урьд нь танихгүй байсан хүнтэй оройн цагаар уулзах эрсдэлтэй алхам. Найзууд чинь анх удаа уулзаж байгааг мэдэж байсан уу?

-Мэдэж байсан. Залуу хүмүүс, хэн хэн нь ганц бие, ойрхон байгаа юм чинь кино үзэж танилцая гэж ярилцаад явсан. Тэр надад “Би ойрд кино үзээгүй. Хоёулаа хамт кино үзье” гэж санал тавьсан. Тэр өдөр бэлтгэлтэй 21:00 цагийн үед завтай болно гээд 22:00 цагт уулзахаар тохирсон ч өдөр нь ойр ойрхон чат бичээд намайг хаана юу хийж байгааг асуусан. Найзындаа хичээлээ хийж байна гэдгээ хэлтэл  “Би чамайг гэртээ хүлээгээд байж байна” гэсэн. Би айлд очихгүй гэсэн чинь “Үгүй ээ. Кино театрт үзнэ” гэхээр нь зөвшөөрсөн. Тэр ганцаараа амьдардаг гэсэн. Би гэр рүү нь дагаж яваагүй. Зүгээр л машинд нь байхад тэр надад хүч хэрэглэхийг завдсан. Бид анх удаа л уулзсан.

Гэтэл тэр намайг аймшигтай доромжилж бүр сүүлдээ гүтгэсэн. Миний бусдад итгэх итгэлд маш ноцтой хохирол учруулсанд харамсаж байна. Би хүчиндүүлээгүй ч бие, сэтгэлийн хүчирхийлэлд өөрийгөө өртсөн гэж бодож бана. Тийм учраас миний үеийн охид болгоомжтой байгаасай, над шиг байдалд бүү ороосой гэсэндээ танай сайтад ярилцлага өгч байгаа юм. Энэ бүхэн 04-р сарын 04-нд болсон. Тэрнээс хойш би сэтгэлдээ маш их айдастай явж байна.

-Найзууд чинь чамайг олж ирээгүй бол илүү ноцтой байдал үүсэх байж. Гүтгэсэн гэдгээ тодруулахгүй юу?

-Тийм. Би ангийнхан руугаа намайг олохгүй байх гэж бодоод “Энэ залуу намайг оруулахгүй байна. Та нар гараад ирээч” гэж чат бичиж байтал тэр “Чи намайг доромжлоод байгаа юмуу, би чамтай юм ярьж байгаа биздээ” гээд миний утсыг авч шидсэн. Би түүнийг тайван байхыг гуйж, аргадаж байгаад утсаа аваад найзууд руугаа “Би эсрэг талын байрны энд байна.  Гялс хүрээд ир” гэж чат бичсэн. Энэ үеэр миний утсыг шүүрч аваад машиныхаа хойд талын багаж руу шидээд  “Би амрах цагаа хумслаад би чамтай явж байна. Би чамтай унтаж байж сална.Өглөө болсон ч хамаагүй гээд хашгирсан. Түүнд бусдыг болон өөрийгөө хүндэтгэх ямар ч зан чанар байгаагүй.

Азаар тэр үед  ангийнхан маань ирсэн. Манай ангийн охин машиных нь цонхыг тогшоод намайг нааш ир гэж дуудсан. Гараад би ангийнхандаа болсон зүйлсийг ярьж намайг явуулахгүй хүчиндэхийг оролдсон тухай ярьж баахан уйлсан. Би ангийнхнаа хэрүүл зодоонд хутгахыг хүсээгүй тул  түүнийг аймшигтай авир гаргаж байсан ч тэсээд явсных нь дараа бүх зүйлийг ярьсан.

Дараа нь найзууд маань гэрт минь хүргэж өгөхөөр явж байх үед “Чи сая миний машины урд талын суудал дээр байсан түрүүвчийг авсан уу, тэгээд  яараад байсан юмуу, цагдаад өгнө гэж” гэж гүтгэж, сүрдүүлсэн. Би хариуд нь “Чи кино театрт орохдоо ч халааснаасаа мөнгө гаргаж билет авч байсан. Би хүний юм авдаг хүн биш, тийм ухамсар надад байхгүй” гэдгээ хэлсэн. Үнэхээр ухамсаргүй, увайгүй, маш хэрцгий зантай залуу байсан.

-Дахиж түүнтэй холбогдсон уу?

-Маргааш нь “Намайг уучлаарай. Болсон зүйлийг би эргэж санахыг ч хүсэхгүй байна” гэж бичсэн. Түүний надруу бичсэн чатууд, би ангийнхан руугаа бичсэн чатуудыг та бүхэнд бүгдийг нь үзүүлье.

Би түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй байх гэж бодож байна. Надруу орилохдоо гар нь салгалж байсан. Аймар бронктой. Цохиод авах вий гэж маш их айж, сандарсан.

-Хуулийн байгууллагад хандсан уу?

-Хүчиндүүлээгүй болохоор хандаагүй. Харин хэвлэлд хандаж байгаа маань бусдыг болгоомжлуулах зорилготой. Эмэгтэйчүүд ийм үйлдлийн эсрэг зоригтой байх ёстой болов уу гэж бодож байна. Олны танил гэхээрээ л бусдыг хуурч мэхэлдэг, сүрдүүлдэг, хохироодог, дарамталдаг байж болохгүй шүү дээ.

Жич: Энэхүү ярилцлагатай холбоотой дүрс болон дуу бичлэг гэх мэт холбогдох баримтуудыг хохирогчийн зүгээс бидэнд ирүүлсэн болно.

Т.Хэрлэн     Эх сурвалж: Zuv.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close