Бусад хүмүүс

“60 тэрбум”-ын 60 эргэлзээ тайлагдаж хэргийн эзэд улайж эхлэв

УИХ-ын ээлжит 2016 оны сонгуулиар сонгогч олны итгэлийг хүлээн парламентад орж ирсэн нөхөд дунд цөөн боловч шударга үнэний дуу хоолой болсон залуусын нэг нь Л.Оюун-Эрдэнэ гэдэгтэй маргах хүн гарахгүй. Тэрбээр Төрийн албыг наймаалцах “60 тэрбум”-ын хэргийн үнэн мөнийг олохын төлөө тууштай тэмцэж өнөөдөр гэмтнүүдийг шүүх цагдаагаас өмнө бараг л “улайлгаад” авав бололтой. Тэгэхээр энэ тухайд баримт түшин өгүүлэх нь зүйд нийцнэ.

УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын дунд Төрийн албыг наймаалж “60 тэрбум” төгрөг босгох тухай яриаг иргэн Г.Доржзодов нийтийн сүлжээнд тавьсан билээ. Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль угтаж болсон энэ “халуухан” уулзалтын дуулиан өнөөдөр хүртэл намдаагүй байна. Дуулиан намдахгүй байгаа учир нь “60 тэрбум”-ын бүлэглэл нь Төрийн эрх мэдлээр шүүх засаглалд нөлөөлж 2017 оны есдүгээр сарын 04-ний өдөр уг хэргийг Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлстийн хяналтын прокурор Д.Ширэндэвээр “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” 25 дугаар тогтоол гаргуулж чадсан байна.

Тодотгож хэлбэл, “60 тэрбум”-ын бүлэглэл албан тушаалаа урвуулан ашиглаж хэрэг мөрдөн байцаах ажиллагаанд өндөр дээд албан тушаалаар нөлөөлөөд зогсохгүй өөрсдийнхөө талд шийдвэр гаргуулж чадсан гэдэг нь доорхи тогтоолоос харагдана.

Нөлөөлсөн гэж үзэх үндэслэлээс дурдая. Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнайн гарын үсэгтэй 2018 оны наймдугаар сарын 1-ний өдрийн тогтоолд дурдахдаа “Тагнуулын ерөнхий газрын 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн 08704 дугаартай албан бичигт энэ асуудлын хүрээнд шалгах тодорхой мэдээлэл байгаа талаар дурдсан байх тул уг мэдээ мэдээллийн хүрээнд тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй” гэж үзжээ. /Нийслэлийн прокурорын газрын Прокроруын тогтоолыг дор хавсаргав/ 

Ийнхүү Нийслэлийн ерөнхий прокурор шалгах үндэслэлийг дурдаад “Эрүүгийн 170200016 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахыг Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын 2017 оны долдугаар сарын 28-ны өдрийн А59, А161, А100 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч мөрдөгч нарт даалгасугай” гэсэн тогтоол гаргасан нь баримтаар байна. Үүнээс харвал “60 тэрбум”-ын хэргийг замхаруулахаар албан тушаалаа урвуулан ашигласан нь тодорхой болох нь харагдана. Нөгөө талаар нэгэнт Нийслэлийн Ерөнхий прокурорын тогтоол гарч үүрэг өгсөн учраас “60 тэрбум”-ын хэргийг дахин шалгах нь тодорхой болов.

Мөнхүү Төрийн албыг наймаалж “60 тэрбум” төгрөг босгох тухай яриа үнэн болохыг ярианд оролцогчид ч өөрсдөө зөвшөөрсөн баримт хэвлэлийн архивт байдаг. Тухайлбал, МАН-ын Хяналтын хорооны 2018 оны наймдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр “Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй энэ талаар ярьсан нь үнэн, бичлэг алдагдсан гэж хэвлэл мэдээллээр ярьсан ба Зөвлөх А.Ганбаатар дээрх яриа болсон талаар хариу тайлбар өгсөн зэргээс үзвэл “60 тэрбум”-ын гэх яриа болсон нь батлагдаж байна” хэмээн хуралдаанд оролцогчид дүгнэсэн байдаг. Энэ нь хэдийгээр шүүх хуралдаан биш ч гэлээ намын халуун тогоон дунд нүүр нүүрээ харж суугаад ярилцсан хурлын порткол гэхээр нэгийг хэлж хоёрыг бодогдуулах нь лавтай. /МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаас гаргасан тогтоолыг хавсаргав/. 

Мөнхүү Прокурор Д.Ширэндэвийн “хэрэг хаах тухай” тогтоолд дурдахдаа “Шинэ Монгол хаад” ХХК-ийн оффист ярилцаж байсан нь тогтоогдсон боловч” гэсэн өгүүлбэр байгаагаар уг уулзалт болсныг батлана. Ингэхдээ “..гэвч Төрийн эрхийг хууль бусаар авах, сонгуулийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй” гэсэн дүгнэлтийг гаргаж өгснөөр энэ хэргийг хаасан байгаа юм.

Тэгвэл “60 тэрбум”-ын толгойлогч М.Энхболд 2018 оны наймдугаар сарын 02-ны өдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороонд албан бичиг илгээхдээ хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн утга бүхий өгүүлбэрийг дайжээ. Тэрбээр хариу бичигт дурдахдаа “Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ “60 тэрбум”-ын хэрэгтэй нэр холбогдсондоо харамсаж байгаа” хэмээсэн нь “хэргээ хүлээсэн” гэж үзэх үндэслэл хэмээн хэвлэлүүд онцлоод эхэлжээ.

Албан бичигт байгаа цагаан дээр хараар бичсэн өгүүлбэрээс харахад “би тэнд байгаагүй” гэж хэлсэнгүй, харин ч “харамсаж” буйгаа дурдсан байна. Үүгээр ч зогсохгүй “Хяналтын ерөнхий хорооны хурлаар намын зарим гишүүдийнхээ ёс зүйн асуудлыг авч хэлэлцэхдээ миний энэ харамслыг харгалзан үзэж, намын хамт олонд болон тэднээр дамжуулан монголын ард түмэнд байр сууриа илэрхийлэхийг хүсье” хэмээн Хяналтын хороогоор дамжуулан намын журамт нөхөд нийт монголчуудад хандсан нь ч “би буруутай” гэсэн үг мөн биз ээ. Түүнчлэн  хэвлэл мэдээллийнхэн “Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Төрийн гурван өндөрлөгийн нэг албан ёсоор харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан тохиолдол боллоо” хэмээн ч дурдаж байна. /Энд УИХ-ын дарга М.Энхболдын МАН-ын Хяналтын ерөнхий хороонд ирүүлсэн албан бичгийг хавсаргав/

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн “ээлжит бус чуулган хуралдуулж “60 тэрбум”-ын хэргийн талаар сонсгол, хэлэлцүүлэг хийх тухай” шаардах бичигт ч тэрбээр хариу өгсөн. Ерөөсөө УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байж энэ асуудлыг хэлэлцэх учиртай л даа. Харин дээрх шаардлагаас үүдэн УИХ-ын даргын зөвлөл хоёр ч удаа хуралдаж ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа ээлжит бус чуулган хуралдах товыг зарлахаар шийдвэрлэсэн учраас Хууль зүйн байнгын хорооны даргад уг чиглэлийг өгчихсөн гэдгээ ч албан бичигт дурдсан байна лээ.

Тэгэхээр Хууль зүйн байнгын хороо хуралдаж шийдвэрээ гаргалаа л бол УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах нь гарцаагүй. Үүнтэй дөрөө харшуулан Нийслэлийн Ерөнхий прокуророос уг хэргийг мөрдөн шалгах үүрэг өгчихсөн зэргээс харвал “60 тэрбум”-ын 60 эргэлзээ тайлагдаж, хэргийн эзэд ч улайх нь тодорхой болж байна. Харин Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэхүй байна гэх шалтгаан нь цаанаа ямар нэгэн учир байж таарна. /Энд УИХ-ын дарга М.Энхболдоос УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд илгээсэн албан бичгийг хавсаргав/ 

Дашрамд дурдахад, тухайн үед буюу 2017 оны зургадугаар сарын 27-нд М.Энхболд хэвлэлийн хурал зарлаж энэ үеэр бичлэгийг эвлүүлэг гээд мэдэгдчихсэн. Яг тэр дагуу нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс “…бичлэг бол эвлүүлэг…” гэсэн дүгнэлтийг бүр хойно долдугаар сарын 18-нд гаргасан нь ямар учиртайг ч нягтлах байх.

Иргэн Г.Доржзодовын ярьснаар Стратегийн судалгааны хүрээлэнд хамт ажиллаж байсан залуу яаралтай уулзъя гэхээр нь “Русская гимназия” сургуулийн үүдэнд уулзаад ҮАБЗ-өөс хүн мессэж ирүүлжээ. Бичлэг энэ тэрийг нотолж гэрч бололгүй зүгээр л алга бол гэж гуйлгасан аж. Намайг суралцахыг хүссэн сургуулиа сонго, амьдрахыг хүссэн улсаа сонго, тэгээд хоёр өрөө байр нэмээд ав гэсэн амлат өгүүлсэн байсан нь ч өдгөө хэвлэлийн архивт бий.

Үүнээс гадна 2017 оны зургадугаар сарын 9-нд Монголын нэртэй бизнесмэн “М.Энхболд дарга орой Энканто хотхоны Спорт центрийн VIP саунд ганцаарчилж уулзъя гээд байна” гэж гуйлгуулжээ. Иргэн Г.Доржзодов ч хамгаалалтын бүх аргаа хэрэглэж очтол тухайн үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбат “Энхболд дарга намайг явууллаа. Чи гадагшаа явчих. Гэхдээ явахаасаа өмнө бичлэг бол эвлүүлэг гээд камераар бичүүлчих. Тэгвэл нэг сая доллар өгнө” гэж хэлсэн нь ч архивт бий.

Энэ бол ийм тодорхой асуудал учраас албан тушаалтайгаа зууралдаад байлгүй үнэн мөнөө хүлээгээд явах учиртай.

Эх Сурвалж Factnews.mn

http://factnews.mn/mku

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close