Бусад хүмүүс

​Америкуудтай 350 сая долларын буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажуулна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр эх орноосоо мордлоо. Өмнө нь 2015 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-д айлчилж байсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалаас юу хүлээх вэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д хийх айлчлалын хүрээнд тус улсын дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцоно. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэх юм. Эдгээр албан уулзалтаас гадна АНУ-ын Мянганы сорилтын корпораци /МСК/-аас Монгол Улстай байгуулах хоёр дахь Компакт гэрээг баталгаажуулах Тунхаглалд гарын үзэг зурах ёслолд оролцоно.

МСК-аас Монгол Улстай Компакт гэрээ байгуулах мэдэгдлийг өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Конгресст хүргүүлж, дэмжигдсэн.

Өнгөрсөн долдугаар сард хүчин төгөлдөр болох хүлээлттэй байсан Компакт гэрээ Ерөнхий сайдын айлчлал болон бусад хүчин зүйлээс шалтгаалан хойшилсон. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айчлалын үеэр сүүлийн дөрвөн жилийн турш хоёр парламент, гурван Засгийн газар дамжиж яригдсан Мянганы сорилтын корпорацийн төслийн хоёр дахь ээлж Монголд хэрэгжих хугацаа тодорхой болох нь ээ.

Компакт гэрээний хүрээнд Монгол Улсад 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг АНУ-ын МСК-аас санхүүжүүлнэ. Гэрээний дагуу Монгол Улс МСК-аас олгох буцалтгүй тусламжийн мөнгөөр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцоонд байгаа юм. Үүнд,

-Улаанбаатар хотын газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах

-Хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой болгох

-Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг ажлууд ажил багтжээ.

Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нийт санхүүжилт 461 сая ам.доллар болж байгаа. Үүний 111.7 сая ам.долларыг Монголын Засгийн газар гаргах үүрэг хүлээж байгаа юм.

Компакт гэрээний зорилго нь Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэж буй. Өнөөдөр Улаанбаатар хот хаягдал ус буюу саарал усыг дахин ашиглах боломжгүй нь цэвэр усны нөөц багасахад нөлөөлж байгаа. Хэрвээ хаягдал усыг дахин ашиглах боломжтой болбол үйлдвэр, автомашины угаалгын газруудад хэрэглэж байгаа цэвэр усаа хамгаалахад чухал нөлөөтэй юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close