Бусад хүмүүс

Монгол гэрийн эд хэрэглэл,түүний бэлгэдэл

Нүүдэлчин монголчуудын эдийн соёлын нэг үндсэн хэсэг нь тэдний сууц, орон гэр мөн. Байнгын хэрэглээний орон гэр, түр хэрэглээний оромжийн үндсэн бүрэлдэхүүн нь тооно, хаалга, хана, уни, багана болно. Гэрийн энэхүү эд ангийг монголчууд гэрийн мод гэдэг. Гэрийн тооно, хаалга, хана, унины хийц, хэлбэр хэмжээг зөв тохируулан бүтээх нь монгол гэрийг эзэмших монгол угсаатан, овогтны оюуны ба эдийн том соёл мөн.

Монголчуудын гэр сууц нь эртний уламжлалтай бөгөөд хөгжлийн олон үе шатыг туулан өнөөгийн хэлбэрийг олжээ. Монгол гэрийн доторхийг хоймор, үүд, эзэгтэйн тал, гэрийн эзний тал гэж ялгах нь гэрийн дотор баримтлах ёс, зай талбайн журмыг тогтоосон хэв ёс болно. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг. Гал голомт буюу галын өр нь ертөнцийн төв, газрын өр байдлаар төсөөлөгдөх болжээ

Галын өрийг тойрсон орон зайн баруун тал нь эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдгаас уламжлан эзэгтэй тал, эрэгтэй хүний тал хэмээх болсон байна. Гал голомт, галын өрөөс гэрийн доторх орон зайг 12 жилээр хуваан нэрлэх, зүг чиг заах, өнгөөр ялган бэлгэдэх гэрийн наран цаМонгол гэрийн бүхий л зүйл монголчуудын зан заншилтай холбогдох бөгөөд энэ нь цаанаа ямар нэгэн бэлгэдэлт утга агуулдаг байна.

Гэрт орохоос эхлээд монгол ахуй амьдралын онцлогийг харж болно. Гэрт орж байгаа хүн баруун хөлөөрөө эхэлж орох ёстой бөгөөд өр нэхэх, хэл ам, хэрүүл тэмцэл хийх хүн зүүн хөлөөрөө ордог байна. Халх, ойрад, буриад, өмнөд монголчууд гэрийн эсгий үүдийг зөв талаас нь зөв гараараа сөхөж гэртээ орно. Харин хасагууд гэрийнхээ эсгий үүдийг буруу талаас нь солгой гараараа сөхөж гэртээ ордог байна.

Монгол гэрийн үүд хаалгыг өрх гэрт буян хишиг оруулах утгаар хүний ам байдлаар төсөөлөн бэлгэддэг байна. Гэрийн үүдийг шовх хадан хясаа, уулын ам, хөндий жалга харуулан барихыг цээрлэдэг. Сэт оноо тааруулж баривал хүн малын гарзтай гэж үздэг байна. Гэрийн үүдийг уулын ар, тэгш талыг тааруулж барьдаг уламжлалтай. Үүнтэй зэрэгцэн босго, тогтогны бэлгэдэл гарч ирнэ. Болгон дээр суух, гишгэхийг “үүд багалзуурдаад” гэж хөгшчүүл машид цээрлэдэг.

Эсгий үүдтэн монгол хүмүүсийн амьдран суух орон гэрийг ялгаруулах угсаатны ялгаа олон байдаг. Тиймээс монгол гэрийг халх, ойрад, буриад, өмнөд монгол, хасаг гэр хэмээн ялгаж болно.

Тооно нь гэрийн орон зай ихэсгэх, багасгах, гэрт гэрэл гэгээ орох, гэрийн модны бүтэц, тогтолцоог урлан бүтээхэд их үүрэгтэй. Тооныг монголын тоонолжин буюу чагт тэмдэгтэй холбон хэлэлцэж болно. Монгол гэрт гэрэл гэгээ оруулж, утаа уурыг гаргах, унь тогтоох голдоо хөндлөн гулд чагт тэмдэгтэй дугуй цагираг хүрээг тооно гэнэ. Тооныг ойрад монголын дөрвөд, баядад хараач, өөлд, торгууд, урианхай, захчинд гараац гэдэг. Хараач нь од, эрхэс, гэгээ гэрэл, гэгээн тэнгэрийн оронг нүдээр үзэх qaraqu, qarabci, qaraci-тай нэг язгууртай. Гараац, гараадсан нь нүүдэлчдийн задгай гал, голомтын утаа, цай идээний дээж уур гэр дотроос гадагшлах, гарах гэдэг үгтэй нэг язгууртай байж болно. Баяд, дөрвөдөд хар, харахаас хараач, захчин, торгуудад гар, гарахаас гараач болжээ. Монгол гэрийн тооныг нараар төлөөлүүлэн улаан, улбар шар өнгөөр дүрсэлсэн нь нарны бэлгэдэлтэй холбоотой юм. Тооныг нараар төлөөлүүлэн бэлгэдэхийн улмаас гэрийн унийг нарны цацрагбайдлаар төсөөлөх болжээ.

Өөр нэгэн зүйл бол монгол гэрийн бүтэц хэсгүүдийг хүний бие эрхтнээр төсөөлөн бэлгэдэх явдал юм. Тооно нь дээр өгүүлсэнчлэн ертөнцийн бичил загвараар нарны бэлгэдэл болж байсан бол хүний бие эрхтнээр бэлгэдэхэд толгой, тэргүүнээр төсөөлөн ойлгодог байна.
Монголын уламжлалт ёсонд гэрийн тоонон дээгүүр алхах, гишгэхийг цээрлэдэг нь угтаа тооныг гэрийн толгой тэргүүн буюу хүний тэргүүнтэй холбон үздэгтэй холбоотой юм.

Тооно дээгүүр бүтээж нар, салхи, цас, бороо, шороо, хурц гэрэл гэгээнээс хамгаалах, мөн гэрт тусах нарны гэрэл гэгээг тохируулах зэрэг үүрэгтэй гэрийн нэгэн зүйл бүрээс бол өрх юм. Өрхийг бүтцээр нь гурвалжин, дөрвөлжин, хошуут гэж гурав ангилна.

Монголчууд гэрийн өрхийг тоононы малгай байдлаар төсөөлдөг байна. Гэрийн тооно, өрхөн дээгүүр алхах, гишгэхийг цээрлэдэг нь монголчууд малгайн дээгүүр алхвал хийморь лундаа доройтно гэж үздэгтэй нэгэн адил юм.

Халх монголчууд ханыг шорон хана, хөлт хана, хатгуур хана, сараалжин хана, морин хана, хонин хана, хурган хана гэж ялгаж нэрлэдэг нь халх ястны нутгийн аялгууны хувилбар дуудлага юм. Шаг тэрэм, мөрөн тэрэм гэдэг нь ойрад аялгууны дуудлага болно.

Гэрийн хана, туурганы ёроол хэсгийг хаяа гэнэ. Гэрийн хаяагаар тойруулан ороох эсгий, мод зэргээр хийсэн хэрэглэл хаяавчийн халх-монгол, ойрад–монгол дуудлага нь иргэ болно. Гэрийн хаяавч, иргэний өнгө нь тухайн ястны нэгэн зүйл зан үйлийн бэлгэдлийг илэрхийлдэг байна. Ховдын мянгад ястан гэр, гал голомтоо дээдэлж хар эсгий хаяавчин тойруулгатай байдаг нь ид хав, хүчин чадал, овор жин, сүр байдал ихтэйг бэлгэдсэн утгатай байна.

Гэрийн голд багана гал голомт байна. Гэрийн баганаар дамжин өвөг дээдсийн сүнстэй холбогддог гэж үздэгээс багана түших, барих ялангуяа алдлахыг цээрлэдэг заншилтай. Мөн монголчууд баганыг гэрийн зовлонг үүрч явдаг гэж үздэг учраас хүүхдийг багананы зовлон авна гэж үздэг байна. Монголчууд баганыг ертөнцийн босоо тэнхлэг, мөн хүний хөл, тулгуур эрхтнээр төсөөлдөг байна.Эцэст нь дүгнэж хэлэхэд монгол гэрийн бэлгэдэл нь:

1. Орчлон ертөнцийн бичил загвараар бэлгэдэх

2. Хүний хувилбар дүрсээр бэлгэдэх

3. Найман тахилаар бэлгэдэх гэсэн гурван зүйлийн давхар байдлаар уламжилсан

байх бөгөөд үүнийг монголын аман зохиол, уламжлалт ёс заншил, гэрийн зан үйл хийгээд цээрийн ёсноос сэргээн харж болохоор байна. Монгол гэрийн язгуурын бэлгэдэл болох ертөнцийн бичил загвар байдлаар төсөөлөн бэлгэдэх нь илүү орон зайн утгыг шингээж, хүний биеийн хувилбар дүрсээр бэлгэдэх нь цаг хугацааны утгыг шингээж уламжилсан байх ажээ. Монгол гэр нь монголын эд өлгийн болон оюуны соёлын асар нандин өвийг хадгалан уламжилж ирсэн зүйл юм. Тиймээс монгол гэрийг аман зохиол, угсаатны судлал, хэл шинжлэлийн үүднээс илүү нарийвчлан судлах шаардлагатай байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close