Олны танил

Хүүхэд гаргадаггүй сувай эм гэж доромжлуулж байсан Жүжигчин Оюунтуул ээж болсон гэв үү

Соёлын тэргүүний ажилтан Д.Оюунтуул хөл хүнд болсноо олон нийтээс тасан нууцалж байсан билээ. Тэгвэл шинэ оны босгон дээр нярайлж шинэ хүнээ өлгийдөн авсан байна. Ээж болж, бүл нэмсэн жүжигчин бүсгүйд баяр хүргэж, гэгээн бүхнийг хүсье.

Д.Оюунтуул: Хүүхэд гаргадаггүй сувай эм, амилсан шулам гэж дайрсан

Жүжигчин Д.Оюунтуул “People of Mongolia” сэтгүүлийн энэ удаагийн зочноор уригдан ярилцлаа.
Жүжигчин Ц.Алдармаа Д.Оюунтуулын биеийн 31 хувийг буцлам халуун усаар түлсэнээс хойш нэг жил өнгөрчээ. Бүтэн жилийн хугацаанд эмчилгээ хийлгэж яваа тэрбээр болсон явдлаас хойш анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өглөө. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Түлэгдсэнээс хойш нэг жил өнгөрчээ. Биеийн байдал нь ямар байна?
-Юуны өмнө People of Mongolia  сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Түлэгдсэнээс хойш яг нэг жил өнгөрч байна. Түрүү жилийн 4 сарын 27-нд түлэгдсэн. Энэ хугацаанд хоёр удаа Солонгос руу эмчилгээнд яваад ирлээ. Одоо дахиад 5 сарын эхээр гурав дахь эмчилгээндээ явна. Биеийн байдал сайжирсан. Одоо зөвхөн сорвижилт, ургаад байгаа махныхаа эсрэг лазер эмчилгээнд орж байна.

-Хаана, ямар мах ургаад байгаа юм бэ?

-Ер нь бол хүн өөрөө биеэрээ амсаж байж түлэнхийн хор хөнөөл, уршигийг мэдэрдэг юм байна. Арьс их олон давхар бөгөөд түлэгдсэн хэсгийн арьс байхгүй болсон учраас мах түрж ургаад байдаг болсон. Тэр ургалтыг зогсоох шаардлагатай байгаа юм. Эмэгтэй хүн учраас мэдээж гоо сайхандаа анхаарах шаардлагатай, илүү ургасан махтай байхыг хүсэхгүй байна л даа.

-Зарим хүмүүс яагаад заавал харийн орныг зорьж эмчилгээ хийлгэдэг юм бэ, Монголын эмчилгээ муу байна уу, эсвэл худлаа баашлаад байна уу гэж ярьдаг. Зовлонг биеэрээ туулж байгаа хүний хувьд Туулд нэг хариулт байгаа байх?
-Манай Түлэнхийн төвийн эмч нар үнэхээр мундаг юм байна. Эмч нарын маань ур чадвар, мэдлэг зүйрлэшгүй гайхалтай. Хамгийн гол нь техник төхөөрөмж, зарим эм тариа, лазер эмчилгээ нь манайд байхгүй учраас гадагшаа явахыг эмч нар өөрсдөө зөвлөдөг.

-Эмч нар өөрсдөө тэгж зөвлөж байгаа бол явахаас өөр аргагүй юм байна л даа?
-Тийм. Явсан нь дээр шүү гэдгийг манай эмч нар өөрсдөө зөвлөдөг. Түүнээс биш Монголынхоо эмч, эмнэлгийг голоод, эсвэл худлаа баашилсандаа гадагшаа яваад байгаа юм биш шүү гэдгийг ойлгооорой.

– Цаашид хичнээн удаа эмчилгээнд явах ёстой вэ?
-Энэ эмчилгээ их хэцүү юм. Яг тэд эд гэж хэлэх боломжгүй. Нэг лазер эмчилгээ хийчихээд 7, 14 хоногийн дараа үр дүнг нь харна. Үүний дараа эмчилгээ ийм үр дүнтэй байна, дахиад нэг явах бололцоо байна уу гэж асууна.

-Одоо Солонгост хийлгэж байгаа лазер эмчилгээний нэг удаагийн зардал хэдэн  төгрөг болж байна вэ?
-Нэг удаагийнх нь 3 000 000 вонн болдог. Манайхаар 5 000 000 төгрөг болно. Онгоцны билет, орчуулагч, зочид буудал гээд зардал ихтэй. Ядаж байхад танидаг хамаатан, садан Солонгост алга. Тийм хамаатан садан байвал тэднийгээ түшихсэн. Орь ганцаараа хүн хэцүү юм. Наад зах нь сорвижилтын эсрэг мөнгөлөг тос нь л гэхэд нэг удаа хэрэглэх нь 65 мянган төгрөг.
Анх түлэгдэхэд Нараа гээд эмч “Энэ их эдийн засгийн хямралд оруулдаг, хэцүү өвчин шүү” гэж хэлэхэд нь ойлгохгүй, гайхаж байсан. Гэтэл үнэхээр эдийн засгийн хямралд оруулдаг өвчин гэдгийг одоо л ойлгож байна. Дээрээс нь бүтэн жил ажилгүй суулаа.

-Алдармаа амласнаараа эмчилгээг тань зуун хувь дааж чадаж байгаа юу. Ер нь чамд хэдэн төгрөг өгөх ёстой вэ?

-Солонгост эмчилгээнд ороход зардал тэдэн төгрөг болно гэж цаад талаас нь заадаггүй юм билээ. Эмчилгээгээ хийсний дараа “за эмчилгээний чинь зардал тэдэн төгрөг боллоо” гээд тасалбар гаргаад ирдэг.
Алдармаагийн гэрийнхэн анхны эмчилгээнд явахад 10 сая төгрөг өгсөн. Хоёр дахь эмчилгээнд 3 сарын 26-наас 4 сарын 14-нийг хүртэл явахад мөнгө өгөөгүй. Одоо гурав дахь эмчилгээндээ 5 сарын эхээр явна. Эдгээр эмчилгээний зардалыг өгөх байх гэж бодож байна. Яагаад гэвэл өөрсдөө зардалыг чинь зуун хувь даана гэсэн амлалт өгсөн.

-Гэхдээ тэр хүнд үеийн өвдөлт, тарчлааныг үгээр илэрхийлж, мөнгөөр хэмжих аргагүй шүү дээ?
-Эцэг эхээс эрүүл саруул төрчихөөд алаг эрээн болсондоо дотроо харамсаж явдаг л юм. Түлэгдсэн хэсгээ наранд гаргаж болохгүй, наранд гаргавал хар алаг болно. Ер нь зовлон ихээ их.

-Өөрөө урлагийн хүн. Наад зах нь дандаа хүзүү, цээж тагласан битүү хувцас өмсөхөөр болж байна. Урлагийн хүний хувьд ч, эмэгтэй хүний тухайд ч харамсалтай?
-Тийм ээ. Заримдаа ч гутарна. Хааяа энэ миний хувь тавилан юм байлгүй дээ гэж бодно. Хүн сайн сайхан юм бодож явахад буянаараа болох байлгүй дээ.

-Хүзүү нь таталдаад, гилжгий болох магадлалтай гээд байсан. Тэр нь гайгүй болж байна уу?
-Овоо болсон. Дараа дараагийн эмчилгээгээр бүр сайхан болох байх.

-Шүүхээр та хоёрыг эвлэрүүлсэн байх. Гэхдээ хүн ёсоор чин сэтгэлээсээ эвлэрч чадсан уу?
-Мэдээж бид хоёр тодорхой хэмжээгээр эвлэрсэн. Эмэгтэй хүмүүс болохоор та ингэсэн, чи тэгсэн гээд маргаан бол тасралтгүй үргэлжлэх юм билээ. Би ярихаар өөрийнхөө зөв болгодог, Алдармаа ярихаараа бас л өөрийнхөө зөв болгож ярьдаг. Энэ эцэс төгсгөлгүй маргааныг эгч хүний хувьд зүгээр л хаяхаар шийдсэн. Гэвч яг хэнийх нь зөв болохыг бурхан тэнгэр мэдэж байгаа гэж бодож байна.

-Гэхдээ яаж ч хэрэлдсэн нэгийгээ шалз түлж, дээрээс нь буцлам халуун ус асгадаг нь л буруу байхгүй юу?
-Гавьяа байгуулсан биш олны нүдэн дээр байдаг урлагийн хүмүүс байж ийм ичгэвтэр байдалд орсондоо үнэхээр харамсаж байна. Нэр хугарахаар яс хугар гэгчээр муу юм хурдан ч тархдаг юм байна. Одоо ч хүмүүс тэр үеийн үйл явдлыг надаас асуудаг, асуухгүй байхын ч аргагүй байх л даа. Тэр болгоныг хүн болгоны чихэн дээр очоод тайлбарлаад байлтай биш. Бид хоёрын хувьд аль аль нь эвгүй байдалд ороод өнгөрлөө.
Миний хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд ганц бие эмэгтэй хүний зовлонг үнэхээр амссан. Сайхан ханьтай байсан бол халамжлуулаад, дэмтэй байхсан даа гэж бодож байлаа. Урьд нь ажил, гэр гээд завгүй явсан болохоор ганцаардал гэдгийг тоодоггүй байж. Хажуу хавиргын хүмүүс хань ижилтэй болооч ээ, хөгшин авгай боллоо гэдэг л байсан болохоос биш нээрээ би хань ижилтэй болъё гэж бодож байгаагүй юм байна.
Хамгийн хүнд үед би сахиуртай байх хэрэгтэй байлаа. Аргагүйн эрхэнд 70 хүрч байгаа хөгшин  ааваараа сахиулж, өмдөө татуулаад хэвтэж байхдаа л хамгийн хэцүүг мэдэрч байсан. Уучлаарай энэ үеийг бодохоор өөрийн эрхгүй нулимс асгараад байдаг юм /уйлав/.

-Амьдралын тань хүнд үе болохоор нэг хэсэгтээ л сэтгэл санаа тань шокноосоо гарахгүй байгаа байх?
-Тийм ээ. Үнэхээр хүнд үеийг тууллаа.

-Амь насанд аюултай байснаа бодвол одоо сорвиныхоо эсрэг тэмцэж байгаа нь том ялалт шүү?
-Тэгэлгүй яах вэ. 50-иас дээш хувь түлэгдвэл үхэлд хүрдэг гэсэн. Миний биеийн 31 хувь нь түлэгдсэн. Амь насанд аюултай, хүнд гэмтэл гэж оношлогдсон. Энэ нь дотор эрхтэнд хор хөнөөлтэй, бөөрний дутагдалд орох магадлалтай, уураг алдагдах аюултай юм билээ.

-Гэтэл шүүх хурлын үеэр Алдармаагийн өмгөөлөгч нь “Түлэнхийд дотор эрхтэн ямар хамаатай юм бэ, уураг ямар их авч хэрэглэсэн юм бэ” гэж байсан. Өвчтэй хүний өөдөөс ийм ухаангүй үг хэлдэг хүн бас байдаг аа гэж бодогдож билээ?
-Яг тэгж хэлсэн. Тэгж хэлэхэд нь миний дотор чичрээд л явчихсан. Би ямар нэгэн заль хэрэглээгүй. Уураг авч хэрэглэхийг эмч нар зөвлөсөн. Гэтэл тэр өмгөөлөгч уургийг ямар олноор авч хэрэглээ вэ гэж доромжилж байсан. Өөрийн хүнээ өмгөөлж байж болно, гэхдээ түлэнхийн өвчинг судлаасай, энэ аймаар өвчиний хор уршигийг ухаарч, ойлгоосой гэж бодсон.
Түлэнхийн төвийн эмч нар бүхий л хүчтэй, сайн эм тариаг гаднаас авахуулдаг юм билээ. Гаднаас тийм эм, тариа, тос авах боломжтой юу гэж асуудаг. Ганцхан удаа дусалд хийх тариаг л 130 мянган төгрөгөөр авч байсныг санаж байна. Мэдээж хүн амьд үлдэж, эрүүл саруул болохын тулд бүх байдгаа л зориулна шүү дээ.
Хүн хүний өмнөөс ярьдаг, хүн хүний өмнөөс таавар тавьдагаа л больчихмоор санагдсан. Нэгэнт миний биеэр өвдөөгүй, миний туулсныг туулаагүй байж бүхнийг мэддэг мэт ярьдагаа л болих хэрэгтэй.

-Тэгэлгүй яах вэ. Өвдөнө дээр нь хардуулна, доромжлуулна гэдэг хэцүү шүү дээ. Гадны янз бүрийн дарамтууд их ирж байсан гэж сонссон?
-Намайг маш ихээр доромжилж байсан. Танихгүй дугаар юм уу, дугааргүй утаснаас дуудлага ирнэ, эсвэл мессэж өгнө. Хүүхэд гаргадаггүй сувай эм, амилсан шулам, эх хүнийг шоронд орууллаа гээд л. Өвчиний хажуугаар ийм их дайралт, зовлонг би ижий, аав, найз нарынхаа хүчээр л давж гарсан. Аз болоход би их олон сайхан найзтай юм билээ.

-Ямар муухай юм бэ. Хэн тэгж дайрч байгаа юм. Алдармаагийн талаас уу?
-Мэдэхгүй.  Эцсийн бүлэгт би өөрөөр ярьвал ярина. Тийм нинжин, ариухан сэтгэлтэй эх хүн юм бол хүний дээрээс буцалсан халуун ус асгаж байхдаа юу бодож байсан юм бэ. Би ярьвал ярих л байсан. Гэсэн ч би тэвчээртэйгээр эмчилгээгээ хийлгэж, дахин амьдралдаа эргэж ирэхийн төлөө зүтгэсэн.

-Хүнийг санаатайгаар тарчлаан зовоож, амь насанд нь халдах гэсэн хүнийг л амилсан шуламтай зүйрлэж болох байх?
-Мэдэхгүй дээ.

-Алдармаа өдгөө тэнсэн авсан. Бүтэн долоон жилийн ял авч болох байлаа. Тэр ялаас нь чөлөөлж өгөөч гэж шүүхийн байгууллагаас өөрийг тань гуйсан гэж сонссон юм байна? 
-Би амьдралдаа анх удаа шүүх, цагдаагийн хаалга татаж үзлээ. Шүүхийн танхимд микрофон байдаг юм билээ. Тэр микрофоныг тайзан дээр барьж байснаас биш шүүхийн танхимд ярина гэж бодож явсангүй. Гарч чичрээд, хоолой сөөнгөтөөд аймаар байдаг юм байна.
Би шүүхийн байгууллагаас Алдармаагийн ялыг тэнсэн болгож өгөөч, гомдолгүй байна гэж гуйсан нь үнэн. Алдармаа ч шүүхийн өмнө надаас уучлалт гуйсан. Зарим хүмүүс намайг энэ амилсан шулам, сувай эм учраас үр хүүхэдтэй хүнийг шоронд хийх гэж байна гэж бодсон байх л даа.
Би эмэгтэй хүн шүү дээ. Алдармаагийн хүүхдийг нь бодсон. Анхнаасаа би Алдармаагаас намайг эмчлүүлж өгөөч ээ л гэж хүссэн. Түүнээс нэгийгээ шоронд оруулахыг хэн хүсэх билээ. Надад хурааж хуримтлуулсан юм байсан бол яая гэхсэн. Даанч бололцоо байгаагүй, хоёрдугаарт Алдармаа намайг ийм болгосон юм чинь хариуцлагаа үүрч, эмчлүүлэх ёстой.
Гол нь Алдармаа энэхүү явдалд хариуцлагагүй хандаж, асуудлыг удаашруулсан. Хуулийн байгууллага бол хуулийн байгууллага. Анхнаасаа намайг түлсэн асуудлаа ухамсарлаж, эмчилгээг маань хийлгээд явсан бол заавал шүүх цагдаа гэж явах шаардлагагүй байсан.

-Юу гэсэн үг вэ. Алдармаа чиний эмчилгээнд анхнаасаа анхаарсан бол хуулийн байгууллагад мэдэгдэхгүй, чимээгүй хоорондоо зохицож болох байсан гэсэн үг үү? 
-Тийм. Зарим хүмүүс та хоёр яагаад заавал шүүхийн байгуулагад хандсан юм бэ, өөр хоорондоо яриад зохицож болоогүй юм уу гэдэг. Үнэндээ бид хоёрын хэн хэнд нь буруу бий. Хэн хэн нь буруутай байсан ч хэн нь ч өөрийнхөө бурууг ухамсарлаж, нэгнээсээ уучлалт гуйгаагүй. Үүний улмаас асуудал маань хүндэрч, шүүхийн байгууллагад хандахад хүрсэн.

-Үгүй мөн уужуу дотортой хүн ээ?
-Би хүүхдийг нь л бодсон. Хүүхдэд ямар ч буруу байхгүй.

-Гэвч өөрийн тань өрөвдсөн тэр эмэгтэй өнөөдөр эмчилгээний чинь зардалыг өгөхгүй луу унжиж байна шүү дээ?
-Өгөх байх гэж бодож байна. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэгчээр сайн сайхан зүйл бодож явахад бүтэж л таарна.
-Алдармаа шүүх хурлын үеэр брэндээр хувцаслаж, огт харамссан шинжгүй инээж хөхрөөд сууж байсан гэж ярих юм билээ. Тэр үнэн үү?
-Алдармаа өөрөө энэ талаар хариулт өгсөн байна лээ. “Би шүүхийг хүндэлж хувцас хунараа өмсөж ирсэн” гэж хариулсан байсан.
Миний хувьд шүүхийг хүндэлмээр байсан ч зориулалтын резинэн хувцас өмөхөөс өөр арга байгаагүй. Үс гэзэг, нүүр амаа ч янзлах тэнхэл байсангүй. Гэтэл зарим хүмүүс намайг албаар өрөвдүүлэх зорилготой байсан гэж ярисан гэнэ лээ. Би мэдээж эмэгтэй хүн аятайхан л харагдмаар байна шүү дээ. Хэн ч олны өмнө муу муухай харагдахыг хүсэхгүй.
Харин одоо бол хоёр ч удаа эмчилгээнд явлаа, нэг үеэ бодвол сэтгэл санаа сайхан болсон. Шархан дээрээ зориулалтын гялгар уут тавьж, светер энэ тэр өмсөөд, үс гэзгээ янзлаад аятайхан явж байгаа шүү.

-Нөхөрт гарч, хүүхэд ч төрүүлж үзээгүй байхад биеийг тань эрэмдэглээд хаячихлаа. Ганц олдох амьдралд харамсалтай биш гэж үү?
-Харамсалтай байлгүй яах вэ.

-Ганц бие хүний зовлонг хангалттай мэдэрлээ гэж түрүүн хэлж байсан. Одоо нөхрийн талаар юм бодож байна уу?
-Хүн хосоор амьдрах тавилантай. Би ч гэсэн хосоор амьдармаар л байна. Мэдээж би өөрөө хүсээгүйдээ нөхөртэй болохгүй байгаа юм биш. Нөхөрт гарах цаг нь болоогүй юм байлгүй дээ. Хоёрдугаарт би нөхрийг авахгүй, нөхөр намайг авах ёстой биз дээ. Эсвэл би бусдын амьдралыг үймүүлж, хүүхдийн нулимсыг үзмээргүй байна. Хэзээ хүнтэй сууж, хүүхэд гаргах нь хүний хувь тавилан.
Тэгээд ч өнөөдрийн монголд маань жендерийн тэнцвэр алдагдсан нь нууц биш. Нөхөргүй сайн, сайхан яваа бүсгүйчүүд зөндөө байна. Нөхрийг дэлгүүт зардаг бол мөнгөндөө тааруулаад худалдаад авчихмаар байдаг. Нэг их үнэтэйг нь чадахгүй, бас хямдханыг нь голох байх. Тэгэхээр түрийвчиндээ тааруулаад дундаж үнэтэйг нь авчихмаар байна. Гэвч хүний хань ижил гэдэг тийм ч амархан олддог, бүтдэг зүйл биш.
Нөгөөтэйгүүр намайг хүүхэд гаргадаггүй сувай эм гэдэг. Эцэг нь байхгүй байхад би яаж хүүхэд төрүүлэх юм бэ. Хэдий оройтсон ч гэсэн эцэг, эхтэй, халуун дулаан гэр бүлд хүүхдээ төрүүлж өсгөмөөр байна.
Зарим нэг хүмүүс эцэггүй ч хамаагүй хүүхэд гарга гэдэг. Өөрийгөө хөгширхөөс өмнө гялс хүүхэд гаргая гэхээр би хар амиа бодсон болох гээд байдаг.

-Тийм шүү. Бодож явдаг залуу ч байхгүй гэж үү?
-Одоогоор байхгүй ээ.

-Чамайг эр хүн тоохгүй байна гэж юу байх вэ. Чи л эрчүүдийг тоодоггүй байх?
-Би тийм хөөрхөн, сайхан бүсгүй биш. Мэргэжилдээ их хайртай, сайхан сэтгэлтэй, энгийн л нэг бүсгүй.
Цэцэрлэгээсээ найзалсан, 30 гаруй жил үеэрхэж байгаа найзууд ч надад бий. Тэгэхээр би өөрийгөө дажгүй ааш зантай, хүн чанартай бүсгүй юм болов уу гэж боддог. Хүмүүс зовох энэ үедээ л найз нөхдөө шүүж аваарай гэж байсан. Надаас нэг ч найз шүүгдэж, алга болоогүй. Бүгд миний дэргэд байсан.

-Ямар гоё юм бэ. Тэгвэл чи үнэхээр найз нөхдөөр баян хүн юм байна. Одоо ер нь гарч орж байна уу?
-Гарч, оролгүй яах вэ. Найзуудынхаа төрсөн өдрөөс эхлээд урилгад дарагдаастай явна.

-Нэг хэсэг нойргүйтээд байна гэсэн юу болсон бэ?
-Одоо сайхан болсон. Эм ууж унтдагаа больсон.

-Сониноос саяхан кинонд тоглосон гэсэн. Уран бүтээлдээ эргэн ороо юу?
-Гуниж, гутарч, уйлж, дуулж явтал нэг л мэдэхэд нэг жил өнгөрчээ. Тэгтэл цагаан сарын дараахан киноны санал ирсэн.
“Оюунлаг” продакшнын Отгоо, Сэрээ гэдэг хоёр дүүдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл намайг хүнд хэцүү үед уран бүтээлдээ урьж, өөртөө итгэх итгэлийг минь сэргээн, цаашдаа ихийг хийж бүтээх урам хайрласанд нь баярлалаа гэж хэлье. Мөн бүтэн жил цалингүй явахад цалинг өгч, олны дунд дахин авч ирсэнд дүү нартаа маш их баярлалаа.

-За би ч бас баярлаж байна. Ингэхэд ямар нэртэй кино вэ?
-“Хуримын сюрприз” гэдэг кино. Энэ кинонд би зургийн даргаар мөн туслах дүрд тоглосон.

-Сайхан шинэ уран бүтээл үзэхийн зэрэгцээ хэсэг хугацааны дараах Оюунтуулыг харахаар хүмүүс зорьж очих юм байна?
-Магадгүй тийм байх. Би урьд нь кинонд тоглож байснаас биш зургийг даргаар ажиллаж байгаагүй. Их хүнд ажил юм билээ. Энэ ажлаа хийхэд миний бүх найз нар надад тусалсан. Эвий дээ, анх удаа уран бүтээлдээ орж байна, энэ үед нь л тусалъя гэж хоорондоо ярьсан юм шиг байгаа юм /инээв/.
Киноны маань нээлт тун удахгүй болно. Шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзах гэж байгаадаа баяртай байна.

-Ер нь Туул цаашид ямар чиглэлээр ажиллая гэж бодож байна аа?
-Яг энэ талаар бодсон юм алга. Эхлээд эмчилгээгээ дуусгаж, аятайхан болчихоод нэг юм бодно доо.

-Хошин урлагаараа явах уу?
-Би мэргэжилдээ хайртай, хошин урлагтаа дуртай байж болно. Хамтын уран бүтээл учраас би хичнээн хүслээ ч тайзан дээр ганцаараа гүйгээд гарчихгүй. Хамт олон намайг хүлээж авах, авахгүйг шийднэ. Миний бодол, миний хүслээр шийдэгдэх зүйл биш.

-“Шинэ үе”-дээ тоглох уу?
-Үүнийг би мэдэхгүй. “Шинэ үе”-ийг удирдаж яваа Ариунболд захирлын шийдэх асуудал. Түүнээс би өөрөө татгалзаад, өөрөө зугтаж гүйгээд байгаа юм биш.

-Тэгвэл тайзан дээр гарахад бэлэн болсон уу?
-Одоохондоо бэлэн болоогүй байна. Эрүүл биед саруул ухаан оршино гэгчээр эхлээд эрүүл болоодохъё.

-“Шинэ үе”-ийнхэнтэйгээ холбоотой байгаа юу?
-Холбоотой байгаа. Намайг эргэж, тойрч байсан. Эмчилгээнд явахад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн.

-Нээрээ шүүх хурлын үеэр танай хамт олон Алдармааг илүү дэмжээд байгаа нь анзаарагдсан. Адилхан хоёр хүнээ яаж тэгж ялгаж чадаж байна аа?
-Шүүх хуралд орохдоо Алдармаагийн хамт олон гэж нэрээ бичүүлээд орцгоосон гэсэн. Энэ асуудал тэдний хувийн бодол байх. Би үүнд нь гомдоллоогүй ээ.

-Үүнийг мөн л Алдармаа, Бооёо нарын амрагийн явдалтай холбон ойлгох хүмүүс олон байна. Та хоёрын маргаан ч тэдний амрагийн явдлаас үүдэлтэй юм биш үү?
-Энэ маргаан Бооёо ах, Ундармаа эгч, Шинэ үе продакшны алинтай ч холбоогүй. Алдармаа, Бооёо ах хоёрын хувийн асуудлыг үнэндээ мэдэхгүй. Бид уран бүтээлээ хийж, өдөржин, шөнөжин хамт явсан. Тийм  зүйл огт харж байгаагүй.
Намайг ч гэсэн анх урлагт ороход Хүрлээ ах, Батзаяа ахтай холбож байсан. Бүгд худлаа гэдгийг цаг хугацаа харуулж л байгаа биз дээ.

-“Шинэ үе”-ийг дагасан хэл ам дуусахгүй юм. Саяхан бас маш харамсалтай зүйл боллоо. Билгүүн маань хорвоогийн мөнх бусыг цэл залуугаараа үзүүллээ. Хараал, хар хэл ам болчихоогүй байгаа гэж бодсон шүү?
-Намайг эмнэлэгт байхад “Танай Шинэ үеийн Билгүүн өнгөрчихлөө” гэж хүмүүсээс мессэж ирсэн. Манайхан дандаа онгоцоор явдаг болохоор машины аваарт орох боломжгүй гэж бодоод би итгээгүй. Удалгүй бодитой болохыг мэдээд шоконд орсон.
Манай Бооёо ах, талийгаач бид гурав Төмөр замын 51 дүгээр сургуулийг төгссөн, төмөр замын хүүхдүүд болохоор их амь нэгтэй байсан. Бооёо ах маань ч их билэгшээдэг байлаа.
Дүүгээ өнгөрсөнд би одоо ч итгэж өгөхгүй байна. Уран бүтээлч хүний бүтээлүүд нь бичлэгээр үлдэж, олон нийтийн сувгаар гарсаар байгаа болохоор итгэж чадахгүй л байна. Миний дүү арай л эрт явчихлаа.

-Та хоёр тайзан дээр портнёр болж тоглодог байсан шүү дээ?
-Тийм ээ. Миний портнёр болж тоглодог байсан. Их хөдөлмөрч, цагийг яг барьдаг залуу байлаа. Бэлтгэлийн үеэр ганцаараа л хамгийн түрүүнд ирчихсэн байдагсан. Хүний сайн нь эрт явдаг гэдэг үнэн юм. Ядаж найз охинтойгоо гэрлээд, үр хүүхдээ үзсэн бол гээд их л зүйлд харамсаж байлаа.

-Ажил явдалд нь очсон уу?
-Тэр мэдээг дуулаад очсон. Ээж нь хэдэн жилийн өмнө өнгөрсөн юм. Аав, ах, дүүтэйгээ амьдардаг, ам бүл цөөхүүлээ шүү дээ. Гэрийнхэнийг нь хараад өр өмөрч л байлаа.

Ундармаа эгчтэй ойрд уулзав уу?

-Ундармаа эгчтэй талийгаачийн гэрт таарч уулзсан. Ажил ихтэй хүн учраас тэр болгон таарахгүй байна.

-Харин Алдармаатай таарав уу?
-Үгүй ээ. Тааралдаагүй.

-За за, ингэхэд Туул 1 ой 3 сартай түлэгдсэн хүүд туслахад олон нитйиг уриалан дуудаж байгаа гэж сонссон. Энэ ажил нь хэр бүтэмжтэй байна?
-Намайг Солонгост байхад сэтгүүлч Пүрэвхүү найз маань “Ой гурван сартай хүүхэд маш хүнд түлэгдсэн байна. Чи зургийг нэг хараадахаач. Эмчлүүлэх ямар боломж байна. Чадлаараа зөвлөөч, туслаач” гэж хандсан. Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэгчээр надад хандсан байх.
Хүүгийн зургийг хараад л миний зүрх шимширсэн. Хүүгийн гэр бүлийнхэн нь хөдөөний хүмүүс юм байна л даа. Ингээд намайг удахгүй Солонгосоос ирээд зөвлөгөө өгнө гэж Пүрэвхүү цаад хүмүст хэлсэн юм билээ.

-Тэгээд ямар зөвлөгөө өгөв?
-Хамгийн гол нь хүүгийн ээж маш тайван байх хэрэгтэй. Намайг анх эмнэлэгт хэвтэж байхад хоёр хүүхэд нас барсан. Ээж нар нь яанаа, яанаа гээд л уйлаад байвал хүүхэд эхийнхээ сэтгэлийг дагаад бие нь мууддаг. Харин ээж нь миний хүү эдгэнэ, сайхан болно гээд зоригтой байвал хүүхэд нь дагаад сэргэдэг юм гэнэ. Юм гэдэг учиртай.
Ингээд би Монголд ирээд ээжтэй нь уулзаж, урам өгье гээд зорьсон. Ээжтэй нь ч уулзаад чадахаар туслая гэж бодсон л доо. Надад аваад өгье гэсэн ч таван төгрөг байхгүй болохоор сошиол ертөнцөөр зарлаж, хэдэн төгрөг цуглуулаад өгье гэж бодсон. Би өөрөө фейсбүүк энэ тэр хэрэглэдэггүй. Пүрэвхүү маань энэ бүхнийг зохион байгуулаад ээжийнх нь дансыг олон нийтэд зарлаж, мөнгө нь шууд тийшээ төвлөрч байгаа.
Миний хувьд энэ зовлонг биеэрээ амссан болохоор олон нийтэд хандаж, хүүгийн эмчилгээнд тус болъё гэсэн юм.

-Одоо хүүгийн биеийн байдал нь ямар байна вэ?
– Эмчтэй нь уулзахад 50 хувиас дээш түлэгдсэн, яаралтай Солонгос явуулж хагалгаанд орох ёстой гэсэн. Одоо Солонгост эхний хагалгаандаа орсон, биеийн байдал нь сайжирч байна гэсэн. Гол нь ээж нь бас над шиг эмчилгээ хэд болохыг мэдэхгүй байна гэж байна лээ. Тэгэхээр монголчууд минь тэр жаахан хүүд тусалж, далайд дусал нэмрээ оруулаарай гэж уриалах байна. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэгчээр манай ард түмэн нэгнээ дэмждэг, тусалдаг болсонд нь баярлаж явдаг даа.
-Таны сайхан үйл бүхэн дэлгэрэх болтугай. Хурдан эдгэж, уран бүтээлдээ орохыг ерөөе. Ярилцлага хийх хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа.

Эх сурвалж: Times.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close