Бусад хүмүүс

ЦУС ХАРВАХААС ХАМГААЛАХ ЭНГИЙН АРГА

Өдөр бүр хагас цаг явган явах нь цус харвалтаар эрт нас барах магадлалыг бууруулж, уг өвчний аюултай үр дагаврыг багасгадаг гэж РИА Новости агентлаг мэдээлсэн байна.

“Neurology” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд ингэж бичжээ.

“Биеийн идэвхитэй байдал нь тархийг элдэв өвчин, гэмтлээс хамгаалдагийг нотлосон олон баримтыг бид олж байгаа бөгөөд бидний хийсэн судалгаа ч энэ утгаар мөн адил юм. Биеийн идэвхитэй байдлын түвшин нь цус харвалтын ноцтой үр дагаварт яагаад нөлөөлдөгийг бид илүү удаан хугацаагаар ажиглаж, туршилт хийх хэрэгтэй” гэж Готенбургийн их сургуулийн (Швед) профессор Катарина Суннерхаген тэмдэглэжээ.

Биеийн эд эсүүд нутриент (биологийн идэвхит бодис) болон хүчилтөрөгчийг байнга шаардаж байдаг. Эдгээрээс олон эд эс хүчилтөрөгчгүйгээр нэлээд удаан – хэдэн арван минутаас аваад, тэр ч байтугай хэдэн цагаар байж чадах ч, эцсийн дүнд хүчилтөрөгчийн хомсдол нь митохондри, эсийн “цахилгаан станц” эвдрэх зэрэг бусад бусад гэмтэлд хүргэж, ингэснээр эсүүд олноороо үхдэг байна.

Энэ утгаар тархины эсүүд хамгийн эмзэг бөгөөд хүчилтөрөгчийн дутагдал нь бүр хэдхэн минутын дараа маш ноцтой үр дагавар үүсгэж, энэ нь эргэлт буцалтгүй шинжтэй болдог байна. Цус харвах үед ч, мөн тархины судасны үйл ажиллагаа ноцтой доголдох үед ч иймэрхүү өөрчлөлт гарч болно.

Суннерхаген болон түүний хамтран ажиллагсад их сургуулийн эмнэлгийн цуглуулсан мэдээ баримтыг судлан, цус харвалтын хамгийн ноцтой үр дагавраас хамгаалах энгийн аргыг олжээ.

Сүүлийн жилүүдэд цус харавсан болон нөхөн сэргээх ээлж эмчилгээ хийлгэсэн барагцаалвал 2300 өвчтөн энд ирсэн байна. Эмч нар эмчлүүлэгчдийн тархи болон гар, хөлний үйл ажиллагааг сэргээхийн сацуу, тэдний хоолны дэглэм, амьдралын хэв маяг болон тархины судасны үйл ажиллагааны асуудалтай холбоотой байж болох бусад хүчин зүйлийг тогтмол судлаж байжээ.

Тийнхүү бүхэлдээ биеийн идэвхигүй, суугаа байдал нь цус харвалтын хамгийн хүнд хэлбэр тусах гол эрсдэл болж байжээ. Ийм хүмүүс нь тогтмол дасгал хийж байсан хүмүүсийг бодвол, тархинд цус харвах эрсдэлд дунджаар 1,2 дахин их орж байсан байна.

Эмч нарын хэлснээр, явган алхах болон биеийн хөнгөн дасгал хийхэд долоо хоногт ойролцоогоор дөрвөн цаг юмуу өдөрт хагас цаг гаргавал, цус харвалтын олон сөрөг үр дагавраас сэргийлж болох ажээ.
С.Инда

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close