Улс төрчид

О.Баасанхүү: Өнөөдөр толгой сайтай хүмүүс бүгд хоригдож байна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжив.

Энэ төсөл нь Ардчилсан хувьсгалын анхдагчдад сар бүр мөнгөн тусламж олгох, дотоодын рашаан сувиллын эрхийн бичгийн үнэ, ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа олгох, орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулж жилд нэг удаа тусламж олгох, өөрийн өмчлөлийн орон сууцгүй Ардчилсан хувьсгалын анхдагчдад нэг удаа нэг өрөө байр эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгох тухай юм.

Хуралдааны үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ардчилсан намд атаман хэрэгтэй болохоор С.Эрдэнийг авсан байх. Жинхэнэ ардчиллын алтан хараацайнууд гудамжинд явж байгаа шүү. Түүнээс биш мэдлэг боловсролтой, толгой сайтай гэж аваагүй байх. Харин өнөөдөр толгой сайтай хүмүүс нь толгой дараалан хоригдож байна. Энэ төсөл чинь зөвхөн өөрийнхөө таньдаг хүмүүст дэмжлэг өгөх гэж байгаа юм шиг ойлголт төрүүлж байна. Энэ хүмүүст дэмжлэг үзүүлэхэд агуулгын хувьд буруу зүйл байхгүй. Харин анхдагчид гэж хэнийг хэлээд байгаа юм бэ. Ардчилсан холбооны гишүүдийг хэлээд байгаа юм уу, Ардчилсан намын гишүүдийг хэлээд байгаа юм уу” гэв.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачилсан бөгөөд тэрбээр “О.Баасанхүү гишүүн аливаа асуудлыг болохгүй, сөрөг талаас нь ухаж гаргаж ирэхдээ гарамгай хүн. 1990 оны дөрөвдүгээр сарын 27-ноос өмнө ардчилсан хувьсгалыг зохион байгуулж байсан таван холбоо, тухайн үеийн эрх баригч нам, сөрөг хүчний намуудаас ардчилсан хувьсгалд оролцож байсан хүмүүсийг тодорхой шалгуураар хамруулна гэж тусгасан. Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож байсан хүмүүс буюу тухайн үед ямар нэгэн тодорхой үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс хуульд хамрагдах юм. Түүнээс өнөөдөр тэр хүн баян байх эсвэл ядуу байх нь огт хамаагүй. Халхын голын дайн Монголын ард түмний бүх нийтийн дайн байсан. Гэхдээ дайнд зэвсэг барьж цусаа асгаруулж оролцсон хүмүүст төр онцгой анхаарлаа хандуулдаг. Үүнтэй л адил ардчилсан өөрчлөлтийг авч ирэхэд үүрэг хүлээж байсан хүмүүс энэ хуульд хамрагдах болно” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close