01:01 am - Thursday 17 April 2014

Гоо сайхны үйлчилгээг хийлгэхдээ анхаар

By newsworld - Thu Dec 01, 3:11 am

Сүүлийн үед эмчилгээний болон гоёлын гоо заслын чиглэлээр эмчилгээ үйлчилгээ явуулдаг газруудын тоо нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ хүн амын дунд ялангуяа залуучуудын дунд халдварт гепатитийн тархалт ихэсч байгаа юм. Энэ нь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн, эмнэлгийн бус нөхцөлд арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулах үйлчилгээ хийлгэсэнтэй холбоотой юм. Тухайлбал, ХӨСҮТ-ийн 2005 онд хийсэн вируст гепатит В, С вирусын өвчлөлийн байдалд хийсэн судалгаанаас үзэхэд судалгаанд хамрагдагсдын 15.9 хувь нь гоо сайхны ямар нэгэн үйлчилгээ, тухайлбал шивээс, цоололт хийлгэсэн байна.
Гоо сайхны үйлчилгээ үзүүлж буй газруудад хийсэн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл хангагдаагүй, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулснаас эмчилгээ үйлчилгээ нь стандартын дагуу бус, улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, тариа хэрэглэх, эмчилгээ, үйлчилгээнээс гарч буй халдвартай болон хурц ирмэгтэй хаягдал болох зүү, нэг удаагийн багаж хэрэгслүүд нь ахуйн хогийн цэгт хаягддаг зэрэг ноцтой зөрчлүүд илэрч халдварт өвчнийг дамжуулан тараах эрсдлийг бүрдүүлж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Уг нь “Эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 5604:2006 стандартын 5 дугаар бүлэгт зааснаар “… батга цэвэрлэх, шивээс, цоололт хийх зэрэг үйлдлүүдийг арьс гоо заслын эмч гүйцэтгэнэ” гэсэн заалт байдаг. Гэтэл энэ заалтын хэрэгжилт хангагдахгүй өөрөөр хэлбэл дурын гоёлын гоо сайхны газруудад дээрхи үйлдлүүдийг хийдэг зөрчил байсаар байгаа аж.

Тиймээс гоо сайхны ямар нэгэн үйлчилгээ, ялангуяа арьс салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулах үйлдэл бүхий үйлчилгээ /шивээс, чих цоололт болон гоо сайхны мэс ажилбарууд/ хийлгэхийг хүсч байгаа бол шийдвэр гаргахын өмнө дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Үүнд, арьс салст гэмтээх үйлдэл бүхий үйлчилгээ нь ямар нэгэн халдварын эрсдлийг дагуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Тухайлбал, ариутгаагүй зүү тариур, хямсаа, зүүлт чимэг, бохирдсон будагч бодисоор вируст гепатит В,С, ХДХВ зэрэг цусаар дамжих халдвар дамжих эрсдэлтэй. Мөн нянгийн болон хүнд металлын харшил, сорви үүсэх зэрэг хүндрэлүүд гардаг байна. Түүнчлэн гоо сайхны мэс заслын үйлчилгээ нь залуу насыг хэвээр нь үлдээх бус зөвхөн хойшлуулдаг аж.

Үүнээс гадна гоо сайхны үйлчилгээ хийлгэх газрыг үнэ хямдтайг харж бус тусгай зөвшөөрөлтэй /эмчилгээний гоо заслын газрууд тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг/, ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангасан, мэргэжлийн эмч, ажилчдаар хангагдсан эсэхийг юуны өмнө харж зөв сонголт хийх нь зүйтэй.

Мөн хийлгэх гэж буй үйлчилгээ тань ямар үнэ тарифтай байгааг харахаас гадна ямар эрсдэл дагуулж болох, ямар хүндрэл гарч болох, насны хязгаарлалт, үйлчилгээний дараа мөрдвөл зохих зүйлсийг асууж тодруулах, хийлгэх үйчилгээнийхээ технологийн карт буюу технологийн горимтой танилцаж мэдээлэл авсныхаа дараа үйлчилгээ хийлгэхийг анхааруулж байна.

Үүнээс гадна үйлчилгээнд хэрэглэж буй бодис, бэлдмэл, эм тариа, багаж хэрэгсэл, материалын талаар тухайлбал, ямар үйлчилгээ үзүүлэх, хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн, хадгалалтын хугацаа, нэг удаагийн хэрэглээнийх эсэхийг нэрэлхэлгүйгээр асуух, өөрийнхөө харшилдаг эм, тариа, бодис зэргийг хэлж өгөх, үйлчилгээний дараа дагаж мөрдөх дэг журмыг хугацаанд нь зөв нарийн баримтлах хэрэгтэй юм байна.

  • 0 Comments

  • Fatal error: Call to undefined function the_ratings() in /home/humuuvbw/public_html/wp-content/themes/humuusmn/lib/hooks.php on line 512