09:58 pm - Thursday 21 August 2014

Ардчиллын “Анхны 13″ хаана явна?

By newsworld - Mon Dec 05, 1:49 am

Монгол улсад ардчилсан хөдөлгөөн өрнөөд даруй 23 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.
Иймээс ардчилсан хөдөлгөөний үйл явцад анхнаас нь манлайлан оролцсон хүмүүс одоо хаана юу хийж явна вэ? гэсэн асуултыг тавьж эрэл сурал хийлээ.
Нэн ялангуяа олны дунд “Ардчиллын алтан хараацай” -нууд гэгддэг асан МоАХ-ны зохицуулах зөвлөлийн анхны 13 гишүүн ямар алба эрхэлж, хэрхэн амьдарч буй нь та бүхэнд сонин байх буй за.

 1.Ц.Элбэгдорж

“Улаан-Од” сонины сурвалжлагч байх үедээ МоАХ-ны зохицуулах зөвлөлд байсан тэрээр 1992,1996,2008 онуудад УИХ-д сонгогдсон.
УИХ-ын дэд даргаар 1, Монгол Улсын Ерөнхий сайдаар 2 удаа ажилласан.
Ерөнхий сайдын албанаас 1998 онд чөлөөлөгдсөнийхөө дараа УИХ-ын чуулгандаа суулгүй Англи хэлний курст сурч байсныхаа хэргийг гаргаж АНУ-д Харвардын их сургуулийн дээд курс төгссөн.
Сертификатных нь сэдэв нь : “Төр ба олон нийтийн харилцаа буюу PR”.
2008 онд АН-ыг удирдан сонгуульд оролцсон ч ялагдсан. 2009 оноос Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Эхнэр нь “Хорт Хавдрын эсрэг” сантай. Хүүхдүүд нь АНУ-д суралцаж буй.

2. Э.Бат-Үүл 

Хөвсгөлийн Ренчинлхүмбэ суманд Физикийн багш хийж байсан тэрээр ардчилагчидаасаа анхлан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Улсын Баатар цол хүртсэн.
1996,2004,2008 онд УИХ-д сонгогдсон.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаатай байсан ч  нам дотроо Ц.Элбэгдоржид өвдөг шороодсон.
Ерөнхий сайд асан С.Баяртай үзэл бодол нэгтэй.
Эхнэр Б.Дэлгэртуяа нь “Сонор” студийн захирлаар ажилладаг. Том хүү нь газар тариалангийн бизнес эрхэлдэг бөгөөд бусад хүүхдүүд нь Европт амьдардаг.

3. Дарь.Сүхбаатар

Германы Полийн дээдээс хөөгдөн, МУБИС-д сурч байхдаа Ардчилсан Хувьсгалд оролцсон тэрээр анхны 13 дотроо “Улаан дээлт” гэдэг хочтой.
Шүлэг бичнэ.
Үндсэндээ 1990 оноос хувийн бизнес ч хийлгүй, төрийн албанд ч  огт ажиллалгүй явсаар 2008 он хүрсэн.
Гэсэн хэдий ч чинээлэг амьдралтай гэгддэг.
АН-д огт элсээгүй.
ИЗН, МоАН / С.Эрдэнээгийн/ , Эх орон-МАШСН, Монголын Ногоон Нам зэрэг жижиг намуудыг бүгдийг нь “гүйцээж”, гишүүн болж байсан.
2008 онд “Женко” Х.Баттулга Барилга, Хот байгуулалтын сайд болмогцоо Орон сууцны Санхүүжилтийн корпорацийн дэд захирлаар томилсон.

4.  Д.Энхбаатар


Сэтгүүлч мэргэжилтэй, армийн офицер байсан тэрээр “Казино” гэх хочийг нэрийнхээ өмнө зүүх болсон нь 1998 онтой холбогдоно.
1996 онд УИХ-д сонгогдсон.
Шоронд авлигалын хэргээр сууж байгаад суллагдсаныхаа дараа бизнес эрхэлж байсан бөгөөд 2006 онд тухайн үед БХЯ-ын сайд байсан  ҮШН-ын М.Сономпил яамандаа татаж, хурандаа цол олгосон.
Хожим нь Ц.Элбэгдорж найз нь Ерөнхийлөгч болмогцоо түүнд Бригадын Генерал цол хүртээсэн агаад өдгөө БХЯ-д хангалт хариуцсан чухал албанд ажиллаж байна.

5. Ц.Энхтүвшин


Сэтгүүлч мэргэжилтэй.
1996 онд УИХ-д сонгогдож байсан. Ц.Элбэгдоржоос огт салаагүй, Ц.Элбэгдорж нь ч түүнийг огт хаядаггүй.
2004-2006 оны Ц.Элбэгдоржийн  Засгийн Газарт  Үйлдвэр, Худалдааны дэд сайдаар ажиллаж байгаад  түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоных нь дараа ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар  ажиллаж эхэлсэн.

6. Д.Сосорбарам

Жүжигчин тул анхны илтгэлээ түүнээр уншуулж байсан тухай МоАХ-ныхан дурсдаг.
Албан тушаал хөөцөлдөж, УИХ-д нэр дэвшиж яваагүй ч өөрийн хувиа товхийтол авсан нь анх менежмэнтийн гэрээгээр хувьчлагдаж, өдгөө банкны оффис болон түрээслэгдэж буй “Ард” кино театр.
Өдгөө Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн бодлогын зөвлөх.  Мөн энэ хавар “ганц найзаасаа”  Төрийн соёрхол хүртсэн.

7. Б.Билэгт


“Боролзой” нэртэй НАХЯ-ы тагнуул байсан нь илэрч байсан гэх энэ эрийг “Боевик” нэрээр нь олон нийт мэднэ.
УИХ-ын гишүүн Д.Хувьтөгөлдөрийг хэвтэрт ортол нь зодож байсан, Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед нь цонхных нь доор “Танай Цолмон чинь явдалтай байсан шдээ” гэж хашгирч байсан зэрэг нь түүний алдрыг бататгадаг.
Ц.Элбэгдоржийг томоохон алба авах бүрт нь стратегийн гэж хэлж болохуйц албанд даган томилогддог учиртай.
Ерөнхий сайд байхад нь  РТХЭГ-ийн дарга, ТЕГ-ийн дарга байсан тэрээр өдгөө ҮАБЗ-ийн ажлын албаны дарга.

8. С.Зориг 

МоАХ-ы анхны Ерөнхий зохицуулагч буюу Нэгдүгээр хүн байсан түүний намтрыг бүгд мэднэ.
1998 оны 10 сарын 2-ны хар өдрөөс хойш болсон үйл явдал гэвэл дүү С.Оюун нь Иргэний Зориг нэртэй намыг байгуулж, 2000 оноос хойш тасралтгүй УИХ-д сууж байна.
Гадаад Харилцааны Сайд, УИХ-ын дэд даргын албыг богино хугацаанд хашиж үзсэн.
Ах нь С.Баяр нь саяхан Энэтхэгт суух элчин сайдаар томилогдсон.
Эхнэр болон дагавар охиных нь талаар мэдээлэл бараг үгүй.

9. Д.Баасан лам 

Монголын сүсэгтний холбоог байгуулж байсан тэрээр Монгол Ардын Намыг анх үүсгэн байгуулсан. Амьдрал нь гундуухан явсаар МАХН нэрээ солих үед гэнэт гарч ирсэн.
Улмаар МАХН-д элсэж, нам нэрээ сольсных нь дараахан  учир битүүлгээр амь насаа алдсан.
Эхнэр нь түүний үхэл улс төрийн аллага байсан хэмээн мэдэгдсэн нь буй.

10. Д.Нинж

Нэртэй дипломатчийн хүү тэрээр сэтгүүлч мэргэжилтэй.
АН-д элсээгүй, тодорхой албан тушаал хашиж яваагүй.
БНН, МоАН-аас  УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан.
Өдгөө С.Зоригийн аллагад Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарыг  холбон, гүтгэсэн хэргээр шоронд хоригдож байна.
Сүүлийн үест Н.Энхбаяртай нийлсэн, шинээр байгуулагдсан  МАХН гэгчийн  хяналтын хорооны гишүүн юм байна.
Ард Түмний Хянан Шалгах Хорооны дарга гэж өөрийгөө нэрлэдэг.
Эхнэр, хүүхэд нь амьдрал ядруу, гэрт амьдардаг аж.

11. С.Амарсанаа


Сэтгүүлч.
“Монцамэ” агентлагийн захирлаар ажиллаж байсан.
Одоо Нээлттэй нийгэм хүрээлэнгийн төсөлд ажиллаж байна.

12. “Малыш” Б.Энхтүвшин

МоАХ-ны дэд зохицуулагч буюу С.Зоригийн дараах гол хүн байсан гэлцдэг.
Хувьсгалын дараахан АНУ-д цагаачлан  гарсан бөгөөд 2000 онд эргэн ирж, МоАН, ИЗН,МОНАРХН зэрэг жижиг намуудыг “дамжсан”.
Ирсэнийхээ дараахан Э.Бат-Үүлтэй зодолдсон гэх хэрэгт орж байсан агаад өдгөө “Диана” дунд сургуулийн Англи Хэлний багш.
2009 оны сонгуулиар Н.Энхбаярыг дэмжиж ажиллаж байсан Л.Эрдэнэтуул нарын хэсэг нөхдийн нэг.
“Женко” Х.Баттулга нэгэнтээ :” Малыш мэтийн арчаагүй юмнуудаар пиар хийлгэж байгаа Н.Энхбаяр яаж ялах юм” хэмээн өгүүлж байсан удаатай. Гэр бүлгүй.

13. Нямсүрэн 

Барилгын мэргэжилтэй тэрээр өдгөө хувиараа хөдөлмөр эрхэлж байсан.

Дээрх анхны 13-аас гадна  анхдагчийн тоонд зүй ёсоор тооцогдох “Ардчиллын Алтан Хараацай” гэгдэж асан олон хүн өдгөө ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Шинэ Дэвшилт Холбооны Г.Батсүх, Б.Галсандорж, ” Хөлөг”-ийн Б.Алтаншанд, “Хонх”-ын С.Цогтсайхан зэргээр энэ нэрс үргэлжилнэ.

Харин Б.Жаргалсайхан богино хугацаанд Үйлдвэр, Худалдааны Сайд байсныг эс тооцвол “Буян” компаниа эрхэлсээр байна. В.Энхболд хувиараа хөдөлмөр эрхэлж буй.
Г.Бошигт, П.Нэргүй нар тодорхой эрхэлсэн ажилгүй ч  үе үе Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарыг муулах байдлаар ОНМХ-ээр гарах нь бий.
Д.Баттулга казиногийн хэрэгт холбогдон шоронгоос гарсаныхаа дараа Дулаан түгээх сүлжээний захирлаар ажиллаж байгаад одоо Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Даргаар ажиллаж байна.

М.Гал

  • 0 Comments

  • Fatal error: Call to undefined function the_ratings() in /home/humuuvbw/public_html/wp-content/themes/humuusmn/lib/hooks.php on line 512